Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ГҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч, Б.О нар

Нэхэмжлэгч: “М” ГҮТББ

Хариуцагч: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгуулах А/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 753 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Ч.Б, Б.Ц нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс:

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ГҮТББ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгуулах А/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 753 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.16 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ГҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Эрх хүчингүй болгох тухай А/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас дээрх ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой асуудлаар ямар нэгэн байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаагүй байх тул нэхэмжлэгчийг уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/182 дугаар тушаал үндэслэлтэй гэж үзэхээр байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.2. Бид нэхэмжлэлдээ болон шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр маргаан бүхий А/182 дугаар тушаалыг 2 үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаагаа хангалттай тайлбарласан. Үүнд:

3.3. Нэгдүгээрт ажлын хэсгийн дүгнэлтийг шалгуулагч талд танилцуулж тайлбар аваагүй, манай эрх ашгийг хөндсөн А/182 дугаар тушаал гарах гэж байгаа тухай уг захиргааны актад оролцогч болох “М” ГҮТББ-д мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулаагүй процессын зөрчил гаргасан, хоёрдугаарт А/182 дугаар тушаалын гол үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлт хэтэрхий нэг талыг барьсан хууль бус үндэслэлгүй болох тухай хангалттай нотлох баримт тайлбарыг хүргүүлсэн.

3.4. Бид ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайгаа бичгээр шүүх хурлаас өмнө, амаар шүүх хурал дээр хангалттай тайлбарласаар байтал дүгнэлтийн талаар дангаар нь шүүхэд болон бусад байгууллагад гомдол гаргаагүй тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3.5. А/182 дугаар тушаалыг хянах явцдаа шүүх гол нь уг тушаалын үндэслэлийг өөрөөр хэлбэл Ажлын хэсгийн дүгнэлтийг хянах ёстой байсан гэж үзэж байна.

3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Тодруулбал, Уул уурхайн сайдын /хуучнаар/ 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 81 дүгээр тушаал хүчингүй болсноор нэхэмжлэгч нь уул уурхайн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 233 дугаар тушаалын дагуу үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчингүй буюу үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна” гэж дүгнэсэн нь илт хууль бус үндэслэлгүй дүгнэлт болжээ.

3.7. Маргаан бүхий тушаал гарснаас хойш 6 сарын дараа 2021 оны 12 сарын 31-ний өдөр гарсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 341 дүгээр тушаалаар бий болсон нөхцөл байдал, үйл баримтыг урагшлуулан хэрэглэсэн нь хууль бус.

3.8. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “Захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэсэн заалтыг илт зөрчсөн дүгнэлт гэж үзэж байна.

3.9. Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Ажлын хэсгийн дүгнэлт нь захиргааны актын бүхий л шинжийг агуулж байх тул захиргааны акт гэж үзэхээр байна” гэж тодорхойлсон. Тэгвэл Ажлын хэсгийн дүгнэлтийг “М” ГҮТББ-д мэдэгдээгүй тул уг дүгнэлт хүчин төгөлдөр бус бөгөөд уг хүчин төгөлдөр болоогүй захиргааны акт болох Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан А/182 дугаар тушаал ч мөн хууль бус юм.

3.10. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ““М” ГҮТББ-д маргаан бүхий акттай холбоотой оролцогчийг сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, маргаан бүхий захиргааны акт гаргахтай холбоотой сонсох ажиллагаа явуулсан гэх зэрэг үйл баримтууд тогтоогдохгүй байна. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн “хариуцагчаас маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа оролцогчийн оролцоог хангаагүй” гэх тайлбар үндэслэлтэй байна. Гэхдээ дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь хэдийгээр хариуцагч нь актыг гаргахдаа оролцогчийн оролцоог хангаж, сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан зөрчил байгаа ч маргаан бүхий үйл баримтыг шалгаж тогтоосон дүгнэлт хүчин төгөлдөр, захиргааны актыг гаргах болсон үндэслэл нь үндэслэлтэй байх тул захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийн оролцоог хангалгүйгээр захиргааны актыг гаргасан гэх үндэслэлээр актыг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна гэж үзлээ” гэсэн дүгнэлтийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Тэгвэл шалгуулагч байгууллага болох “М” ГҮТББ-д Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-ээс 43.4-т, 37 дугаар зүйлийн 37.6-д заасны дагуу мэдэгдэж хүчин төгөлдөр болоогүй захиргааны акт болох Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гарсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны А/182 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, манай зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү”,

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.О-ээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо

4.1. Тус анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт гараагүй, маргаагүй учир дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна” гэснийг эс зөвшөөрч байна.

4.2. Учир нь “М” ГҮТББ-аас Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар гомдол хүсэлтээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 20/33 тоотоор, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Авилгатай тэмцэх газарт 20/34 тоотоор, Уул уурхайн сайдад 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хандсан 20/37 тоот албан бичгүүдээр гаргаж байсныг 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нотлох баримтаар гаргаж өгч байсан. Уг албан бичгийг анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн тайлбар болон түүний хавсралт баримтуудын дунд гарган өгсөн. Тус шүүхийг “М” ГҮТББ-ын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20/33 тоот хүсэлт болон бусад хүсэлтүүдийг нотлох баримтаар үнэлээгүй гэж үзэж байна. Мөн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан тайлбарт тус дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар бичиж нотлох баримтуудыг хавсаргасныг хэрэгсээгүй гэж үзэж байна.

4.3. Ажлын хэсгийн дүгнэлт хүчин төгөлдөр гэж үзсэнийг эс зөвшөөрч байна. Учир нь “М” ГҮТББ нь 2019 оны 12 дугаар сард Авилгатай тэмцэх газарт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдах албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан талаар гомдол мэдээлэл гаргаж, үүнийг Авилгатай тэмцэх газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад шилжүүлсэн. Үүний дараа Төрийн нарийн бичгийн дарга нь Ажлын хэсэг байгуулах А/25 дугаар тушаалыг гарган, “М” ГҮТББ-ын үйл ажиллагааг шалгаж, дүгнэлт гаргасан. Захиргааны ерөнхий хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар Төрийн нарийн бичгийн дарга уг шийдвэрийг гаргахаас татгалзах ёстой боловч шийдвэр гаргасан тул хууль бус болно. Түүнчлэн ажлын хэсгийн дүгнэлт хугацаандаа гараагүй, хугацаа сунгасан шийдвэр байхгүй, ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд хууль бус гэж үзэж байна. Шүүх хэргийн үйл баримтуудын холбоог тодорхойлсонгүй.

4.4. “М” ГҮТББ нь Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргаж, тус гомдлыг Авлигатай тэмцэх газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн, уг гомдол мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шалгаж, ажлын хэсгийн дүгнэлт гаргаж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг. Түүний дараа Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх дүгнэлт гарсан.

4.5. Ажлын хэсгийн дүгнэлтийг Авлигатай тэмцэх газарт хүргэсэн ч “М” ГҮТББ-д хүргүүлээгүй үйл баримт, тус дүгнэлт нь “М” ГҮТББ-ын 2019 оны 12 дугаар сард Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол мэдээлэлтэй холбогдохгүй байгаа үйл баримт, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сард гаргасан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны удирдлагуудын үйлд ажиллагаа мэргэшсэн мэргэжилтний асуудалд хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөлийг үүсгэсэн байна гэдэг үйл баримт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь мэргэшсэн мэргэжилтний асуудалд 2017 онд ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь тогтоогдож, тухайн шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хүчингүй болгож байсан үйл баримтуудыг шүүх үнэлж, хууль зүйн үндэслэлтэй шийдсэнгүй.

4.6. Шүүхээс сайдын А/182 дугаар тушаалыг захиргааны акт гэж үзсэн. Уг актын үндэслэл болох ажлын хэсгийн дүгнэлт нь бусад хуульд нийцсэн байх шаардлагыг хангасан эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна.

4.7. Нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй гэснийг эс зөвшөөрч байна. Учир нь 81 дүгээр журмыг хүчингүй болгосон А/341 дүгээр журмыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцүүлж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар тайлбараа гаргасан байгаа юм. Тус захиргааны хэргийн шийдвэр хэрхэн гарахаас хамаарч нэхэмжлэгчийн эрх сэргэх эсэх нь шийдвэрлэгдэнэ.

4.8. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн, ажлын хэсгийн дүгнэлтийг хүчин төгөлдөр, нэхэмжлэгчийн эрх сэргэхээргүй гэж үзэн улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймээс тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах Захиргааны ерөнхий хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

3.1 Нэхэмжлэгч “М” ГҮТББ нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад холбогдуулан “Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Эрх хүчингүй болгох” А/182 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа оролцогчийн оролцоог хангаж, сонсох ажиллагааг явуулалгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан” гэж маргажээ.

3.2. Маргаан бүхий Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Эрх хүчингүй болгох” А/182 дугаар тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн “М” ГҮТББ-д шилжүүлсэн Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох эрхийг хүчингүй болгож, Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг шинэчлэн боловсруулахыг Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, уг тушаал гарсантай холбоотой Уул уурхайн сайдын 2015 оны “Эрх шилжүүлэх тухай” 233 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцжээ.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 10.1.16-д “геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмыг батлах;”, Уул уурхайн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Журам батлах тухай” 81 дүгээр тушаалаар батлагдсан “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”-ыг баталсан зэргээс үзвэл геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх зүйн байдал, түүнд эрх олгох болон мэргэшсэн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалтыг агуулсан гэж үзнэ.

3.4. Уул уурхайн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”-ын 2.2-т “Төрийн бус байгууллага нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:”, 2.2.3-т “геологи, уул уурхайн инженерүүдэд мэргэшсэн мэргэжилтний эрхийг олгох зэргийн сургалт, давтан сургалтыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх;” гэж тус тус журамласан байх бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тайлангаар “Геологи, уул уурхайн салбарын мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох асуудлыг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журмын 2.1-д заасан санамж бичиг байгуулснаас хойш “Санамж бичгийн хэрэгжилтийг талууд хамтран боловсруулсан төлөвлөгөөний дагуу олон нийтэд тайлагнана.” гэсний дагуу холбогдох төлөвлөгөөг боловсруулаагүй байна, “М” ГҮТББ нь чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр удирдах зөвлөлийн гишүүдийг 2016 оны 05 дугаар сарын 19, 2016 оны 07 дугаар сарын 05, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдэд нэмж, сольж томилсон байгаа нь “М” ГҮТББ-ын дүрмийг зөрчсөн байна, мөн ирүүлсэн тайлан, нэмэлт мэдээлэлд Удирдах зөвлөлийн хурал хуралдсан талаар мэдээлэл ирүүлээгүй байх бөгөөд төрийн бус байгууллагын дүрмийн 5.2, 5.3 дахь хэсгийг хэрэгжүүлээгүй байна, “М” ГҮТББ-ын дүрмийн 7.3-т Чуулган жилд нэг удаа хуралдах бөгөөд даргалагчаа сонгож, хурлын дэгээ сонгоно. Чуулганыг жил бүрийн эхний хагас жилд багтаан зохион байгуулна”, мөн дүрмийн 7.4-т “Чуулган сонгох эрхтэй гишүүдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг 2017-2019 онуудад хэрэгжүүлээгүй байна, Ес зүй ба гомдол хэлэлцэх хороо”-ны гишүүдээр хэн хэнийг томилон ажиллуулж байгаа нь тодорхойгүй байна ... “М” ГҮТББ-ын Ашигт малтмалын хайгуулын өрөмдлөгийн салбар хороо, Уурхайн гидрогеологи, геоэкологийн салбар хороо нь мэргэшлийн зэргийн сунгалт, баталгаажуулалт, мэргэшсэн зэрэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, шалгалт авах зэрэг ажлуудыг гүйцэтгээгүй байна, мөн зэрэг горилогчдод Эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлах журам”-ын 3.3-т: ““Мэргэшсэн” зэрэг хүссэн өргөдөл гаргагч нь бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш эрдэс баялгийн салбарт тухайн мэргэшлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх ба үүнээс 3-аас доошгүй жилд ахлах мэргэжилтний ажил эрхэлсэн байна” гэж, “Зөвлөх” зэрэг хүссэн өргөдөл гаргагч нь эрдэс баялгийн салбарт 5-аас доошгүй жилд мэргэжлээрээ ахлах мэргэжилтний ажил эрхэлж байсан байх” гэж заасан байгаа нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актаас давсан, гишүүнчлэл авах хүсэлтэй этгээдүүдийн эрх зүйн байдлыг дордуулж байна ... “М” ГҮТББ-ын дүрмийн 5.4-т Зөвлөлийн гишүүнчлэлийн хураамжаа төлөх хугацаанаас гурван сараар хэтэрсэн гишүүдийн нэрсийг бүртгэлээс хасна. Гишүүнчлэлийн эрхээ дахин сэргээх хүсэлтэй гишүүд хураамжаа төлж барагдуулах эсхүл Зөвлөлөөс тогтоосон гишүүнчлэлийн эрхийг сэргээх төлбөр төлнө” гэж заасан боловч гишүүн гишүүнчлэлийн төлбөрөө төлөөгүй байгаа нь тухайн гишүүн эрхийг цуцалж байгаа эсхүл гишүүнчлэлийг түдгэлзүүлж байгаа аль нь болохыг дүрэмд тодорхой тусгаагүйгээс гадна гишүүдийн гишүүн байх эрхэнд хууль бусаар халдаж байгаа зөрчил харагдаж байна” гэж дүгнэснээс үзэхэд мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчийн эрх олгох эрх авсан төрийн бус байгууллага нь үйл ажиллагаандаа ноцтой алдаа, дутагдал гаргасан, эрх мэдлээ хэтрүүлсэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн байх бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн эрхийг нь хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

3.5. Өөрөөр хэлбэл, “М” ГҮТББ нь төлөвлөгөө боловсруулаагүй, төрийн бус байгууллагын дүрмийн 5.2, 5.3, 6.9 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүй, Ашигт малтмалын хайгуулын өрөмдлөгийн салбар хороо, Уурхайн гидрогеологи, Газар зохион байгуулалт, геоэкологийн салбар хороо нь мэргэшлийн зэргийн сунгалт, баталгаажуулалт, мэргэшсэн зэрэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулах, шалгалт авах ажлуудыг гүйцэтгээгүй, нийтээр дагах хэм хэмжээг давсан зохицуулалт бүхий журам баталж хэрэгжүүлсэн” гэх үйл баримт тогтоогдсон байх тул хариуцагч захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг дахин тогтоох шаардлагагүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчиж сонсох ажиллагаа явуулаагүй нь буруу боловч энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ