| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0054/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 27.2.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга: Б.Маанийдаарий
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Хохирогчийн хууль ёсны төлөлөлөгч С.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лын өмгөөлөгч Г.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Ч
Шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эад холбогдох 1722000490039 тоот хэргийг 2020 оны 4 сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн , ...оны .... дугаар сарын ............-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ..........настай, ............боловсролтой, .............мэргэжилтэй, ......... ам бүл-..............тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Эын Э
Шүүгдэгч Э нь /яллах дүгнэлтэнд ддсанаар/ 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглаж, Дундговь аймгийн Адаацаг сумын .....-р багийн нутаг “Б” гэх газар оршин суух Э.Тгийн гэрээс их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, хормойн боолт, мөнгөн ташуур зэрэг эд зүйлийг хулгайлж 15330000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар-Дундговь чиглэлийн хатуу хучилттай замд .......... УБС улсын дугаартай “Хюндай верна” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ......... УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машиныг мөргөж, зорчигч Ц.Э, Г.Ж нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
А.Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар:
- Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2017.08.31-нд би гэртээ байж байтал С ах залгаад уулзах хэрэг байна гэж дуудсан. Намайг гараад очиход нэг ажил байна гээд дагуулаад явсан. Тэгээд Өлзийт хороолол өнгөрөөд явж байгаад хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад Тгийнд очиж эмээл авна гэж явсан. Тэгсэн шороон замаар явж байгаад төөрөөд замдаа хоносон. 9 сарын 1-ний өглөө нөгөө айлаа олоод С ах цонхыг нь хагалаад би орж эмээлийг авсан. Тэгээд хотруу буцаад хотод ирээд намайг гэрийн гадаа буулгаад тэр хоёр гэрлүүгээ явцгаасан...” гэв.
- Шүүгдэгч Э.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 2 дугаар сард цагаан сараар буюу шинийн 3-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын нутаг “Т.” гэх газарт хадам аав Аийн гэрт нь эхнэр хүүхдүүдтэйгээ очсон юм. Хадмынд байж байхад Т гэх ах хүүхэдтэйгээ ирсэн. Тэр хоёр хүн морьтой ирсэн, морин дээрээ их гоё мөнгөн тоноглолтой эмээл тохчихсон байхаар нь би сонирхоод бид нар зургаа татуулсан юм. Тухайн үед С ах бас хамт очсон байсан. Тэгээд л тэр эмээл ташуур зэргийг сонирхох болсон юм. Түүнээс хойш 2017.08.31-ний өдөр орой намайг гэртээ байж байтал С ах утсаар залгаад гараад ир гэсэн. Намайг гараад очиход ажил байна гээд би машинд нь суугаад явсан. Тэгээд машинд нь суугаад явж байхад М гэх нэртэй хүн бинзен хийж машины банк дүүргэсэн. Тэгээд би явж байгаад хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад С ах урагшаа явж нөгөө эмээлээ авна аа гээд намайг Адаацаг сумруу дагуулж явсан. Бид нар засмал замаас гараад шороон замаар явж байгаад төөрсөн. Бид нар машиндаа унтаад өглөө сэрээд тэр хавиар цаг нөхцөөх газар сонирхож яваад Тгийн зүүн уулан дээр гарч Тг гэртээ байгааг нь харсан. Гэтэл тэднийх 4 дугуйтай вагончигтай байсан. Гадна нь хүн амьтан харагдахгүй байхаар нь очиж үзье гээд очтол тэр вагончигт хүн байхгүй байсан. Тэгсэн С ах цонхыг нь хагалаад орох гэтэл багтаагүй, тэгэхээр нь би орж мөнгөн тоноглолтой эмээл, мөнгөн тоноглолтой ташуур, мөнгөн тоногтой хазаар, мөнгөн хормойн боолт аваад С ахад өгсөн юм. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу шууд явсан. Хотод очоод намайг гэрт буулгаад М, С ах хоёр явсан. Намайг буулгахад би мөнгөн хормойн боолтыг аваад үлдсэн юм. Тэр айлаас мөнгөн хормойн боолт авсан гэдгийг тэр хоёр мэдэж байсан, харин машинаас буухдаа авсан гэдгийг мэдээгүй байх. Хэд хоногийн дараа С ах залгаад уулзах газар тохироод М, С бид нар уулзсан. Тэгсэн нөгөө эмээлээ очиж задлая гэхээр хаана байгаа эсэхийг асуухад Баянхошууны зээлд айлд байгаа гээд бид нар тэр айлд очсон. А гэх айлд байсан. Бид нар очоод мөнгөн эмээлийг задлаад тоноглолуудыг салгаж, мөн мөнгөн хазаарыг эвдээд чимэглэлүүдийг нь авсан юм. Тэр айлд үлдээгээд сур, олом зэргийг нь тэр айлын хашаанд шатаагаад С ах, М хоёр тэр мөнгөн эмээлийн чимэглэлүүдийг өөр эмээл дээр угсарч гөлөм, суудлыг нь сольж зарна гэж хоорондоо ярьж байсан. Тэрнээс хойш 2018 оны 1 дүгээр сард цагдаад баригдсан. Намайг уруу татсан хүн бол С ах байгаа юм. Мөнгөн эмээл хулгай хийе гэхэд би сонссон мөртлөө дагаад явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-247-248/
- Хохирогч Э.Тгийн: “...Би 2017.08.31-ний өдөр ганцаараа хөдөө гэрээсээ Төв аймаг явсан. Явахдаа мал болон гэрээ Т эгчид харж байгаарай гэж захиж үлдээгээд явсан. Тэгээд 2017.09.01-ний өдөр хүүхдээ сургуульд нь оруулж өгөөд байж байтал 09 сарын 02-ны өдөр Т эгч залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ иртэл зөөврийн сууцны урд талын цонхыг хагалаад гэрт орж их гарын мөнгөн эмээл, шинэ, хуучин цагийн 2 ширхэг мөнгөн хазаар, мөнгөн ташуур, хормойн боолт зэрэг эд зүйлсийг хулгайлсан байсан. Би эмээлээ 25.000.000 төгрөгөөр, хуучин цагийн хазаар 2.500.000 төгрөгөөр, шинэ цагийн мөнгөн хазаар 2.500.000 төгрөгөөр, мөнгөн хормойн боолт 2.500.000 төгрөгөөр, мөнгөн ташуур 3.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Хэрэг гарахаас өмнө нь өдрийг нь сайн санахгүй байна, тухайн үед би гэртээ байсан. Малаа харах гээд гарахад манай зүүн талд цагаан өнгийн прадо 120 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Улсын дагаарыг нь харж амжаагүй, уулзах гээд очихоор цаашаагаа зугатаагаад байсан юм. Тэгээд намайг Төв аймаг явсан хойгуур гэрт хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-39-40, 210-211/
- Гэрч Ж.Тийн “...Миний эгчийн хүүхэд Э.Т нь манайхтай саахалт амьдардаг юм. Тэгээд 2017.08.31-ний өдөр Т хүүхдээ сургуульд оруулах гээд гэр бүлээрээ Төв аймаг явсан. Би малыг нь харж үлдсэн юм. 9 сарын 02-ны өглөө 09 цагийн үед ирэхэд зөөврийн сууцных нь урд талын цонхыг хагалсан дотрооос нь эмээлийг нь авсан байсан. Тэгээд би Т болон цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-41-42/
- Гэрч Б.Мийн “...Тухайн хугацаанд хэд хэдэн хүнээс мөнгөн хормойн боолт авсан санагдаж байна. Яг хэзээ хэдэн төгрөгөөр худалдаж авснаа санахгүй байна. Би тэр хүмүүсийг одоо харвал танихгүй, хормойн боолт одоо байхгүй, дархны газарт өгөөд мөнгөн эдлэл хийлгэсэн...“ гэх мэдүүлэг /1-р хх-47/
- Гэрч А.Хгийн: “...Тухайн үед манай нөхөр гар утасгүй байсан. Бид хоёр дундаа 98801106 гэсэн дугаарын утастай байсан. 2017 оны 08 сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна нэг орой гар утасруу хүргэн ах С залгасан, ямар дугаараас залгасан талаар санахгүй байна. Манай нөхөр Этай ярьсан, утсаар ярьж дуусаад манай нөхөр С ах гараад ир халтуурын ажил байна гэж байна, С ахтай хамт яваад ирье гээд явсан. Тэгсэн маргааш орой нь унтах гэж байхад ирсэн, хаашаа яваад ирсэн талаараа надад огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-57-58/
- Гэрч Н.Аийн: “...Би 2017.08.29-ний үед Тгийнд очоод бид 2 хамт саахалт айлд нь очиж хоносон юм. Тэгээд маргааш нь Тгийнд ирсэн. Тэгсэн өглөө 10 цагийн үед тэдний гэрийн зүүн урд хяраас цагаан өнгийн жип машин гарч ирээд удаахан Тгийн гэрийг чиглээд явж байгаад гэрийнх зүүн талаар хойшоо явсан. Т дурандаад прадо машин юм шиг байна гэж байсан. Би бас харахад прадо машин харагдсан. Тэгээд хойд уул руу ороод алга болсон. Т надад энэ машин өчигдөр бас явж байсан гэж ярьж байсан. Тэр машиныг бараг 1 км гарангын холын зайнаас харсан болохоор улсын дугаар, марк зэргийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-207-209, 223/
- Гэрч Ж.Ан “... 2017 оны 09 дүгээр сард байх шөнө гэртээ унтаж байхад гаднаас М, С хоёр орж ирээд С надад ах танай урд өрөөнд хүний нэг юм оруулж тавъя гэсэн. Тухайн үед манай гэрт эхнэр хүүхэд унтаж байсан. Би бас өөрөө унтаж байгаад сэрсэн болохоор нэг их анзаараагүй тэгээ тэг гэсэн. Ямар эд зүйл авч ирсэн талаар мэдээгүй. Ямар ч байсан боосон эд зүйл авч ирээд манай хэрэглэдэггүй урд өрөөнд тавьсан. Нилээн хэд хоногийн дараа манай гэрт нэг танихгүй залуу ирсэн юм. Тэр залуу Э гэх хүн байсан. Тэр залуу надаас би өөрийнхөө эд зүйлийг авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай урд өрөөнд байгаа ав ав гэж хэлсэн. Тэр залуу нөгөө М, С нарын тавьсан боолттой эд зүйлийг авахаар өрөө рүү ганцаараа ороод нилээн удаад гараад ирсэн. Надад энэ эмээлийн мод гөлөм хоёрыг гаргаад хаячихъя гэхээр нь би ийм юмыг яаж хаяж болдог юм бэ чамд хэрэггүй юм бол тэгээд орхичих, би сүүлд хүнд өгье гэж хэлтэл манай гэрт орхиод Э боолттой эд зүйл аваад явсан. Тэрнээс хойш дахиж С болон М, Э нартай уулзаагүй. Намайг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хоригдож байхад манай гэрт цагдаа нар ирээд тэр эмээлийн мод гөлөм зэргийг аваад явсан сураг байсан... Намайг гэртээ байхад 2017 оны 09 дүгээр сард манай гэрт М, С нар машинтай ирсэн. Манай гэрт энэ хоёр л орж ирсэн. Гадаа машин дотор хүн байсан үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /5-р хх203-205, 6-р хх-11/
- Ж.Б “...2018 оны 01 дүгээр сард байхаа би одоо сайн санахгүй байна, намайг ажил дээрээ байхад утсаар нэг цагдаа яриад намайг гэртээ хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би гэртээ очтол манай гэрт цагдаа ирчихсэн байсан. Тэр цагдаа манай гэрт нэгжлэг хийгээд хэдэн мөнгөн эдлэл гаргаад тавьсан байсан. Би тэр хүнийг хаанаас гаргаж ирсэн гэдгийг хараагүй, сүүлд нь нөхөртэйгөө утсаар ярьж асуухад ойлгомжгүй юм яриад утсаа тасалсан юм. Би одоо юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тухайн үед асуухад наад юмыг чинь хүн тавьсан юм гэж л ярьсан. Хэн гэдгийг нь сайн хэлээгүй шиг санаж байна. Би одоо мартаад байна...” гэх мэдүүлэг /6-р хх-113/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх10-13/
- Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх19-23/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-26/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-29,34/
- Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх77-78/
- “Уваа-Уул” ХХК-ийн дүгнэлт /2-р хх-200-206/
- Хураагдсан тээврийн хэрэгсэл, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад баримтуудыг шинжлэн судлав.
Б. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн талаар:
- Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018.11.01-ний өдөр Дундговь аймгийн шүүхээс хэргийг чинь прокурорт буцааж байна ир гэж дуудсан. Тэгээд би өглөө унаанаасаа хоцорчихсон чинь заавал ирэх ёстой гэсэн. Тэгэхээр нь өмгөөлөгчөөрөө яриулаад өмгөөлөгч маргааш өглөө гарчих гэсэн. Тэгсэн шүүгчийн туслах утсаар залгаад 16 цаг өнгөрч байхад өнөөдөр ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд унаа олдохгүй байхаар нь би Жгаас машиныг нь гуйсан. Тэгсэн Ж хамт явъя гээд эхнэр хүүхэдтэй нь, манай эхнэр бид 5-лаа явсан. Би Төв аймгаас цааш машиныг нь жолоодоод явсан. Дэлгэрцогт өнгөрөөд явж байгаад аваар гарсан. Би 76 км цагийн хурдтай явж байсан. Гэтэл урд талд явж байсан приус-20 маркийн машин гэнэт тоормозлосон. Би тоормоз гишгээд зогсохгүй гулгасаар байгаад урд талын машиныг мөргөсөн...” гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018.11.01-ний өдөр гэртээ байж байтал Э.Э эхнэртэйгээ манай гэрт ирсэн. Дундговь аймгийн шүүхээс дуудсан, Жтай явна гэхээр нь маргааш явж болдоггүй юм уу гэхэд өнөөдөр заавал ир гэсэн гээд эд нар цуг явсан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад осол гарсан гэж сонсоод гэрээсээ шөнө 00 цагийн үед гараад өглөө 04 цаг болж байхад ирсэн. Ирээд эмчтэй уулзаад 3-ны өглөө Дундговь аймгаас Улаанбаатар хотруу гэмтлийн эмнэлэг рүү явсан. Хотод очоод хагалгаанд орсон. Хамар нүднээс дээш ерөөсөө яс байхгүй нөхөөс тавина гээд хагалгаад орсон. Тэгээд 12 сард эмнэлгээс гараад буцаад 1 сард таталт өгөөд дүүргийнхээ эмнэлэгт хэвсэн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт 2 сард томографикт харуулсан чинь тархиндаа идээлээд буглаа үүссэн байна гээд ахиад хагалгаанд орсон. Нийтдээ 3 удаа хагалгаанд орчихоод байгаа. Эхэндээ Э эм тарианы мөнгө өгч байсан, дансаар 2 удаа мөнгө шилжүүлсэн бусдыг нь өөрсдөө авсан. Дараагийн 2 хагалгаанд ерөөсөө эм тариа авч өгөөгүй, үзэгдээгүй, утасдаад хэлдэг байхгүй, сүүлдээ утсаа авахаа байсан. Ийм л зүйл болсон. Одоо миний хүүхэд унадаг, татдаг өвчтэй болсон. Нүд нь сайн хардаггүй, ажил хийх ямар ч нөхцөл байхгүй групт орсон. Одоо бол цаашдаа эмчилгээ байхгүй өдөр бүр, сар бүр эм ууж байгаа. Тэрнээс өөр эмчилгээ байхгүй гэсэн. Одоо яаж байна ч гэж асуухгүй байгаад нь би их гомдолтой байгаа. Эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан хүүхдийг минь ажилгүй, амьдралгүй болгочихоод таг болсон. Энэ хүн эрүүл саруул хүн амьдараад л явна. Бид 2-ыг байхгүй болоход миний хүүхдийг хэн асарч харах юм би мэдэхгүй байна. Би байнга хүүхдээ дагаж явдаг болсон. Би их гомдолтой байгаа, гомдож байгаа. Одоо Эаас эмчилгээтэй холбогдон гарсан зардал 4.112.400 төгрөг, акттай байх хугацааны цалингийн зөрүү 2.892.750 төгрөг, груптэй байх хугацааны цалингийн зөрүү 6.328.000 төгрөг, машины эвдрэл болон тээвэрлэхтэй холбоотой зардал 1.570.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой замын зардал 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ганлхагвын хүүгээ сахих хугацаанд олох ёстой байсан орлого 1.670.000 төгрөг буюу нийт 17.519.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эын ар гэрээс бэлнээр 1920.000 төгрөг өгсөн. Үүнээс 800.000 төгрөгийг нь тархинд суулгасан титан ялтаст төлсөн. Түүнд баримт өгдөггүй гэсэн учраас 1.120.000 төгрөгийг хохирлоос хасч тооцно гэв.
- Хууль ёсны төлөөлөгч С.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр өдөр 17:00 цагийн үед Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Номгон сумруу ........ УБХ улсын дугаартай приус-20 маркийн автомашинаар би 3 хүүхэдтэйгээ, ээж С, манай нөхөр С нар гарсан. С машин жолоодож явсан. 21 цаг өнгөрч байх үед Дундговь аймгаас хойш 15 км орчимд явж байгаад замын эвдрэлтэй хэсэг гэнэт тулаад ирсэн. Тэгээд манай жолооч автомашиныхаа хурдыг сааруулаад уг эвдрэлийг тойрох гэтэл араас машин мөргөөд тэгээд зогссон. Дотор явж байсан хүүхдүүд болон ээжийгээ буулгахад манай бага охин Э жолоочийн суудлын арын хэсэг рүү шидэгдээд суучихсан байсан. Тэгээд буулгаад үзтэл Эийн дух хэсэг хавдсан байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд түргэн тусламж дуудаад Дундговь аймгийн төвд эмнэлэг дээр очсон... гэх мэдүүлэг /3-р хх-17/
- Хохирогч Х.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018.11.01-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Номгон сумын төв орох гээд 17 цаг өнгөрч байх үед гарч явсан. Тэгээд засмал замаар явж байхад түк гээд дуугарсан, тэрнээс хойш юу болсон мэдэхгүй байна. Миний зүүн талын хавирга хугарсан, нуруу өвдөж байна, бас гишгэхдээ муу, шилэн хүзүү өвдөж байгаа, шөнө унтаж чадахгүй байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-25-26/
- Гэрч И.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Өмнөговь аймгийн Номгон сум орох гээд явж байсан. Тэгээд засмал зам дээр бага зэрэг эвдрэл гараад ирэхээр нь хурдаа сааруулж явахад гэнэт тас хийх чимээ гарахаар нь тухайн үед би гүнзгий нүхэнд дугуй таарчихлаа гэж бодоод цаашаагаа жаахан яваад, зогсоод буугаад харсан чинь ард талд нэг машин эвдэрсэн байдалтай засмал зам дээр машины эд ангиуд тарсан байдалтай харагдсан. Ар талын суудал дээр ээж С ухаан нь манарсан байдалтай, мөн том охин Э ухаан нь орж гарсан, бага охин ээжийнхээ өвөр дээр уйлсан байдалтай байсан. Тэгэхэд цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тэгээд түргэн тусламж ирээд эхнэр, хүүхдүүдийг аваад явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, миний биед учирсан гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-40/
- Гэрч А.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би нөхөр Э, найз Жгийн гэр бүлийн хамт 2018.11.01-ний өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймгийн төв орох гээд гарч явсан. Машиныг Ж унаад явж байсан. Төв аймгийн замын постын хажууд байдаг ШТС-аас бензин аваад Ж машинаа манай нөхөр Эад өгсөн. Манай нөхөр машиныг жолоодоод явж байгаад Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс зүүн хойно засмал зам дээр явж байхад урд талд нь явсан приус-20 маркийн машины тоормозны улаан гэрэл асаад хурд нь саарч эхэлсэн. Тэгээд урд талын машиныг очоод мөргөсөн. Манай нөхөр машин бариад би хажуу талын суудал дээр, ард талын суудалд Ж, О нар сууж явсан. Тэр хоёр хүүхдээ хаана авч явсныг мэдэхгүй. Миний цээж, бөөр өвдөж байна, зүүн талын өвдөгний хэсэгт хөхөрсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-45/
- Гэрч Н.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018.11.01-ний өдөр бүрэнхий болж байхад Улаанбаатар хотоос Дундговь аймаг орох гээд нөхөр Ж, Э, Х, өөрийн хүү А нарын хамт явсан. Хотоос гарахад Ж машин унаад явж байгаад цайны газар зогсоод тэрнээс хойш Э жолоодоод их хурдтай явж байгаад гэнэт тоормозлоод машины араас мөргөсөн. Тэгээд машинаас буугаад харахад миний сууж явсан машины урд тал эвдэрсэн урд талд цагаан өнгийн приус-20 маркийн машин зогсож байсан. Тэгээд замын машинд суугаад Ж хүү бид 3 Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж очсон. Миний зүүн хөл тэр чигтээ хөхөрсөн. Бас нуруу гэмтсэн. Миний хүү Анх-Эрдэнийн биед ослын улмаас толгойн хаван үүссэн байна гэж эмч хэлсэн... гэх мэдүүлэг /3-р хх-55-56/
-Гэрч А.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018.11.01-ний өдөр Дундговь аймгийн Цагдаагийн газрын ажлын хэсэг Дэлгэрцогт сумын төвд албан ажлаар явж байсан юм. Тэгээд орой Дэлгэрцогт сумын төвд гэртээ агсан тавьсан хүнийг аймгийн Цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлэх гээд хэсгийн цагдаа Н-ын хамт сумын төвөөс гараад явж байхад верна аксент маркийн /ар талын гэрэл байхгүй/ машин миний сууж явсан машиныг гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд аймгийн төврүү нилээн дөхөж явахад бид нарыг гүйцэж түрүүлсэн аксент маркийн машин приус-20 маркийн машины араас мөргөсөн байдалтай замд зогсож байхаар нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. Миний сууж явсан машин тухайн үед 70-80 км цагийн хурдтай явж байсан байх. Осол болсон газар нь Сайнцагаан сумын төвөөс 10 гаран км байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-60/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.11.15-ны өдрийн 13298 тоот дүгнэлтэд: Ц.Эийн биед дух яс, суурь яс, баруун чамархайн яс, баруун нүдний ухархайн гадна ханын хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн эдийн няцрал, цус хуралт, хатуу хальсны урагдал, тархины хатуу хальсан, доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун чамархай, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /3-р хх-66/
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018.11.16-ны өдрийн 13449 тоот дүгнэлтэд: Г.Жгийн биед гавлын зулай, дух, суурь яс, турк эмээл, хоншоор, тагнай, баруун, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, их тархины хоёр талын бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, духанд шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой гэжээ. /3-р хх-68/
- Шүүхийн шижилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019.01.30-ны өдрийн 198 тоот дүгнэлтэд: Г.Жгийн биед урьдны дүгнэлтэнд дурдсанаас өөр гэмтэл тогтоогдсонгүй. Харин гавал тархины гэмтлийн улмаас хоёр нүдний харааны мэдрэлийн хатингаршил үүсч хараа буурчээ. Нүдний харааны бууралт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 30 хувь нөлөөлөх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ. /3-р хх-72/
- Шинжээчийн 2018.12.07-ны өдрийн 180200360 тоот дүгнэлтэнд: Нэмэлтээр ирүүлсэн материалд Х.Сгийн биед зүүн 6,7,8,9-р хавирганы зөрүүтэй хугарсан гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл зам тээврийн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй гэжээ. /3-р хх-124/
- Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018.11.21-ний өдрийн 59-р дүгнэлтэнд “Верна маркийн ..... УБӨ улсын дугаартай автомашины жолооч Э.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Приус-20 маркийн ......... УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Верна маркийн ........ УБӨ улсын дугаартай автомашины жолооч Э.Эын буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан байна” гэжээ. /3-р хх-111/
- Тээврийн хэрэслийн үнэлгээ /3-р хх-н 116, 121/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лаас гаргаж өгсөн хохирлын баримтууд
- Дундговь аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн дүгнэлт /3р хх-107, 109/
- Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
В. Шүүгдэгчийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Э нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл ашиглаж, Дундговь аймгийн Адаацаг сумын .....-р багийн нутаг “Б” гэх газар оршин суух С.Т-ийн гэрээс их гарын мөнгөн эмээл 1 ширхэг, мөнгөн хазаар 2 ширхэг, хормойн боолт, мөнгөн ташуур зэрэг эд зүйлийг хулгайлж 15330000 төгрөгийн хохирол учруулсан мөн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар-Дундговь чиглэлийн хатуу хучилттай замд ....... УБС улсын дугаартай “Хюндай верна” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас ......... УБХ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн авто машиныг мөргөж, зорчигч Ц.Э, Г.Ж нарын эрүүл мэндэд хүнд, Х.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Эын хохирогч Х.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-зааснаар прокурорын 2019 оны 12 сарын 12-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Э нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх хэсэгт заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 09 сарын 01-02-нд шилжих шөнө хохирогч Э.Тгийн гэрээс эд зүйлийг Ж.С, Х.М нарын хамт явж хулгайлсан гэж мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэн Ж.С, Х.М нарыг яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч Х.М, Ж.С нар нь шүүгдэгч Э.Эын хамт явсан болох нь тогтоогдсон боловч уг гэмт хэргийг үйлдэхэд ямар нэг хэлбэрээр хамтран оролцсон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10, 11 дугаартай тогтоолоор яллагдагч Х.М, Ж.С нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрээ оролцогч нарт мэдэгдсэн бөгөөд хэргийн оролцогч нарын хэн алинаас прокурорын тогтоолд гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох” нь прокурорын бүрэн эрхийн асуудалд хамаарч байна.
Нэгэнт бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж, хуулийн хүчин төгөлдөр болсон прокурорын тогтоолын талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй бөгөөд шүүгдэгч Э.Эын холбогдсон бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг удаа дараа прокурорт буцаасан, үүний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн хохирогч нарт чирэгдэл үүсч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Э.Эад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Эын холбогдсон бусдын эд хөрөнгийг хулгайлах хэргийн оролцогч нараас Х.М, Ж.С нарыг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар шүүгчийн туслахаас шүүх хуралдааны тов мэдэгдэх үед илэрхийлсэн бөгөөд энэ талаархи гомдлоо прокурорт гаргах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Эын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Э.Т болон хохирогч Х.С, Ц.Э нарын хууль ёсны төлөөлөгч С.Н нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Э.Эын хувийн байдал болон прокурор, шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хорих ял, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно ” гэж заасан байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Эын биечлэн эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Г.Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь хохирогч Э.Тд учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нд 2.700.000 төгрөг, хохирогч Э.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 2-р хавтаст хэргийн 99, 6-р хавтаст хэргийн 55, 57-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дурдах нь зүйтэй.
Хохирогч Г.Жгийн хууль ёсны төлөөлөгч С.Лаас шүүгдэгч Э.Эаас хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардал 4.112.400 төгрөг, акттай байх хугацааны цалингийн зөрүү 2.892.750 төгрөг, груптэй байх хугацааны цалингийн зөрүү 6.328.000 төгрөг, машины эвдрэл болон тээвэрлэхтэй холбоотой зардал 1.570.000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой замын зардал 600.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Гн хүүгээ сахих хугацаанд олох ёстой байсан орлого 1.670.000 төгрөг буюу нийт 17.519.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Л нь нийт 17.519.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч үүнээс хохирогч Г.Жгийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол нь 15.849.000 төгрөг бөгөөд үлдэх 1.670.000 төгрөг нь иргэний нэхэмжлэгч Н.Гн нэхэмжлэл байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Гг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх үүргийг нь тайлбарласан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцох эрхийг хохирогч Г.Жгийн хууль ёсны төлөөлөгч С.Лт олгосон болох нь итгэмжлэлээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лын шүүхэд гаргасан хохирлын талаархи баримтыг судалж үзэхэд хохирогчийн эрүүл мэндтэй холбогдон гарсан 4.112.400 төгрөгийн, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон тээвэрлэхтэй холбогдон гарсан зардал 1.570.000 төгрөгийн / 3-р хх-ийн 116-120, 6-р хх-ийн 28-30/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зорилгоор Дундговь аймагт ирж очсоны 600.000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Мөн хохирогч Г.Ж нь осолд орох үедээ Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид харуулчин албан тушаалд дэд ахлагч цолтойгоор ажиллаж байсан болох нь 4-р хавтаст хэргийн 205-212-рт авагдсан баримтаар тогтоогдож байх тул акттай байх хугацааны цалингийн зөрүү 2.892.750 төгрөг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Акттай байсан хугацааны цалингийн зөрүүг 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 сарын 01-ний өдрийг буюу хохирогч Г.Жгийн хөдөлмөрийн чадвар алдалдыг тогтоосон эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэр гарах хүртэл 8 сарын хугацаагаар тооцсон бөгөөд акттай байсан хугацааны нэг сарын цалингийн зөрүү нь 361593 төгрөг болж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лаас хохирогч Г.Жгийн хөдөлмөрийн чадвар алдалд тогтоосон хугацааны цалингийн зөрүү 6.328.000 төгрөг нэхэмжилсэнийг судалж үзээд шүүгдэгч Э.Эаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 7 сарын 2-ны өдрийн 216613 дугаартай шийдвэрээр хохирогч Г.Жгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 79 хувиар 12 сарын хугацаагаар тогтоосон болох нь 5-р хх-ийн 71, 77-р хуудсанд авагдсан акт, шийдвэрээр, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон хугацаанд сард 174.000 төгрөгийн тэтгэмж авдаг болох нь тэтгэврийн дэвтэрээр /5-р хх-ийн 35/, осолд орохоос өмнө сард 704429 төгрөгийн цалин авдаг байсан болох нь цалингийн тооцооны хүснэгтээр /4-р хх-ийн 205/ тус тус тогтоогдож байна. Хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны тэтгэмж, цалингийн зөрүү нь 1 сарын 530429 төгрөг, жилийн 6.365.148 төгрөг болох тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Н.Г нь Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангид жолоочоор сарын 1.250.000 төгрөгийн цалинтай ажилладаг бөгөөд 2018 оны 12 сарын 06-ны өдөр хүртэл хүүхдээ асрах шалтгаанаар цалингүй чөлөө авсан, 2019 оны 2 сард хүүхдээ хагалгаанд ороход сахиураар чөлөө авсан болох нь цалингийн тодорхойлолт /6-р хх-ийн 34/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /6-р хх-ийн 35, чөлөө хүсэх өргөдөл /6-р хх-ийн 36/, чөлөө олгох тухай тушаал /6-р хх-ийн 37/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дээрхи хохирлын баримтуудыг судалж үзээд шүүгдэгчээс нийт 17.519.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лт 15.848.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Гд 1.670.000 төгрөгийг тус тус олгох үндэслэлтэй байна.
Гэвч шүүгдэгч Э.Эын зүгээс хууль ёсны төлөөлөгч С.Лт 8.920.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Л нь 8.120.000 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцно, үлдэх 800.000 төгрөг нь тархинд суулгасан титаны үнэ бөгөөд энэ талаархи баримтыг эмнэлгээс өгдөггүй, Э.Э-ыг шилжүүлэнгүүт нь эмчид нь өгсөн гэсэн тайлбарыг гаргаж байна. 4 дүгээр хавтаст хэргийн 30-р хуудасны ар талд авагдсан мэс заслын тэмдэглэлд “хохирогч Г.Жд титан ялтас суулгасан” талаар тэмдэглэсэн байна. Гэвч хохирогч Н.Жд суулгасан титан ялтас нь 800.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Э.Э нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.920.000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Э.Эаас 8.599.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лд 6.929.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Гд 1.670.000 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лын нэхэмжлэлээс төлөгдсөн үндэслэлээр 8.120.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, титан ялтасны үнэ болох 800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Д.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дорцов / дугуйн/ 1 ширхэгийг хурааж ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Эын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тоёота ланд круйзер прадо маркийн ......... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт мөрдөгчийн 2019 оны 10 сарын 27-ны өдрийн тогтоолоор хураан авсан бөгөөд шүүгдэгч Э.Э нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь биш байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхэд хэргийн хамт шүүгдэгч Э.Эын “ВС” ангиллын №952995 дугаартай жолоочийн үнэмлэхийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт шүүгдэгч Э.Эын №952995 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Эын Эыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Эын Эад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч 9 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эад оногдуулсан 2 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Э.Тд төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Нд 2.700.000 төгрөг, С.Лд 8.920.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эаас 8.599.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лд 6.929.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.Гд 1.670.000 төгрөгийг тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Лын нэхэмжлэлээс 8.120.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Т, Х.С, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н, С.Л нар нь өөрт учирсан болон цаашид эмчилгээтэй холбогдон гарах, шүүхээс хэлэлцээгүй орхисон зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Эаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дорцовыг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хэрэгт хураагдсан тоёота ланд круйзер прадо маркийн ......... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 01623449 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт эзэмшигч Х.Мт олгож, баримтыг 1722000490039 эрүүгийн хэрэгт хавсаргахыг, гүйцэтгэх хуудасны хамт Э.Эын “В,С” ангиллын 952995 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг тус тус шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэгт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчдэгч Э.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ асвугай.
10.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тогтоолыг гардан авсан буюу эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ