| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0039/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2020-04-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мид холбогдох 2022000780026 тоот хэргийг 2020 оны 03 сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... сарын ......-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, .......настай, ............ боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .......... тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Бгэв.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 2020 оны 02 дугаар сарын 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын..... дүгээр багийн нутаг “Т” гэх газарт оршин суух Ц.Б гэрээс түрийвч, иргэний үнэмлэх болон бэлнээр 1.370.000 төгрөг хулгайлж, нийт 1.405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна...” гэв.
2. Шүүгдэгч Б.М мөрдөн бацаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би Өлзийт сумын .....-р багт байх Б гэдэг айлд хүүгийнх нь малыг маллах гэж очсон юм. Тэнд 2-3 хоног малыг нь малласан. Б гэдэг хүн Өлзийт сум явж ирээд надад 0.75 литрийн архи өгсөн. Тэр архийг бид 2 хувааж уугаад Б өвгөн унтаад өгсөн. Тэгээд би хүрэмнийх нь халаасанд байсан хүрэн өнгийн түрийвчтэй мөнгийг аваад гадаа байсан мотоциклийг унаад Өлзийт сумын “Х” гэх газарт очоод мотоциклио орхиод автобусанд суугаад аймгийн төв орж ирсэн. Аймгийн төвд байдаг О гэдэг найзындаа өглөө үүрээр очоод дэлгүүр онгойхоор 0.75 л Хараа нэртэй архи 2 шилийг, бас пиво авч О-той хувааж уусан. Тэр өдрөө хотруу жижиг машинтай явсан. Нэг мэдсэн дүү Бгийнд унтаж байсан. Тэгээд дүү Бгаар аймагт хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-50/
3. Хохирогч Ц.Б “...2020.02.07-ны өдөр би Өлзийт сумын төв орж ирсэн. Манай малыг Б.М харж байсан. Намайг явахад Б.М нэг шил архи захисан юм. Би ирэхдээ захисан архийг нь авч ирэхэд Б.М задлаад уусан. Надад нэг, хоёр удаа өгсөн. Архиа уугаад дуусахаар нь би унтая гээд Б.Мийг бас унт гээд унтсан. Өглөө сэрээд харахад Б.М байхгүй байсан. Мөн миний түрийвч бас мотоцикл байхгүй байсан. Босоод байж байтал Баатар адуундаа явж байна гээд манайд ирсэн. Тэгэхдээ “Б”-ийн зүүн хошуунд нэг мотоцикл байна гэж хэлсэн. Би өөрийн зээ болох Б, Р нарыг яваад үзээд ир гэсэн. Тэр миний мотоцикл мөн байсан тул 2 хүү унаад ирсэн. Мийг манай хүргэн Нынд ирчихсэн байхаар нь хонь хараад өг гэж гуйсан юм. Тухайн үед миний хэтэвчинд 1.377.000 төгрөг байсан. Мийн дүү нь миний том охин Б-т өгсөн байсан. Миний мотоциклийг унаад зам тосоод автобусанд суусан юм шиг байсан. Миний мотоциклд ямар нэгэн гэмтэл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, би бүх хохирлоо төлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-32-33/
4. Гэрч Ц.Бийн: “...Өнөө өглөө буюу 2020.02.08-ны өглөө манай дүү Б утсаар яриад ...өчигдөр манай гэрт аавтай хамт хоносон М гэх хүн бэлэн 1.370.000 төгрөг хулгайлаад шөнө явчихсан байна. Аавын мотоциклыг унаж яваад “Х” гэх газар буюу Өмнөговь аймгийн Манлайгаас автобус явдаг замын дэргэд хаясан байна... гэж ярьсан. Тэгээд би аймгийн төв дээр байсан болохоор цагдаад дуудлага мэдээлэл гаргаж байна. Тухайн алдагдсан мөнгө миний мөнгө байгаа юм. Өчигдөр манай аав Өлзийт сумын төв рүү явж Төрийн банкнаас 7.000.000 төгрөгийн зээл аваад 5.000.000 төгрөгийг надруу шилжүүлсэн. Бусад мөнгөнөөс аав хэрэглээд үлдсэн 1.370.000 төгрөгийг намайг ирэхээр өгөх гээд бэлнээр байлгаж байсан юм. Мөнгө хаана байсан талаар дүүгээсээ асуухад гэрт манай аавын куртикны халаасанд байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-39/
5. Гэрч Б.Дгийн: “...2020.02.08-ны өглөө аймгийн зүүн урд байдаг өвс фондны манаач Орго гэж хүний гэрт очиход М архи уучихсан сууж байсан. Намайг тэдний гэрээс гарахад М би дөхөөд бууя гэсэн. Тэгээд би сундлаад Хайрхан дэлгүүр орж архи, тамхи авсан. Тэгсэн М “та надад юнителээс утасны дугаар аваад өгөөч” гэж хэлсэн. Бид 2 явган яваад өөрийнхөө нэр дээр 88660353 гэсэн дугаар авч өгсөн. М хот орно гээд нэг машинд суугаад ...ганцаараа явна, тохироод мөнгийг нь өгнө... гэж хэлж байсан. Намайг тэр машинтайгаа Х дэлгүүрийн үүдэнд хүргэж өгөөд хот явлаа гээд явсан. “Надад мөнгө байна, 900.000 төгрөг байна” гэж М хэлж байсан. Х дэлгүүрээс архи, тамхи авахад нь би мөнгийг нь харсан. Түрийвч дотроо хоёр хэсэг болгоод резинээр боосон 10.000 төгрөгийн дэвсгэртүүд байсан...’’ гэх мэдүүлэг /хх-23/
6. Гэрч Ч.Бгийн: “...2020.02.08-ны 7 цагийн үед манай ажил дээр Б.М согтуу ирсэн. Тэгээд би гэрлүүгээ дагуулж яваад манай гэрт хоносон. Шөнө дунд гадагшаа гарч яваад өглөө ирсэн, ухаангүй согтуу байсан. Дундговь аймгаас манай ах надруу утсаар залгаад “М танайд очсон уу” гэхээр нь би манайд байна гэхэд ...хулгай хийчихжээ, Дундговь аймагт аваад ир... гэсэн. Тэгээд би 2020.02.09-ний өдөр 12 цагийн үед гараад Мийг аймагт авч ирлээ...” гэх мэдүүлэг /хх-13/
7. Гэрч Г.Нын: “...2020.02.07-ны өглөө би эхнэр Б, хадам аав Б нартай Өлзийт сумын төв орсон. Хадам аав банкнаас зээл авсан. Бид гурав сумаас 18 цагийн үед гэртээ буцаж ирсэн. Тухайн үед аав гэртээ ганцаараа байсан болохоор манай гэрт туслах малчин хийж байсан М хань болж хонохоор явсан. Тэгээд маргааш өглөө нь М аавын түрийвчинд байсан мөнгийг хулгайлаад явсан талаар мэдсэн. Тэгээд аймгийн төвд байдаг эгч рүүгээ мэдэгдсэн... гэх мэдүүлэг /хх-14/
8. Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-4, 7/
9. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссийн 2020.12.10-ны өдөр эд зүйлд үнэлгээ хийсэн актад: “хуучин хэтэвч 1 ширхэг 15.000, иргэний үнэмлэх 20.000’’ гэжээ. /хх-21-22/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-70/
11. Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-...../
12. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ц.Б нь 2020 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Дундговь аймгийн Өлзийт сумын 1-р баг “Т” гэх газар байх гэрээсээ түрийвчтэй бэлэн 1.370.000 төгрөг, бичиг баримтаа алдсан үйл явдал болсон, шүүгдэгч Б.М нь хохирогч Ц.Б гэрээс түрийвчтэй бэлэн 1.370.000 төгрөг, бичиг баримтыг нь эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан болох нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Ц.Б гэрээс эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүй, нууцаар түрийвчтэй бэлэн 1.370.000 төгрөг, бичиг баримт зэргийг нь авсан үйлдэл тогтоогдож байгаа боловч түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу “...орон байранд нэвтэрч үйлдсэн...” гэх шинж тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь хохирогчийн гэрт хамт архи ууж байгаад түүнийг унтсан хойгуур дээрхи эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан болох нь тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч Б.Мийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Мийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 1.405.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.М хохирогч Ц.Бс хулгайлж авсан 1.370.000 төгрөгийг болон түрийвч, бичиг баримтыг нь хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.
Шүүгдэгч Б.М нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001.11.02-ны 138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 15000 төгрөгөөр торгох, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2003.05.08-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих, Хархорин дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004.01.14-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 12 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.Мид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч хулгайд алдсан эд зүйлээ биетээр хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овгийн Б Мийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авах буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б Мид 340 /гурван зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Мид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Ц.Бд 1.370.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ