Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Ж.З нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.Зт холбогдох эрүүгийн 2022000430029 тоот  хэргийг 2020 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .............сарын .......-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ........настай, ........ боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-.......... оршин суудаг, ........ ажилтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Ж З

 

Шүүгдэгч Ж.З нь / яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 2020 оны 01 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын .....дугаар баг, .... дүгээр байрны ..... тоотод Ц.Атай маргалдаж, түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ж.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Шүүгдэгч Ж.З мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Би 2020.01.11 орой 22 цагийн үед гэртээ байж байтал Б.С очиж байна гараад ир гэхээр нь гэрээс гартал Ц.А хашааны гадаа ирсэн байж байсан. Тэгээд юу хийж яваа талаар нь асуутал ээжтэй чинь уулзана гэхээр нь би гэрлүү оруулсан. Би тамхи татчихаад найзыгаа явуулаад араас нь гэртээ орсон. Намайг гэрт ороход Ц.А ээжтэй хэрэлдсэн байдалтай сандал дээр сууж байсан. Ээж цагдаа дуудаад явуулчих юм уу гэхээр нь би яах гэсэн юм бэ гээд Ц.Ад хандаж “чи манайхаас зайл” гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад Ц.А бид хоёр хашааны гадна уулзаад юм ярьж байгаад хамт Ц.Агийн гэррүү явж байтал зүүн цагаан дэлгүүрийн хажууд приус маркийн машин зогсож байсан. Ц.А тэр машинд орж суугаад яваад өгсөн. Тэгээд би гэрт нь алхаад очсон. Бид хоёр тэдний гэррүү хамт орсон. Гэрт нь ороод орыг нь засаж өгөөд оронд нь оруулах гээд гадуур хувцасыг нь тайлж байхад арагшаа орлуугаа ойчоод орны толгой мөргөсөн. Тэгэхээр нь би гарнаас нь татаж босгоод гадуур хувцасыг нь тайлаад оронд нь оруулсан. Тэгээд амар гээд гарах гэтэл надруу хашхираад би гадуур гарч найзуудтайгаа уулзана гэхээр нь ...чамд тус болдог найз хэзээ байсан юм бэ... гэж хэлсэн. Тэгсэн Ц.А намайг тэврээд хань болоод хоноод яваач гэхээр нь за гээд хэвтэж байтал “аавыгаа алчихаад сайхан байна уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь зүүн гуянд нь нэг удаа цохиж аваад чи миний аавыг тэгж хэлэх хэрэг байсан юм уу гэхэд Ц.А намайг алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хацар луу нь нэг удаа алгадаж авсан. Тэгсэн надруу дайраад байхаар нь би тэвэрч хэвтээд унтсан байсан. Тэгээд нэг сэртэл шөнийн 03 цаг өнгөрч байсан. Тэгээд би гэрлүүгээ явсан. Тухайн өдөр Ц.А согтуу гуйваад байсан. Би Ц.Агийн зүүн гуянд,  харьтруу нь цохисон, нүүрлүү нь алгадсан. Мөн маргалдаж байхдаа түлхсэн чинь орны түшлэг мөргөсөн. Тухайн үед хүзүү нь улайсан байсан, хувцастай байсан болохоор өөр ил харагдах юм мэдэгдээгүй. Бид хоёр өмнө нь уулздаг байсан. Одоо ямар нэгэн харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-35-36/

3. Хохирогч Ц.Агийн: ‘’...Би 2020 оны 01-р сарын 11-ний орой 23 цагийн орчимд Боржигоны ..... тоотод байх Ж.З-ын гэрт очиход ээж, дүү нар нь байсан. Би ээжид нь хандаж ...хүүхдээ гэр оронд нь байлга, орой шөнө манайд ирж асуудал үүсгээд байна. Болохгүй бол сүүлийн арга хэмжээ цагдаад өгөх болоод байна гэж хэлээд... ээжтэй нь маргалдаж байтал гаднаас Ж.З орж ирсэн. Тэгэхээр нь би ээжид нь та одоо хүүхдээ гэртээ аваад үлдээрэй гээд түрүүлээд гартал араас З гараад ирсэн. Тэгэхээр нь би чамтай хамт явахгүй гэж хэлтэл З байгаад байхаар нь би эргэж гэрт нь ороод та хүүхдээ аваад үлд гадаа дагаж явах гээд байна гэж хэлсэн. Тэгтэл гаднаас З гэртээ орж ирээд намайг зайл гэсэн. Тэгэхээр нь би одоо явлаа чи харин гэртээ үлд гэж хэлээд тэднийхээс гараад явж байгаад эргээд хартал З араас явж байсан. Тэгэхээр нь би гүйгээд зүүн цагаан дэлгүүрийн хажууд өвс зарж байсан том машины хажууд нэг цагаан приус машин зогсож байхаар нь орж суугаад жолоочид хандан эгчийгээ гандангийн хажуу талын байранд хүргээд өгчихөөч араас хүн хөөгөөд байна гэсэн чинь за гээд хүргэж өгсөн. Тэгээд би машинаас буугаад гэрлүүгээ орох гээд түлхүүрээ гаргаад онгойлгох гэж байж байтал З гүйгээд орцонд ороод ирсэн. Тэгээд намайг гэрлүү оруулаад хаалга түгжээд З бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл З намайг боогоод газар унагаад дэвссэн, мөн орон дээр сууж байтал намайг арагшаа үсдэж орны түшлэгийг толгойн ар хэсгээр мөргүүлсэн. Би унтлаа гэсэн чинь би явахгүй үүрийн 4 цаг өнгөрөөгөөд явна гэсэн. Тэгээд би унтсан байж байгаад өглөөний 07 цаг өнгөрөөгөөд сэртэл З явсан, би гэртээ ганцааараа унтаж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн өдөр З архи уугаагүй эрүүл байсан. Зт зодуулаад миний баруун гарын бугалганд хөхөрсөн, мөн зүүн хөлийн өвдөг хөхөрсөн, тэгээд миний хүзүү хэсэгт улайсан, баруун гарын сарвуунууд хөхөрсөн, толгой маш их өвдөж байсан. Одоо бид хоёрын дунд ямар нэгэн хувийн чанартай харилцааны зүйл байхгүй. Би одоогийн байдлаар эмнэлэгт үзүүлж харуулаагүй байна. Цаашид тархи толгойны нарийн мэргэжилийн эмчид үзүүлж нарийвчилсан шинжилгээнд хамрагдах хүсэлтэй байна...’’ гэх мэдүүлэг /хх-5-6, 27/

4. Гэрч Б.Сын: “...Би Зтай уулзаж тамхи татахаар 2020.01.11-ний орой 22 цаг 30 минутын орчимд машинтай ганцаараа явж очиход З хашааны гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгээд бид хоёр машинд тамхи татаж юм яриад сууж байтал хашааруу нь нэг хүн орсон. Тэгтэл З машинаас буугаад орлоо гээд явсан. Харанхуй байсан болохоор би эрэгтэй, эмэгтэй хүн аль нь болохыг мэдээгүй...” гэх мэдүүлэг  /хх-12-13/

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 35 дугаартай: “Ц.Агийн биед тархи доргилт, хүзүү, бугалга, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Үзлэгээр биед хиймэл эд эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн, зөөлөн эдийн цус хуралт, няцралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-20-22/

 

7. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ж.З нь 2020 оны 01 сарын 11-нээс 2020 оны 1 сарын 12-нд шилжих шөнө хохирогч Ц.Аг зодож бие махбодид нь халдсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Хохирогч Ц.А нь шүүгдэгчид зодуулсны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, бугалга, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 1 сарын 15-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Зын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ж.З нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.  

Хохирогч Ц.А нь шүүгдэгч Ж.Заас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

Шүүгдэгч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажилладаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд “ажлаа хийх боломжоор хангаж, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Зт Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан торгох ялыг сонгон оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Ж.З шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Хохирогч Ц.А нь цаашид эмчилгээ хийлгэнэ гэсэн байх тул  цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т овгийн Ж З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Ж Зт 1100 /мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1100000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.З бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.А нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Г.МӨНХБАТ