Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 73

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багт оршин суух, ПО66020709 дугаарын регистртэй, Хяргас овогт Төрбатын Эрдэнэтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Уранцэцэг нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1983 оноос 1989 он дуустал малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан байдлын талаар хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1983 оноос 1989 он дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Төрбатын Эрдэнэтуяа нь 1983 оноос 1986 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Төрбатын Эрдэнэтуяагийн талархал,

Ховд аймаг дахь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 31 дугаар лавлагаа,

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 1 дүгээр бригадын 1983 оноос 1986 он хүртлэх 70 дугаар данс,

1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч Л.Шилхүүгийн “...Т.Эрдэнэтуяа нь 1983 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт,

Гэрч Т.Ганболдын “...Т.Эрдэнэтуяа нь 1983 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Төрбатын Эрдэнэтуяа нь 1983 оноос 1986 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн 1987 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хяргас овогт Төрбатын Эрдэнэтуяаг 1983 оноос 1986 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч Төрбатын Эрдэнэтуяа нь 1987 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын “Социализм” нэгдэлд малчнаар ажиллаж байсан талаархи нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

            3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ