Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 0267

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г

Улсын яллагч С.Б

Хохирогч Д.Н

Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан хийж, Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нууж, нийгмийн халамжийн тэтгэвэр авч нийгмийн даатгалын санд 3.707.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганхуягт холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1962 онд төрсөн эрэгтэй, С.Г

Холбогдсон хэргийн талаар: Прокуророос, шүүгдэгч С.Г нь хуурамч баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нууж 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн халамжийн тэтгэвэр авч, нийгмийн даатгалын санд 3.707.000 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г мэдүүлсэн “Би шүүхийн шийдвэрт заасан газруудад ажиллаж байсан нь үнэн. Цагаан тавилан ХХК нийгмийн даатгал төлөөгүй нь буруутай. 1995 оноос хойш Ууган захирал дээр ажиллаж байсан Цагаан тавилан ХХК-ны цалингийн лавлагаа Булган аймагт гараагүй. Бичихдээ бүх нэрсийг бичээд бөөнд нь мөнгөн дүнг бичсэн байсан. Манай нягтлан байсан Отгонд ийм учиртай байна гэж хэлсэн чинь хэдэн хүнд засаж өгсөн. Миний буруу байгаа. Тэрнээс 2000 он хүртэл ажилласан минь үнэн. Хуучин захирал хүртэл бичиг хийж өгсөн. Тэр нь гэхдээ тамга тэмдэггүй бичиг хийж өгсөн. Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэрээ буцааж төлөөгүй байгаа. Одоо хувийн компанид ажилладаг. Тогтсон цалин байхгүй охин ачтайгаа амьдардаг. Чадахаараа төлнө, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

-Хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: С.Г нь анх Нийгмийн даатгалын хэлтэст 2019 оны 04 сарын 10-нд өргөдөл ирүүлж, 2019 оны 04 сарын 10-наас 2020 оны 04 сарын 01 хүртэл хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож сард 310.000 төгрөгийн тэтгэвэр авч байснаа 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс 350.000 төгрөг болж нийт 3.707.000 төгрөгийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгосон. Энэ илүү олгосон 3.707.000 төгрөгийг нийгмийн даатгалын санд буцаан олгож өгнө үү. С.Ганхуяг нь 60 нас хүрэхээр хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгож болно. Өнөөдрийн байдлаар 60 нас хүрээгүй байна. Булган аймгийн Хангал сумын Саруул зам нэгдэлд 1979 оны 05 сарын 10-наас 1980 оны 06 сарын 10 хүртэл ажилласан гэхдээ грушикээр ажилласан байна. Тракторын жолооч биш гэсэн мэдүүлэг,

       -Хохирогчоор Д.Н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад хүнд нөхцөлийн ажпыг 12 жил 6 сар хийсэн. Нийт 20 жил шимтгэл төлж ажилласан. 55 нас хүрсэн эрэгтэй, 50 нас хүрсэн эмэгтэйд тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Ямар албан тушаалыг хүнд нөхцөлд хамааруулах вэ? гэдгийг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалаар баталж өгсөн байдаг. Г гуайн тухайд 12 жил 6 сар тракторын жолоочоор ажилласан бол хүнд нөхцөлөөр тэтгэвэр авах эрх нь үүсэх юм. Шүүхийн шийдвэрээр түүнийг 1979 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 06 дугаарын 10-ны өдрийг хүртэл 1 жил 1 сар, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 11 жил 5 сар нийт 12 жил 6 сарыг тракторын жолоочоор ажилласан гэдгийг тогтоосон. Гэхдээ С.Г ажилд томилж байсан тушаалуудыг үзэх үзэхэд 1979 оны 11 сарын 15-ны өдрөөс грушкээр, 1984 оны 03 сарын 19-ний өдрөөс конторт галчаар, 1984 оны 05 сарын 15-ны өдрөөс 1984 оны 07 дугаар зарын 15-ны өдөр сүүн заводод галчаар тус тус ажиллаж байсан тушаал шийдвэр байна. Түүний галчаар болон грушкээр ажиллаж байсан 2 жил 3 сарыг хасахаар 10 жил 03 сар тракторын жолоочоор ажиллаж байсан байна. Тэгэхээр хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг үндэслэлээр С.Г тэтгэвэр тогтоолгох боломжгүй байна. Үүнээс гадна С.Г нь  шаардлагыг хангахын тулд 1995 оноос хойш 2003 оны хүртэл “Саруул зам” ХК, “Эргэл  Хайрхан” ХХК, “Цагаан тавилан” ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг гарган ирүүлсэн боловч тухайн баримт нь хуурамч үндэслэлгүй байгаа юм. Миний бие Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст очиж С.Ганхуяг нь 1995-2003 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаар шалгаж үзэхэд С.Ганхуяг нь дээрх хугацаанд иийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-123 хуудас/

            - Гэрч Х.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Цагаан тавилан ХХК нь ажилчдынхаа нэрсээр Нийгмийн даатгалын тайлангаа Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгөх ёстой байсан. Тэгтэл тийм тайлан байхгүй улмаас дээрх хугацаанд Цагаан тавилан ХХК-д ажиллаж байсан хүмүүс тэтгэвэр тогтоолгох гээд нийгмийн даатгалын тайлан байхгүй гээд болохгүй байсан юм. Энэ талаар манай нутгийн хүмүүс хэлээд чи Цагаан тавилан ХХК-д ажиллаж байсан юм чинь нийгмийн даатгалын нөхөн бүрдүүлэлт хийгээд өгөөч гэдэг байсан. Тэгэхээр нь би Цагаан тавилан ХХК-д ажиллаж байсан гэх 100 гаран хүний нэрсийн жагсаалт, цалингийн жагсаалтыг хийгээд Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст очсон чинь Цагаан тавилан ХХК-ийн тушаасан мөнгөнд тааруулж ажилчдынхаа нэрс, цалингийн жагсаалтыг хий гэхээр нь ажиллаж байсан хүмүүсийн нэрийг хасаад 1995-2003 оны хооронд Цагаан тавилан ХХК-д ажиллаж байсан гэх хүмүүсийн нэрсийн болон цалингийн жагсаалтыг хийж Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хүлээлгэж өгсөн. ... Ганц хоёрхон нийгмийн даатгалын дэвтэртэй хүн байсан болохоор багцаалдаад хийсэн...” гэсэн мэдүүлэг / хх 39 хуудас/, Дахин өгсөн мэдүүлэгт “...Д.Д гуайн гарын үсэгтэй тодорхойлолтыг би бичээд Д.Д-р гарын үсэг зуруулсан. Д.Д гуай миний бичсэн тодорхойлолтыг нягталж уншиж байгаад гарын үсэг зурсан С.Г өөрөө бичиг баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Би тэр материалаас нь Д, Х тодорхойлолтыг бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 129-130 хуудас/

           - Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... Тодорхойлолтон дээр байгаа гарын үсэг нь миний гарын үсэг мөн байна. Гэхдээ яг тодорхойлолт бичээгүй байсан. Саруул зам нэгдэлд ажиллаж байсан Х.О надаар цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 126 хуудас/

           - сум дундын шүүхийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 142 дугаартай шийдвэрийн хуулбар /хх 12-1З хуудас/

         “Саруул зам” нэгдэлээс С.Г холбогдуулан гаргаж байсан тушаалын хуулбарууд /хх 65-80 хуудас /

           -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 хуудас/

           - Шүүгдэгч С.Г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45, 46-47 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Г нь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажилласан жилээ сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, 2019 оны 01 сарын 17-ны өдөр 97 дугаартай  шүүхийн шийдвэр гарч С.Г Хангал сумын “Саруул зам” нэгдэлд 1979 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 10 хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, Хангал сумын “Саруул зам” ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосон байна. С.Г нь уг шүүхийн шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримт бүрдүүлэн нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргаж, хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр авч, нийгмийн даатгалын санд 3.707.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, тэтгэвэр тогтоолгохоор гаргасан өргөдөл, шүүхийн шийдвэр, С.Г ажил эрхэлж байсан талаархи архивын баримтууд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч С.Г хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээ авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эдийн засгийн эсрэг, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан  гэмт үйлдлийг хийсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Г гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч С.Г нь шүүхийн шийдвэрийг хууль бусаар гаргуулж хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн халамжийн тэтгэвэр авч 3.707.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хохирлыг төлүүлэх саналтай гэжээ.

Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт 3.707.000 төгрөгийг нийгмийн даатгалын санд олгож өгнө үү гэж байх тул шүүгдэгч С.Ганхуягаас гаргуулж, нийгмийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.