Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 11

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, ПЕ52091014 дугаарын регистртэй, Ботахара овогт Хажиханы Бейсенбайн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Бейсенбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Уянга нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Бейсенбай нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Бейсенбай нь Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр 1981-1994 оныг дуустал улсад нийт 13 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал нь байгаа боловч ажлаас гарсан тушаал нь байхгүй учир хохироход хүрээд байна. Иймд намайг 1981-1994 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч  Х.Бейсенбай нь 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1912 дугаартай лавлагаа,

Ховд аймгийн социалист хөдөлмөрийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаар тушаал,

1981 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

1983 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр нээсэн Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний Бат илэрхийлэл,

Гэрч Б.Чакиртийн “... Х.Бейсенбай нь 1981-1994 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан нь үнэн. Би тухайн үед тэр төмрийн тасагт мужаан, төмөрчнөөр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг

Гэрч А.Хабайн “... Х.Бейсенбай нь 1981-1994 оныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсан нь үнэн. Би тухайн үед Х.Бейсенбайтай хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч Хажиханы Бейсенбайг Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Ботараха овогт Хажиханы Бейсенбайг 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 13-ныг дуустал Ховд аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд төмөрчнөөр ажиллаж байсныг тогтоосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ