| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0263/Э |
| Дугаар | 0270 |
| Огноо | 2020-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 0270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн Д.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Э-ны нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчтой маргалдаад баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохиж, толгой руу нь 1 удаа өшиглөсөн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Э бид хоёр хоорондоо маргалдсан. Э хүн зодсон талаараа яриад байхаар нь би чи хүүхдийн хажууд ингэж зодоон ярьж болохгүй гэж хэлсэн. Гэтэл чамд ямар хамаатай юм бэ? гэж уурлан надтай марган намайг барьж авсан. Тэгээд Э намайг баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би Э-т цохиулаад газар унасан. Намайг газар унасан хойно Э толгой орчимд маань 2-3 удаа өшиглөсөн. Тэгж байгаад би Э-ын гэрээс гарч зугтаасан. Би гэрээс нь гарсан хойноо цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 11-12 хуудас/
- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ Манай нөхөр өглөө 10 цаг өнгөрч байхад нэг найзтайгаа уулзаж ажил хийнэ гээд гэрээс гарсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад хүнд зодуулчихлаа гэхээр нь гэр хорооллын нэг айлд очиход манай нөхрийн нэг нүд нь хавдчихсан, хүнд зодуулсан байдалтай байсан. Голдуу тархиндаа гэмтэл авсан байсан. Нүд нь хавдчихсан, дух нь хоёр гурван газраа хавдчихсан байна...” гэх мэдүүлэг /хх-13-14 хуудас/
-Орхон аймгийн ШША-ны шинжээч эмчийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №472 тоот:
1. А.Э биед баруун нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун талд 3 тооны цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, толгой, цээж, зүүн гар нуруунд олон тооны зулгаралтууд бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4.Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстад доорх цус харвалт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарагдана, хүзүүний баруун талд үүссэн цус хуралт болон зулгаралтууд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байж болно. Гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5.Гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 17-18 хуудас/
-Шүүгдэгч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Э бид хоёр их согтсон байсан. Би согтуу байхдаа хүнтэй зодолдож байсан тухайгаа ярьсан. Гэтэл Эрдэнэчулуун чи хүүхдийн хажууд зодоон ярьж болохгүй гээд байсан. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ? гэж уурлан Э-тай маргалдан улмаар Э-ы баруун нүд рүү нь гараараа цохиж зодсон. Э-ыг надад цохиулаад газар унахаар нь би толгой руу нь 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 23- 24 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 329 хуудас/
-Д.Э-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22, 23-24 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Э-ы нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн А.Э-ны нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би хохирогч Э-тай маргалдаад баруун нүд рүү нь гараараа 1 удаа цохиж, толгой руу нь 1 удаа өшиглөсөн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Э “...Э намайг баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би Э-т цохиулаад газар унасан. Намайг газар унасан хойно Э толгой орчимд маань 2-3 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх11-12 хуудас/, гэрч Б.А-ын мэдүүлэг /хх 13-14 хуудас/, хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, нүдний алимны салстад доорх цус харвалт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 472 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч А.Э нь хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Э нь бусдад төлөх төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.