Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 14

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, ПЛ66013004 дугаарын регистртэй, Молхы овогт Алхайн Багизагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Абайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Уянга нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.Багиза нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 1976 онд Ховд аймгийн Ховд суманд гэр бүлээрээ шилжиж ирээд Ховд сумын 1 дүгээр бригадад 1982-1988 он хүртэл, 1988-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан. Иймд миний шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1982-1988 он хүртэл, 1988-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Буянт суманд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Абайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Багиза нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1982-1988 он хүртэл, 1988-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Буянт суманд малчнаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн А.Багизагийн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  А.Багиза нь 1982-1988 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1988-1990 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд, 1990-1995 он хүртэл Ховд аймгийн Буянт суманд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 19 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр бригадын 70 дугаар данс дахь цалингийн цэс,

Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар “Ажилд томилох тухай” тушаал,

Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1990 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал,

1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

Гэрч Х.Дарига “...Би 1992 оноос 2002 онуудад Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд нягтлан бодогчоор ажиллаж байсан. А.Багиза нь 1990 оны 02 дугаар сараас эхлээд 1995 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг

Гэрч К.Аманбайн “... Би Ховд сумын тариалан нэгдэлд 1981 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан. Тухайн үед А.Багиза нь 1982-1990 оныг хүртэл Ховд сумын Тариалан нэгдэлд ажиллаж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Алхайн Багизаг 1982 оноос 1988 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Алхайн Багизаг 1982 оноос 1988 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ