Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 16

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хаан банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй “Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамсэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Уянга нар оролцов.                                                                  

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамсэд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Намжилмаа нь Хаан банкны Ховд салбарын Манхан тооцооны төвөөс 2015 оны 07 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 /арван сая/ төгрөгийн бизнесийн зээлийг 12 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч Ц.Намжилмаа нь зээлийн гэрээний 2.4, 4.2, 6.1, 8.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй, одоо Увс аймагт байгаа сурагтай байна. Иймд Ц.Намжилмааг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хаан банкны Ховд салбар нь “хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Зээлдэгч Хайрт овогтой Цэвээний Намжилмаа нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суухгүй байгаа нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1064 дугаар тодорхойлолт болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

            Иймд 1978 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, ОВ78040901 дугаарын регистртэй, Хайрт овогтой Цэвээний Намжилмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар  зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар 1978 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, ОВ78040901 дугаарын регистртэй, Хайрт овогтой Цэвээний Намжилмааг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цэвээний Намжилмааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ