Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 0260

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж,

           Улсын яллагч С.Б

           Шинжээч Ж.Г

           Хохирогч Б.З

           Шүүгдэгч Э.Ц

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ц холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн эмэгтэй, Э.Ц

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.З-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 05 сарын 22-ны өдөр гэр рүүгээ ортол хадам аав байсан ба мөнгө өгөх ёстой хүүхэн чинь ээжийг чинь зодох шахаад аваад гарлаа гэсэн. Би ээж рүү залгаад хаана байна гэж асуутал 6-17А байрны гадаа байна гэж хэлсэн. Тэгээд шууд яваад очсон. Би З-ийн үснээс зулгаасан нь үнэн, угзарч бол татаагүй, түлхэж унагаагүй, З өсгийтэй гуталтай байсан. Өөрөө хальтирч унасан нь үнэн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.З-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 05 сарын 22-ны өдөр Согоот багийн 6-17 байрны борлуулагчтай уулзах гэж ажил дээр нь очсон. Ц ээжийнхээ урд зогсчихоод ээжтэй минь юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд үснээс зулгааж аваад газар унагаасан. Миний үснээс туг үс унасан байсан ба би ах руугаа ярьтал цагдаа дууд гэхээр нь цагдаа дуудсан. Миний толгой өвдөөд хорсоод байгаа юм шиг байсан. Мөн толгой эргэж өвдөөд маргааш нь алхангуут толгой өвдөөд эргээд байсан. Хохирол төлбөрт 511.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг

-Хохирогч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед ... би ээжийг нь аваад 6-17а байрны гадаа борлуулагчийг хүлээж байхад ээж нь хүн дуудаад байсан. Тэгээд ээж нь утсаар ярья гэж байна гэхээр нь ярихад Ц над руу орилоод миний ээж аавтай яах гэж уулзаад байгаа юм бэ гэсэн. Удалгүй Ц нэг хүүхэнтэй хамт ирсэн. Ц миний куртикнээс хоёр гараараа бариад намайг гудчаад байсан, тэгэхээр нь би чи битгий миний биед хүрээд бай гэж хэлсэн. Тэгээд би ээжид нь утсаа өгөх гээд сарвайтал хоёр гар нь өөдөөс гараад ирсэн. Миний үснээс зулгааж, намайг угзарч газарт унагаасан, би газарт унаад харахад миний урд нэг метрийн зайд миний туг үс унасан байсан.” гэсэн мэдүүлэг /хх 9-10 хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны: 1.Б.З-ийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6.Гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн № 428 дүгнэлт /хх 15-16 хуудас/.

          -Шүүгдэгч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Тэгэхээр нь би үснээс нь зулгаасан гэтэл ээж боль гэхээр нь шууд тавьсан, би газарт унагаагүй. Гэтэл З өөрөө хальтирч 4 хөллөөд унасан. Үснээс нь зулгаахын хувьд зулгаасан ...” гэсэн мэдүүлэг /хх 21-22 хуудас/,

-Э.Ц-ын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01, 21-22 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27 хуудас/ зэрэг   болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.        

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэв.

            Шүүгдэгч Э.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хохирогчийг  үснээс нь зулгааж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би З-гийн үснээс зулгаасан нь үнэн, угзарч бол татаагүй, түлхэж унагаагүй, З өсгийтэй гуталтай байсан. Өөрөө хальтирч унасан нь үнэн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.З-гийн “Ц ээжийнхээ урд зогсчихоод ээжтэй минь юу яриад байгаа юм бэ? гэж хэлээд үснээс зулгааж аваад газар унагасан. Миний үснээс туг үс унасан байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.З-ийн биед тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.      

            Хохирогч Б.З нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 511.000 төгрөг нэхэмжилнэ гэж байх боловч шүүгдэгчээс Яргуйжин фарм ХХК-аас эм тариа худалдан авсан 201.500 төгрөг, Медипас эмнэлэгт толгойн рентген зураг авахуулсан 30.000 төгрөг, Яргуйжин фарм ХХК-аас эм худалдан авсан 15.150 төгрөг нийт 246.650 төгрөг гаргуулан хохирогчид олгож, 264.350 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

            прокуророос шүүгдэгч Э.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.