| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0033/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч М.Оюунбат
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Дд холбогдох эрүүгийн 2022000110025 тоот хэргийг 2020 оны 03 сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..........оны ........сарын ......-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, .......настай, .......... боловсролтой, ..............ажилтай, ам бүл-.............. гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Ч овгийн Эгийн Д
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 12 дугаар сарын 18-аас 2019 оны 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын .... дугаар баг, Шандын ..... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн С.Бийн нүүрэн тус газар нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... 2019.12.18-наас 19-нд шилжих шөнө гэртээ халамцуу очоод эхнэртэйгээ маргалдсан. Тэгсэн хадам аав С.Б орж ирээд маргалдаад, сандал аваад шидсэн...”гэв.
2. Яллагдагч Э.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019.12.18-ны өдөр “Э” караокед найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд бага зэрэг халамцсан байсан. Шөнө 00:00 цагийн үед гэртээ ороход манай эхнэр хүүхэд, хадам аав С.Б нар унтах гээд хэвтэцгээсэн байсан. Тэгээд би орондоо орчихоод эхнэр Б.Стэй үл ялих зүйлээс болоод маргалдаж байгаад зүүн гарын харьт хэсэгт нь тохойгоороо 2 удаа нударсан. Тэгэхэд миний цээжинд гараараа цохиход хадам аав ...С.Б юу болоод, яагаад байгаа юм бэ... гэж асуухад нь эхнэр Б.С нүүрэнд нь нэг удаа алгадахад хадам аав ирээд араас бариад хорьсон. Тэгэхээр нь би танд хамаагүй гэж хэлээд өөрөөсөө холдуулахад манай эхнэр Б.С аавынхаа хажууд очоод зогсохоор нь би гэртээ байсан түшлэгтэй модон сандлыг эхнэр лүүгээ шидсэн. Тэгэхэд аав, эхнэр 2 хамт зогсож байсан болохоор хамт оносон. Яг хэнийх нь хаана нь оносон гэдгийг нь анзаарч харж чадаагүй. Тухайн үед С.Бийн баруун нүднийх нь хавьд улайж хөхөрч хавдсан байсан. Мөн ам уруул хавиас нь цус гарч байсан. Би С.Б гэдэг хүнийг нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-47-48/
3. Хохирогч С.Бийн: ‘’...Би хашаандаа хүргэнийхээс тусдаа амьдарч байгаад түр зуур гэртээ хонолгүй хүргэнийд байсан юм. 2019.12.19-ний шөнө зээ охиныхоо хамтаар гэртээ амарч байтал шөнө 00 цагийн үед манай охин Б.С ажлаасаа тараад ирсэн. Тэгээд удалгүй араас нь Э.Д ганцаараа нилээд халамцсан орж ирсэн. Тэгээд би хажуу өрөөнд нь унтсан. Б.С, Э.Д нар ч мөн унтах гэж байгаа бололтой байснаа удалгүй хоорондоо маргалдаад чанга чанга хашхираад байгаа чимээ сонсогдоод байсан. Тэгээд би яасан юм бол гэж бодоод тэдний амарч байсан өрөө рүү нь ороход охиныг Э.Д нүүр орчимд нь цохисон бололтой байсан. Тэгээд би яасан талаар асуухад охин Б.Сг нүүрэнд нь нэг удаа алгадаад надад хандаж, танд хамаагүй гээд миний нүүр орчимд гараараа хальт цохиод өнгөрсөн. Тэгэхээр нь би уурлаад бөгс орчимд нь хөлөөрөө зөөлхөн өшиглөсөн. Тэгсэн манай хүргэн Э.Д уурлаад түшлэгтэй модон сандлын түшлэгнээс нь аваад надруу шидэх гэхээр нь би сандлыг нь булааж авах гээд зууралдаж байгаад сандлых нь хөлөнд оногдчихсон. Сандлын хөл нь миний баруун нүд орчимд оносон. Тухайн үед миний баруун нүдэнд цус хурсан байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22, 64/
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 14 дугаартай “...С.Бийн биед зовхи, уруул, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, зовхи, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-33-34/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/
6. Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-58/
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сандал болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч С.Б нь 2019 оны 12 сарын 18-19-нд шижих шөнө бусдад зодуулсан, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд зовхи, уруул, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацар, зовхи, уруулд зулгаралт гэмтэл” учирсан байсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч С.Бийн эрүүл мэндэд учирсан дээрхи гэмтлүүдийг 2019 оны 12 сарын 18-19-нд шилжих шөнө шүүгдэгч Э.Д учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2019 оны 12 сарын 23-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.Д нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хадам аав С.Бийнхөө эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн боловч түүний үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Д нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болох нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Д нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.
Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.Дд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Э.Д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь хохирогч С.Бөд төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 22, 80-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар түшлэг нь 81 см, давцан нь 33 см өндөртэй, давцангийн өргөн нь 37*43 см хэмжээтэй бор шаргал өнгийн түшлэгтэй модон сандал хураагдаж ирсэн бөгөөд эзэмшигч Б.С уг сандлыг буцааж авахгүй гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ч овгийн Эгийн Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овгийн Эгийн Дд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан түшлэгтэй модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ