Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 39

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 04-06 тоотод оршин суух, ПЮ59120477 дугаарын регистртэй, Шарнууд овогт Жүгнээгийн Цэдэнбалын нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэдэнбал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Цэдэнбал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний ажилд орсон тушаал олдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ныг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Ж.Цэдэнбал нь1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь

Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харъяа Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1994 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

1982 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 82235 дугаартай мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар,

1978 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээсэн Ж.Цэдэнбалын Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

1978 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч С.Батсүхийн “... Ж.Цэдэнбал нь 1982 оноос 1995 он хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт тоног төхөөрөмжийн цахилгаанчин мэргэжлээр ажиллаж байсан нь байсан нь үнэн...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Ганжуурын “...Ж.Цэдэнбал нь 1983 оноос 1995 он хүртэл Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Жүгнээгийн Цэдэнбалыг нь1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Жүгнээгийн Цэдэнбалыг нь1982 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Ховд аймгийн Ханын материалын үйлдвэрт цахилгаанчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ