Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 56

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, ПЕ65041308 дугаарын регистртэй, Ачтан овогт Банзаагийн Түмэнхишигийн нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Түмэнхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр мал дээр гарч 1981 оноос 1987 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд туслах малчнаар, 1987 оны 08 дугаар сараас А.Мөнхбаттай гэр бүл болж тус нэгдэлд 1993 оны 02 дугаар сарыг дуустал саальчин, малчнаар тус тус ажиллаж байсан. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслээд намайг 1981 оноос 1987 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд туслах малчнаар, 1987 оны 08 дугаар сараас 1993 оны 02 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд саальчин, малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Түмэнхишиг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Б.Түмэнхишиг миний бие нь эрүүл мэндийн шалтгаантай /даралт ихсэх, зүрх өвдөх/ бөгөөд хөдөөнөөс ирж чадахгүй байдлыг харгалзан үзэж шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр, өмгөөлөгч оролцуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Банзаагийн Түмэнхишиг нь 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд туслах малчнаар, 1987 оны 08 дугаар сараас 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Банзаагийн Түмэнхишигийн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 1911 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ бригадын 1981 оноос 1992 он хүртлэх 70 дугаар данс дахь цалингийн түүвэр,

Гэрч Д.Гарийгийн “...Банзаа овогтой Түмэнхишиг нь Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдлийн Гүвээ бриагадад 1981 оны 06 дугаар сараас 1987 оны 08 дугаар сар хүртэл туслах малчнаар, 1987 оны 08 дугаар сараас 1993 оны 02 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч Н.Цэцэгийн “...Банзаа овогтой Түмэнхишиг нь 1981 оны 06 дугаар сараас 1993 оны 02 дугаар сар дуустал Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд туслах малчин, малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Банзаагийн Түмэнхишигийг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд туслах малчнаар, 1987 оны 08 дугаар сараас 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Ачтан овогт Банзаагийн Түмэнхишигийг 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сар хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд туслах малчнаар, 1987 оны 08 дугаар сараас 1993 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ