Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 74

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын 3 дугаар багт оршин суух, ПЗ59080115 дугаарын регистртэй, Тольтон бургууд овогт Гонгорын Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1959 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 55 настай, эрэгтэй, Би 1975 онд Мянгад сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр гарч, Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Иймд намайг 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч Г.Эрдэнэбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Г.Эрдэнэбаатар нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Миний бие нь хөдөө мал малладаг бөгөөд ар гэрт хүн хүч байхгүй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд өмгөөлөгч М.Мандалбаярыг оролцуулан шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Нэхэмжлэгч  Г.Эрдэнэбаатар нь 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 17 тоот лавлагаа,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 46 тоот лавлагаа,

Гонгорын Эрдэнэбаатарын хөдөлмөрийн дэвтэр,

1979 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн диплом,

1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн аваргын диплом,

Гонгорын Эрдэнэбаатарын сайшаалын үнэмлэх,

1975 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08081 дугаартай тракторч, машинчийн үнэмлэх,

Гэрч Ц.Батцэндийн “...Г.Эрдэнэбаатар нь 1976 оноос 1992 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Д.Нүрзэнгийн “...Г.Эрдэнэбаатар нь 1976 оноос 1992 он дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд, 1992 оноос 1997 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Гонгорын Эрдэнэбаатарыг 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Тольтон бургууд овогт Гонгорын Эрдэнэбаатарыг 1976 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1979 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” нэгдэлд тракторын жолоочоор, 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 1994 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын “Давшилт” компанид тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ