| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0272/э |
| Дугаар | 0272 |
| Огноо | 2020-08-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 0272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,
Улсын яллагч Н.Д
Хохирогч Г.У
Шүүгдэгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн гэртээ эхнэр Г.У-г жирэмсэн болохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 07 сарын 08-ны өдөр 13 цагийн үед манай эгч, дүү нөхрийн хамт манайд орж ирсэн чинь манай эхнэр У эгч, дүү нар руу маань муухай хараад юм дуугарахгүй байсан. Би эхнэрээ чи эдгээр хүмүүст цай аягалаад өгөөч гэхэд эхнэр маань чадахгүй, өөрөө хийж өг гэж уурласан. Удалгүй манай эгч, дүү нар аялалынхаа юм авна гээд гэрээс гараад явсны дараа эхнэр над руу орилж эхэлсэн. Бид 2 барьцалдаж байгаад эхнэрийнхээ уруулыг санаандгүй цохисон. Эхнэр уурандаа гэрээс гарч явах гээд хаалга онгойлготол манай 2 настай охин 4 давхар руу гүйхээр нь би араас нь явсан чинь хаалга хаагдсаны дараа эхнэр гал тогооны болконоор гадагшаа буугаад гараад явчихсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б миний зүүн хацар руу алгадсан, хүүхдийн машинаар нуруу руу цохисон. Угаалгын өрөө рүү үснээс чирч оруулаад толгойгоор хананд мөргүүлсэн. Намайг их зодоод байсан, гаргахгүй болохоор нь би болконоор дамжин буусан. Манайх 3 давхар, тэгээд цагдаад мэдэгдсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.
-Хохирогч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 18 цагийн үед манай нөхөр болох Б.Б-ийн эгч, дүү, дүүгийнх нь нөхөр манайд ирээд явсан. Тэгээд хүмүүс явсны дараа манай нөхөр Б.Б намайг чи миний эгч дүү нарт цай хийж өгсөнгүй гэж хэлээд зүүн хацар луу 1 удаа алгадсаны дараа хүүхдийн тоглоомын машин авч баруун гарын бугалга руу шидсэнээ хүүхдийн хуванцар сандлаар нуруу руу цохиж, өгзөг рүү хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Би зодуулчихаад гэрээс гарах гэтэл нөхөр Б намайг үснээс зулгааж газар унагааж байгаад нуруу руу 2-3 удаа өшиглөснөө угаалгын өрөө рүү чирч оруулаад хананд 2 тийш мөргүүлэхээр нь би цээжин хэсгийг нь маажаад гал тогооны өрөөний цонхоор гарч зугтаагаад өөрийн биеэр цагдаад ирж гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх 12 хуудас/
-Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 509 дугаартай: 1. Г.У биед баруун нүдний зовхи, баруун бугалга, хоёр өгзөгт цус хуралт, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт үүсчээ.
2. Г.У нь 10 долоо хоногтой жирэмсэн байна. Урагт ямар нэгэн өөрчлөлт тогтоогдсонгүй.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, нэг цаг хугацаанд үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна.
4. Баруун нүдний зовхи, баруун бугалга, хоёр өгзөгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээд уруулын гадна хэсэгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 17-18 хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7 хуудас/
- Аюулын зэргийн үнэлгээний маягт/хх 10 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 27 хуудас/
-Б.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 23, 24-25 хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Б нь эхнэр Г.У-г жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь эхнэр Г.У-г жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр миний эгч дүү нарт цай хийж өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн хохирогч Г.У-гийн “Б миний зүүн хацар руу алгадсан, хүүхдийн машинаар нуруу руу цохисон. Угаалгын өрөө рүү үснээс чирч оруулаад толгойгоор хананд мөргүүлсэн. Намайг гаргахгүй болохоор нь би болконоор дамжин буусан. Манайх 3 давхар, тэгээд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг, хохирогчийн биед баруун нүдний зовхи, баруун бугалга, хоёр өгзөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон 509 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирогч Г.У шүүх хуралдаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, хохирогч гомдолгүй гэж байгаа зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдах нь зүйтэй.