Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 47

 

 

 

 

 

 

 

 

 

                                 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ

           Шүүгдэгч О.Ж нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

      Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д овогт Оын Жд холбогдох эрүүгийн 2022000240036 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, ...оны ....... дугаар сарын ..........-ний өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, .......настай, эрэгтэй, ....... боловсролтой, мэргэжилгүй, .., ам бүл ............ оршин суудаг, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар:  Д овогт Оын Ж   

 

   Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Шүүгдэгч О.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.М биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүх шүүгдэгч О.Жд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч О.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.М биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

           

    Шүүгдэгч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр Б гэх айлд очиход хүмүүс архи ууж байсан. Тэгээд би тэр архинаас уусан. М намайг хэл амаар дайраад байхаар нь Мтай маргалдаад нэг цохисон гэв.

Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гурвансайхан сумын төвийн баруун хороололд байх Б гэх айлд өөрийн найз болох Ц.М, Б.Б нарын хамт архи уусан. ...Би архи уугаад унтчихсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Надад С, Б нар чамайг Ж цохисон гэж хэлж байсан... Би өөрөө хүнд цохиулснаа мэдээгүй маргааш өглөө нь сэрээд харсан зүүн нүд хөхөрсөн байсан. Надад ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-рт/

 

      Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын төвийн баруун хойд хороололд байх иргэн Бы гэрт очиход Ж, М, М, М, гэрийн эзэн Б, эхнэр С нар архи ууж байсан. ...Ж гэнэт Мтай маргалдаад эхэлсэн. Тэгээд М, Ж нар гэрээс гараад явсан. Би араас нь дагаад гартал Ж баруун гараараа М нүүр рүү нэг удаа цохичихоод яваад өгсөн... М хамраас цус гарч байхаар нь нүүрийг угаалгахад нүүр нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 рт/

       

Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: би 2019 оны 12 дугаар сарын 27-ны орой гэртээ амрах гээд байж байтал манай гэрт Гурвансайхан сумын иргэн О.Ж, О, Ө.М, Б.Б, Ц.М нар архи ууж байгаад хоорондоо маргалдсан юм. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Хэсгийн цагдаа ирээд та нар одоо амар, энэ айлыг амраа гэж хэлээд бүгдээрээ чимээгүй болцгоосон. Ингээд хэсгийн цагдаа гараад явахад ахиад маргалдаад эхэлсэн юм. Тэгтэл гэнэт Ж М зүүн нүдрүү нь цохичихсон юм. Тэгээд тэд хоорондоо зууралдаад гэрээс гараад гадаа маргалдаад байсан, гадаа юу болсон талаар би сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-15-рт/

 

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай дүгнэлтэд:

            1. Э.М биед баруун хөмсөг, зүүн зовхинд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  2. Дээрх гэмтлүүд нь үзлэг хийхээс өмнө үүссэн байх боломжтой. /хх-ийн 18-19 рт/ гэжээ.

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-рт/

- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 26-32-рт/ зэрэг бичгийн баримтууд болно.

 

           Иймд шүүгдэгч О.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.М биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч О.Жы оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/, шүүгдэгч О.Жы хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/, хохирогч Э.М гаргасан хүсэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Шүүгдэгч О.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Ж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Жд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

            Иймд шүүх шүүгдэгч О.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.Жыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Оын Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Ж-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Жд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Жд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

   5. Шүүгдэгч О.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Л.ОДОНЧИМЭГ