Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 58

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 02-19 тоотод оршин суух, ПЮ66122831 дугаарын регистртэй, Цагаан туг овогт Батдэлгэрийн Төмөрцоожийн нэхэмжлэлтэй, “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Төмөрцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Төмөрцоож нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн Барилга угсралтын трестэд 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл засал чимэглэлчнээр ажиллаж байгаа билээ. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр заслын бригадын нормчноор авч ажиллуулав гэж буруу бичигдсэн учраас хохироход хүрээд байна. Иймд намайг 1987 оноос 1993 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлийн ажилтнаар ажиллаж байсан гэж залруулан тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Батдэлгэрийн Төмөрцоож нь 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал “Алтайн орд” ХЭАА-д засал чимэглэлчин, нормчноор тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр “Түр ажиллуулах тухай” тушаал,

Ховд аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

1987 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн 183905 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Нэхэмжлэгч Батдэлгэрийн Төмөрцоожийн засал чимэглэлчнээр ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,

Нэхэмжлэгч Батдэлгэрийн Төмөрцоожийн 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 86118 дугаартай “Засал чимэглэлчин”-ий мэргэжлийн үнэмлэх,

Гэрч Р.Мягмарсүрэнгийн “...Б.Төмөрцоожтой хамт ажиллаж байсны хувьд Б.Төмөрцоожийг 1989-1993 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч Х.Галягийн “... Бригадын даргаар ажиллаж байсан хүний хувьд Б.Төмөрцоожийг 1987 оноос 1992 он хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр ажиллаж байсан нь үнэн...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Батдэлгэрийн Төмөрцоожийг 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал “Алтайн орд” ХЭАА-д засал чимэглэлчин, нормчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан туг овогт Батдэлгэрийн Төмөрцоожийг 1987 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1992 оныг дуустал Ховд аймгийн Барилга угсралтын трестэд засал чимэглэлчнээр, 1992 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал “Алтайн орд” ХЭАА-д засал чимэглэлчин, нормчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ОЮУН-ЭРДЭНЭ