Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 0274

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Улсын яллагч Б.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгч У.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн эмэгтэй, У.Н

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч У.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ж.А байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж ЛСД телевизорыг  хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол, цонхны шил хагалж 130.000 төгрөгийн нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч У.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            -Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...Би өнөөдөр өглөө 09 цагт Город руу уруудаад ажил руугаа явсан. Би ажил дээрээ сууж байхад манай урд айлын хөрш эмэгтэй ажил дээр очиж “Танай гэрт хулгайч орчих шиг боллоо цонхоор чинь ягаан бүрсгэр куртиктэй хүн ороод зурагтыг чинь аваад гарчихлаа гэж” ирж хэлсэн юм. Тэгээд би чамайг цонхоороо ороод байгаа юм болов уу? гэж гайхаад гэхээр нь би тийм зүйл байхгүй, би ажил дээрээ байсан гэж хэлсэн юм. Тэгээд надад ирж хэлэхээр нь би гэртээ ирээд хартал жижиг цонхыг хагалаад гэрт байсан 21 билүү 32 инчийн хар өнгөтэй зурагтыг авчихсан байсан. Манай хашааны хойд үзүүрт ээжтэйгээ, хойд аавтайгаа, нэг хүүхэдтэйгээ амьдардаг 30-35 насны эмэгтэй, архи согтууруулах ундаа маш их хэрэглэдэг, эмэгтэй байдаг тэр эмэгтэйг би сэжиглээд өглөө гэрээр нь ороход ээж нь “Манай охин өчигдөр гараад явсан гэсэн” тэгээд урд айлын эгч ягаан бүрсгэр куртиктэй гэж хэлсэн, ээж нь ягаан куртиктэйгээ гарсан гэж хэлсэн. Тэгэхээр тэр эмэгтэй байж магадгүй гэж бодож байна, өмнө нь манайд согтуу ирээд цонх бүр хагалах гэж байгаа юм шиг чанга, чанга балбаад байдаг байсан. Архи маш их уудаг, болж бүтэхгүй залуучуудтай их нийлдэг...” гэсэн мэдүүлэг /хх 18-19 хуудас /

-Гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг 10 цаг 40 минутын үед бие засахаар жорлон орох гэж явтал манай хойд айлын цонхоор хүн ороод гарч байх шиг байсан. Эхлээд тэр айлын хүмүүсийг түлхүүргүй цонхоороо орж байгаа юм байх гэж бодсон юм. Тэгсэн дээгүүрээ ягаан өнгийн куртик өмссөн эмэгтэй уг айлаас зурагт аваад цонхоор нь гарч байсан. Тэгэхээр нь айлын эзэн нь зах дээр бараа зардаг гэхээр нь асууж сураглаж хайж олоод гэрээс нь хүн зурагт аваад гарч байсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 23-24 хуудас/

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 12-14 хуудас/

 -Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 15 хуудас/

             -Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-8 хуудас /

- Ашид билгүүн ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн ОРХ20/43 дугаартай “...Elko брэндийн 32 инч ЛСД зурагт 260.000 төгрөг...” гэх дүгнэлт / хх-ийн 28-30 хуудас /

- Ашид билгүүн ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн ОРХ20/42 дугаартай “...Вакум цонх 130.000 төгрөг...” гэх дүгнэлт / хх-ийн 36-40 хуудас /

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 138 дугаартай: Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлт “Зураг №4 гутлын мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр харьцуулах загвараар ирүүлсэн гутлын баруун өмсгөлтэй гутлын улны өсгийн гадна хэсгийн хээнд үүссэн элэгдэлт, цооролт зэрэг шинж тэмдэгүүдээрээ тохирч байна гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 48-52 хуудас/

-Шүүгдэгч У.Н яллагдагчаар өгсөн: “...А эгчийн гэрийн хаалгыг таттал гэртээ байхгүй байсан. Тэгээд цонхных нь урд талд очиж хартал гэр нь хүнгүй, байхаар нь цонхны доошоо хартал нэг төмөр байсан. Тэр төмрийг аваад вакум цонхных нь жижиг талыг төмрөөр хагалчихсан. Цонхыг нь хагалаад байшингийн дотогш ортол жижиг шүүгээн дээр маркийг нь мэдэхгүй хар зурагт байхаар нь аваад нөгөө цонхоороо гарсан. Гэрийнхээ гадаа хашаанд байсан бүтээлгийг аваад зурагтаа ороогоод хорооллын эцэс рүү очоод таксины хүмүүст үзүүлэхэд нэг залуу манай эгч авч магадгүй гээд тэр залуутай Булаг багийн ББ-Од ХХК-ийн нэр дээр байдаг тамхины бөөний цэг дээр очоод зурагтаа 20.000 төгрөгөөр өгсөн. Айлтгүй гэх эмэгтэйгийн гэрт зөвшөөрөлгүй орж зурагтыг нь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг /хх 65-66 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /  хх 79 хуудас/

-У.Нарантуяаг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 64, 65-66 хуудас/ зэрэг болно.

-Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч У.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ж.А байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж ЛСД телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол, цонхны шил хагалж 130.000 төгрөгийн нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

         Шүүгдэгч У.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ж.А байшингийн цонхыг хагалан нэвтрэн орж ЛСД телевизорыг  хулгайлан авч 260.000 төгрөгийн хохирол, цонхны шил хагалж 130.000 төгрөгийн нийт 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би орон байранд нэвтэрч хулгай хийснээ хүлээн зөвшөөрнө” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.А  “Би ажил дээрээ сууж байхад манай урд айлийн хөрш эмэгтэй ажил дээр очиж “Танай гэрт хулгайч орчих шиг боллоо цонхоор чинь ягаан бүрсгэр куртиктэй хүн ороод зурагтыг чинь аваад гарчихлаа гэж надад ирж хэлэхээр нь би гэртээ ирээд хартал жижиг цонхыг хагалаад гэрт байсан 21 билүү 32 инчийн хар өнгөтэй зурагтыг авчихсан байсан гэсэн мэдүүлэг, гэрч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  “... Намайг 10 цаг 40 минутын үед бие засахаар жорлон орох гэж явтал манай хойд айлын цонхоор хүн ороод гарч байх шиг байсан. Дээгүүрээ ягаан өнгийн куртик өмссөн эмэгтэй уг айлаас зурагт аваад цонхоор нь гарч байсан. Тэгэхээр нь айлын эзэн нь зах дээр бараа зардаг гэхээр нь асууж сураглаж хайж олоод гэрээс нь хүн зурагт аваад гарч байсан талаар хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 23-24 хуудас/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон  Елко брэндийн 32 инчийн ЛСД зурагт 260.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх 28-30 хуудас/,  Вакум цонх 130.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт / хх 35-40 хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч У.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирол төлбөрийн тухайд: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А 390.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Elko брэндийн 32 инчийн 260.000 төгрөгийн ЛСД зурагтыг биет байдлаар хүлээлгэн өгч, цонхны мөнгө 130.000 төгрөгийг хохирогч бэлнээр авсан гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Шүүгдэгч хохирлоо төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч У.Н цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

            Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал,учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хос гутал 1 ширхэгийг шүүгдэгч У.Н-д буцаан олгож, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдлаа.