Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2017/00044/И |
Дугаар | 55 |
Огноо | 2017-01-25 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 55
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, Олхонод овогт Осорын *******ын “Нас тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1959 онд Ховд аймгийн ******* сумын ******* ******* бригадын Шар хадны хөл гэдэг газар айлын 2 дугаар охин болон мэндэлсэн. 1-8 нас хүртлээ эцэг эхийн гар дээр өсөн бойжиж байгаад 1967 онд тус сумын бага сургуульд орж 3 дугаар анги төгсөөд ээж аавдаа туслахаар мал дээр гарсан. Миний бие нь Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад 1958 оноос 1964 онуудын төрөлтийн бүртгэлд бүртгэгдээгүйн улмаас өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд холбогдох материалуудыг үндэслээд намайг 1959 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын ******* ******* бригадад байдаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 18-нд их хэмжээний цас орсний улмаас хүрэлцэн очиж чадахгүй нөхцөл байдалд байна. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
О.*******ын төрсний бүртгэл 1958-1964 оны Ховд аймгийн ******* сумын төрсний бүртгэлд бүртгэгдээгүй тухай Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 00/001362 тоот лавлагаа ирсэн байх ба нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхэд түүнийг 1964 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хэмээн бүртгэсэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт баримтаар ирүүлсэн Архивын Ерөнхий газрын Үндэсний төв Архивын лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа, /хх-ийн 8 дугаар хуудас/, Ц.Дандарын “Бумбат Хайрханыхны ургийн сүлжээ” тэргүүн дэвтэр 2008 оны номны 211 дүгээр хуудсанд “Осорын ууган охин Бямбатогтох 1956 оны гал мичид төрсөн..., Осорын ******* 1959 оны шарагчин гахай жил төрсөн. *******ыг багийн нь өхөөрдлөөр Шонхор гэж дуудах болжээ. Шонхор, Хайрханы уугуул Пунцагийн Ганцоож гэдэг залуутай айл болсон... гэж дурдсан байх ба
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.*******, Д.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд
Гэрч Б.******* “...Би 1959 онд Ховд аймгийн ******* сумын ******* ******* бригадад нутаглаж байхад Осор гэдэг айл хамт нутаглаж байсан. 1959 оны 06 дугаар сард О.******* нь Осорын хоёр дах хүүхэд болон мэндэлсэн нь үнэн. Тухайн үед аав, ээжийн хариуцлагагүй байдлаас болж 1959 онд төрснийг нь 1964 онд төрсөн болгож, өөрийн төрсөн дүү Бээжингээс 1 насаар дүү болсон байна. Бид нэг баг, бригадад ажиллаж амьдарч байсны хувьд О.*******ыг 1959 онд төрсөн гэдгийг гэрчилж байна...” гэх мэдүүлгийг,
Гэрч Д.******* нь “...1959 онд Ховд аймгийн ******* сумын ******* ******* бригадад Осор гэдэг айл хамт нутаглаж байсан. 1959 оны 06 дугаар сард О.******* нь Осорын хоёр дах хүүхэд болон мэндэлсэн. Миний төрсөн дүүтэй нас чацуу юм. О.*******ын эцэг, эхийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж тухайн үед нь иргэний бүртгэлд бүргүүлээгүйгээс дүү нараасаа нэг дүү болж 1964 онд бүртгүүлжээ...” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.******* нь 1959 онд төрсөн бөгөөд тэрээр шүүхэд нас тогтоолгох тухай хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Осорын *******ыг 1959 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Олхонод овогтой Осорын *******ыг 1959 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн 57 настай болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдусгай.
3.Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ