Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 0275

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                            

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн эрэгтэй, Б.Ц

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Хялганат-Амьдрал” ХХК-ны мод, модон материалын зах дээр хохирогч С.Ж-ыг авто машины тэвшин дээрээс түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 500.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,

-Хохирогч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 05 сарын 26-ны өдөр Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах “Хялганат” модны зах дээр ажилладаг авга ах Б дээр очиж Б гэх залуугийн хамтаар мод буулгах ажил хийсэн юм. 16 цагийн үед модны зах дээр мод буулгахаар ирсэн ачааны авто машинаас Б гэж залуугийн хамтаар мод буулгасан. Мод буулгаж байхдаа би санаандгүй “яасан муу банз мод вэ” гээд хэлтэл тухайн авто машины жолооч залуу тэвшин дээр гарч ирснээ “чамд ямар хамаатай юм, буу чи” гээд машины тэвшинээс намайг түлхэж газар унагаасан. Газарт унахдаа би зүүн гараа дарж унасан. Намайг жолооч машины тэвшинээс түлхэх үед Болд доор хараад зогсож байсан. Эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг авга ах Б-ийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 4-6 хуудас/

          -Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр  “Хялганат” модны зах дээр 3375 ОРХ улсын бүртгэлийн дугаартай ачааны машинаас 2 метрийн нарсан банзыг Ж бид хоёр буулгасан. Ж банзыг буулгаж байхдаа их өмхтэй банз байна гэхээр нь би Ж-д чи дуугай банзаа буулга гэж хэлсэн. Ж машины тэвшин дээр гарч ирэхээр нь би машин дээрээс буусан. Ж-ыг согтуу байж машины тэвшин дээр гарахаар нь Ц араас нь гарч Ж-г чи яасан олон үгтэй хүн бэ? гэж хэлээд түлхэж унагаасныг А, С бид 3 харсан. Ж-ыг Ц түлхэж унагачихаад машины тэвшээ хаагаад шууд яваад өгсөн. Ах Б нь Ж-ыг ирж аваад эмнэлэг рүү авч явсан ...” гэсэн мэдүүлэг /хх 7 хуудас/,

            -Гэрч Ч.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “Хялганат” модны зах дээр Жаргалсайхан нарсан банз буулгаж байхдаа А, Ц бид гурвыг хэл амаар доромжлоод байсан. Б, Ж-ыг машины тэвшин дээр гаргаж банз буулгуулж байхад согтуу байсан. Ж, Ц-ыг хэл амаар амаар доромжлоод байхаар нь та наад хэл амаа бодооч настай хүн байж гэж хэлсэн. Тэгээд Ц машины тэвшин дээрээс Ж-ыг түлхээд унагаасан. Б гэх ах нь Ж-ыг авч явахдаа зодоод өшиглөөд аваад явсан. Ц их л томоотой, хүмүүжилтэй хүүхэд шиг санагддаг...”гэсэн мэдүүлэг / хх 9 хуудас/,

          - Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “... 2020 оны 05 дугаар сарын 26-ны   өдөр Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах “Хялгант” модны зах дээр Ц нарсан банз авч ирээд пүрүүс болгоод өгөөч гэхээр нь би Б банз буулгуулж байхад Ж ирж цуг буулгалцаж байсан. Тэгээд яваад очтол Ж согтуу Ц-т банз чинь их өмхөрсөн чиний царайтай адил гэж хэл амаар доромжлоод байсан. Б, Ж-д хандан дуугай бай, чи энэ машины тэвшин дээр гар гээд гаргасан. Ц машины тэвшээ цэвэрлэх гээд гарсан чинь Ж элдвийн үгээр доромжлоод байхаар нь тэвшин дээрээс түлхээд унагаасан. Ж газар уначихаад босч ирээд Ц-ыг цохиж зодох гээд дайраад байхаар нь ойр хавьд байсан хүмүүс ах Б-ийг нь дуудаж өгөөд явуулсан ...”гэсэн мэдүүлэг /хх 8 хуудас /,

- Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн 430 дугаартай: “... 1. С.Ж-ны биед зүүн гарын шуу ясны далд зөрөөтэй хугарал, тархи доргилт, духны зүүн талд, зүүн шанаанд зүүн чихний омогт 3 тооны зулгаралт, зүүн гуяны доод хэсэгт болон зүүн өвдгөнд 2 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Зүүн гарын шуу ясны зөрөөтэй хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

6. Гэмтэл нь 2020 оны 05 сарын 26-ны өдөр үүссэн байж болно ” гэсэн дүгнэлт /хх 14-15 хуудас/

-Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “ 2020 оны 05 сарын 26-ны өдөр “Хялганат” модны захын хашаан дотор 3375 ОРХ улсын дугаартай ачааны машинаас ачаа буулгуулж байсан. Ж гэх ах банз буулгаж байхдаа хагархай хуучны банз байна гээд чанга, чанга орилоод байсан. Намайг тэр ах захын ченж нарт луйвардуулж байхдаа таарсан амьтан, банз шигээ царайтай пизда гээд хэл амаар доромжлоод байсан. А эгч дээр би очиж энэ мод буулгаж байгаа хүн чинь согтуу байна хаанаас гараад ирэв гээд бид 2 хамт очоод боль гэхэд машины тэвшин дээр үсрээд гарсан. Би өөрөө буулгая гэхэд Б ах машины тэвшнээс банз авч өгөхөөр нь авах гэхэд Ж хажуу талаас намайг банзаар гэдсэн тус газар цохисон. Би машин руу гараад буу гэсэн чинь буухгүй байхаар нь чирээд буулгасан. Машины тэвшин дээрээс буулгасны дараа Ж-ы ах ирээд архи уухаараа энэ ингэдэг байхгүй юу гээд цохиж зодоод байсан. Тухайн үед би гар нь хугарсан талаар мэдээгүй. Хүлээн зөвшөөрч байна, миний буруу ” гэх мэдүүлэг /хх 24-25 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 27 хуудас/

-Б.Ц-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21, 22-25 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Ц нь С.Ж-ны эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хохирол төлөгдсөн, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Хялганат-Амьдрал” ХХК-ны мод, модон материалын зах дээр хохирогч С.Ж-ыг авто машины тэвшин дээрээс түлхэн унагааж эрүүл мэндэд нь зүүн гарын шуу ясны зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг, хохирогч С.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 05 сарын 26-ны өдөр Их залуу багийн нутаг дэвсгэрт байрлах “Хялганат” модны зах дээр ажилладаг авга ах Б дээр очиж Болдоо гэж залуугийн хамтаар мод буулгах ажил хийсэн юм. 16 цагийн үед модны зах дээр мод буулгахаар ирсэн ачааны авто машинаас Болд гэж залуугийн хамтаар мод буулгасан. Мод буулгаж байхдаа би санаандгүй “яасан муу банз мод вэ” гээд хэлтэл тухайн авто машины жолооч залуу тэвшин дээр гарч ирснээ “чамд ямар хамаатай юм, буу чи” гээд машины тэвшинээс намайг түлхэж газар унагаасан. Газарт унахдаа би зүүн гараа дарж унасан...” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед зүүн гарын шуу ясны зөрөөтэй хугарал бүхий хүндэвтэр гэмтэл үүссэнийг тогтоосон 430 дугаартай шинжээчийн дүгнэлт,гэрчүүдийн мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            прокуророос шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч С.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “эмчилгээний зардал 500.000 төгрөгийг авга ах Баттөмөрийн хаан банкны данс руу шилжүүлсэн гомдол саналгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. 

            Шүүгдэгч Б.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогч С.Ж  зүй бус үйлдлээс энэ гэмт хэрэг гарах болсон, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.