Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 0259

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Ц.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:  Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн эрэгтэй Ц.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Т зүүн гарыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                           

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, хохирогчид хохирол төлбөрт 1.700.000 төгрөг төлсөн гэв.

-Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөөнөөс хойш архи уучихаад хамтран амьдрагч Ц.Н-тай хэрэлдэж, маргалдсан. Би Н руу урьд болсон зүйлийн талаар ярьж гомдол мэдүүлэхэд над руу уурласан. Би тэгэхээр нь цагдаа дуудна гээд цонхоор орилсон чинь Ц.Н яах гэж цагдаа дуудаж байгаа юм бэ? гэж хэлээд миний зүүн гараас татаж шатны хашлаганд дарагдаж хугарчих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх 10-11 хуудас/ “...манай байшингийн 2 давхрын шат огцом уруу учраас хальт гишгээд өнхрөөд унахад эдгээр гэмтэл үүссэн. Миний зүүн гарыг хамтран амьдрагч Ц.Н шатны хашлаганд хөшиж хугалсан. Ц.Н надад эмчилгээний зардал гэж 1.700.000 төгрөг төлсөн...” гэх /хх 12 хуудас/

-Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаартай: “...1.Д.Т-ийн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал, нүүр, баруун мөр, бугалга, шуу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн гарын атгаал ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нүүр, баруун мөр, бугалга, шуу, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

4.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй гэх дүгнэлт /хх 16-17 хуудас/

             -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-6  хуудас/

            -Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 147 дугаартай “...Ц.Н-ын биенээс авсан цусанд 2.2 промилл процент этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана. Дунд зэргийн согтолттой хүн сэтгэл санаа тогтворгүй, үг яриа, сэтгэц, явдал нь алдагдах, шүлс нь гоожих, их шээх, бөөлжих шинж тэмдэг илэрнэ...” гэх дүгнэлт /хх 19-20 хуудас/         

-Шүүгдэгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2020 оны 07 сарын 02-ны өглөө Т 08 цагийн үед тархиа боолгочихсон Х-ийн хамт орж ирсэн. Би юу болсон бэ? гэтэл Х надад хандан Т намайг эмнэлэг дээр дуудсан очиход толгойгоо боолгочихсон байсан. Тэгэхээр нь би эмнэлгээс очиж аваад ирлээ ахиж ингэж архи уултгүй юм байна гэж хэлээд Х манай гэрээс гарч явсан. Тэгээд Х-г явсны дараа Т ахиад босч орилж чарлаж эхэлсэн тамбарны цонхоор цагдаа дуудаж өгөөч намайг энд хүн алах гээд байна гэж Т гадаа явж байсан хүүхэдтэй хүүхэн рүү хэлэхээр нь би хэвтэж байснаа босч ирээд чи болиоч гэж хэлээд зүүн гарнаас татаж шатны хашлаганд гарыг нь хөшиж хугалсан. Би ч Т-ийн гарыг хугалснаа мэдээд яана гарыг чинь хугалчихлаа гэж хэлэхэд Т чи миний гарыг хугалчихлаа шүү дээ гээд орилоод гэрээс гарч зугтаасан. Удалгүй цагдаа болон түргэн тусламжийн машин ирээд түүнийг БОЭТ-н түргэн тусламжийн төв рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх 28-29 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 31 хуудас/

-Ц.Н-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 27, 28-29 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Т зүүн гарыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчид 1.700.000 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Н нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн Д.Т зүүн гарыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “...манай байшингийн 2 давхрын шат огцом уруу учраас хальт гишгээд өнхрөөд унахад эдгээр гэмтэл үүссэн. Миний зүүн гарыг хамтран амьдрагч Ц.Н шатны хашлаганд хөшиж хугалсан. Ц.Н надад эмчилгээний зардал гэж 1.700.000 төгрөг төлсөн...” гэх /хх 12 хуудас/, хохирогчийн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал  бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 495 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Ц.Н нь хохиролд 1.700.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч Д.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.                                  

            Шүүгдэгч Ц.Н нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.