Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 8

 

А.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                           Г.Яндаг

Шүүгдэгч                                           А.Т-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Р.Лхамсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүх хуралдааны 308 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ийн Т-д холбогдох эрүүгийн 201609000696 тоот 2 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай, Н- овогт А-ийнТ- /РД:**********/ нь

“Ертөнц” пабд уналттай таазтай засвар хийж байгаа “мөнгөний хэрэг байна түр зээлдүүлээч, удахгүй 60.000.000 төгрөгийн зээл орж ирнэ”, “Эрдэнэс плаза”-г түрээслэж ажиллуулдаг” хэмээн хуурч мэхлэн давтан үйлдлээр иргэн Я.Х-аас 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 400.000 төгрөг, иргэн С.О-аас 2016 оны 10 дугаар сарын 26-наас 2016 оны 10 дугаар сарын 30-ны хооронд 1.217.457 төгрөг залилан мэхэлж авч бусдад 1.617.457 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, иргэн Д.Б-, Х.У- нарт Монгол улс дахь АНУ-ын элчинд ажилладаг Засгийн газрын гэрээгээр ажилтан гаргаж өгнө гэж хуурч мэхлэх замаар иргэн Д.Б-өөс 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны хооронд нийт 3.552.000 төгрөг, иргэн Д.У-аас 2016 оны 11 дүгэээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 900.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 100.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 50.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 56.000 төгрөг нийт 1.906.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02-04-ний хооронд иргэн Д.С-аас Солонгос улс руу гаргаж өгнө бүртгэлийн мөнгө хэрэгтэй гэж 98.000 төгрөгийг итгэл эвдэх, хууран мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх А.Т-д холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд  түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар А.Т-д өмнөх 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил 6 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.Т-аас 7.075.457 төгрөгийг гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.Т- шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Миний бие тус хэргийн хохирлын хэмжээ үнэн зөвөөр тогтоогдоогүй тул гомдол гаргаж байна. Миний бие нь тус хэргийн гэрч Ё.Эрдэнэжаргалаас эмчилгээний зардал 5.000.000 төгрөг зээлээч гэж гуйсан чинь Ё.Эрдэнэжаргал “Жи тайм” гэх төсөл дээр ажиллаж байгаа, намайг уг төсөлд 2.000.000 төгрөг оруулж хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд сарын дараа 20.000.000 төгрөгтэй болно гэж хэлсэн.  Ингээд 2016 оны 12 дугаар сарын эхээр надад Ё.Эрдэнэжаргал 5.300.000 төгрөг зээлдүүлж үүнээс би 2.200.000 төгрөгийг нь Ё.Эрдэнэжаргалд буцаан өгч “Жи тайм” сүлжээнд орсон. Энэ тухай гэрч н.Ганболд, н.Мөнхзаяа нар гэрчилнэ. Мөрдөн байцаалтын шатанд н.Ганболд, н.Мөнхзаяа нарыг байцааж өгнө үү гэж олон удаа хүсэлт тавьж байсан боловч хүлээж аваагүй ээ. Иймд н.Ганболд, н.Мөнхзаяа нараас мэдүүлэг авч гэрчээр татаж Ё.Эрдэнэжаргалын “Жи тайм” төсөлд элсүүлнэ гэж авсан 2.200.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцож өгнө үү. Хохирогч Д.У-аас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5811160968 тоот дансаар 900.000 төгрөг шилжүүлж өгсөн гэж мэдүүлсэн байгаа. Гэтэл тус дансаар би огт мөнгө аваагүй тэр дансны эзнийг ч танихгүй. Үүнийг үнэн зөвөөр нь тогтоож хохирлоос хасч өгнө үү. Би Ё.Эрдэнэжаргалд 130.000, Я.Х-ад 100.000 төгрөг тус тус өгсөн бөгөөд энэ мөнгийг хохирлоос хасч тооцож хохирлын хэмжээг бодитоор тогтоож өгнө үү гэжээ...”

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т- тайлбар мэдүүлэгтээ: Би шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Энэ хэргийн гэрч гээд байгаа Ё.Эрдэнэжаргалаас би мөнгө авсан болохоос хохирогч гээд байгаа Д.Б-, Д.У- нараас мөнгө аваагүй. Энэ хүмүүст АНУ-ын визэнд оруулж өгнө гэж яриагүй. Миний Ё.Эрдэнэжаргалд өгсөн 2.200.000 төгрөгийг хохирлоос  хасч тооцох ёстой гэж үзэж байгаа. Мөн түүнчлэн хохирогч Я.Х-ад буцааж өгсөн 100.000 төгрөгийг  бас Ё.Эрдэнэжаргалын манайд ирэхдээ надаас авсан 130.000 төгрөгийг хохирлоос хасч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан хохирлыг бодиттой тогтоож өгөхийг хүсч байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч  Р.Лхамсүрэн: Шүүх хуралдаанд оролцож А.Т-ын эрх ашгийг хамгаалж байна. Түүний шүүхэд гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ хүн бол өвчтэй хүн. Манай шүүх эмнэлэг нь хүний сэтгэцийн байдалд дүгнэлт хийх чадваргүй. Энэ хүн бол сэтгэцийн хувьд эрүүл биш хэрэг хариуцах чадвартай эсэх нь эргэлзээтэй байна. Цагдан хорих байранд байхдаа ухаан алдаж Улаанбаатар хотод хорих 461 дүгээр ангид хүргэгдэж улмаар 1 дүгээр эмнэлэгт хүргэгдсэн боловч 1 эмнэлэг хүлээж аваагүй, 3 дугаар эмнэлэгт шилжүүлсэн. 3 дугаар эмнэлэг анхны тусламж үзүүлээд түүнийг буцааж хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн. Энэ хүн бамбай булчирхайн маш их хордлоготой түүнийхээ улмаас унадаг болсон. Ийм учраас түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй болов уу. Мөн шүүх 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж ял оногдуулах ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулиар ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Шүүхээс  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулах ёстой байсан. Энэ байдлуудыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон прокурор Г.Яндаг гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаар  А.Т-ын үйлдсэн хэрэг нотлогдож тогтоогдсон, хэргийн талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэж байна гэв.

Тодорхойлох нь:

Шүүгдэгч А.Т- нь 2016 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймагт хохирогч Я.Х-, С.О- нарыг “60.000.000 төгрөгийн зээл Турк улсаас удахгүй орж ирнэ” гэж хуурч мэхлэн, итгэлийг эвдэж залилан мэхэлж 1.617.457 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, Улаанбаатар хотод 2016 оны 11 дүгээр сараас 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хохирогч Д.Б-, Д.У-, Д.С- нарыг АНУ-ын болон БНСУ-ын визэнд оруулж өгнө гэж хуурч мэхлэн тэдний итгэлийг эвдэж Д.Б-өөс 3.552.000 төгрөг, Д.У-аас 1.906.000 төгрөг, Д.С-аас 98.000 төгрөгийн нийт 5.556.000 төгрөгийн  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүгдэгч А.Т-ын шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдлын:”...дээрх хэргийн хохирлын хэмжээг хуулийн дагуу зохих баримтанд тулгуурлан зохих гэрчийн мэдүүлгийг авч нотлон хохирлын хэмжээг бодитоор тогтоож өгнө үү..” гэсэн   үндэслэлийн дагуу  хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч А.Т- нь хохирогч нарыг залилан мэхэлж тэдний итгэлийг эвдэж 7.173.457 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, түүний үйлдсэн хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь А.Т-ын үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч А.Т- нь гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлоос хохирогч Я.Х-ад 100.000 төгрөг, хохирогч Д.У-д 130.000 төгрөг, энэ хэргийн гэрч Ё.Эрдэнэжаргалд 2.200.000 төгрөг тул нийт 2.430.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцож өгөхийг хүссэн давж заалдах гомдлын үндэслэл гаргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй, 2.430.000 төгрөгийн хохирлыг буцаан төлсөн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх үндэслэлийг хүлээж авах боломжгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Лхамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А.Т-ын эрх зүйн байдлыг дээрдүүлэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн хөнгөрүүлэн зүйлчилж, түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хорих ялаас өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгөх санал гаргаж байгаа боловч А.Т-д аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр түүнд ял шийтгэл оногдуулсан нь буруу биш байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                             ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                          Ц.АМАРЖАРГАЛ