Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 0276

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Б.О

Хохирогч У.Н

Шүүгдэгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн эрэгтэй Ч.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-28-ны өдөр Яргуйт багийн Овоотын 19-60 тоотод иргэн У.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би АТМ-с мөнгө автал хохирогч У.Н намайг сугадаад салахгүй байсан. Н согтуу байсан ба би түүнд чихэр, ундаа, зайрмаг авч өгсөн. Гар утас ч авч өгсөн. Би буруу юм хийсэн, буруутай гэсэн мэдүүлэг,

-Хохирогч У.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б АТМ-н тэнд мөнгө аваад явж байснаа намайг манайд очьё гэхээр нь дагаад Мэнд-Амарын тэндээс таксинд суугаад явсан. Очоод дөрвүүлээ 2 шил архи уусан. Орой болоод нөгөө 2 хүн гараад явчихсан. Би тэнд хоносон. Өглөө нь арын хашаанаас нэг залууг дуудаж архинд явуулсан. Нөгөө залуу 750 граммын архи авч ирсэн. Бид 3 уусан, тэр залуу явсан. Дахин урд талын хашааны залуу орж ирэхээр нь архинд явуулж, 750 граммын 2 шил архи уусан. Нөгөө залуу ч гарсан орой болсон. Намайг гарах гэтэл явуулахгүй байсан ба ахтайгаа хоночихоод яв гээд үүдээ түгжээд гаргахгүй байсан. Бие засъя гэхэд хувин тавьж өгөөд үүнд бие зас гээд байсан. Би хувинд нь шээсэн. Намайг жижиг модон сандлаар зүүн гарын шуу хэсэгт 3 удаа, далны хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд цаашаа хараад унтах үед нь би гараад гэртээ харьсан. Миний гар маш их хавдсан ба эм тарианы мөнгөгүй учир давстай цайгаар ороосон. Хүйтэнд янгинаад өвдөөд байна гомдолтой гэсэн мэдүүлэг,

-Хохирогч У.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Маргааш нь ахиад бэлгийн харьцаанд орох гэсэн үгүй гээд түлхтэл намайг хажуудаа байсан жижиг сандлаар олон удаа хүчтэй цохисон би нүүр лүүгээ цохиулахгүй гээд зүүн гараараа хамгаалсан миний зүүн гар аймаар хөхөрч гэмтсэн байгаа. Тэгээд миний баруун хөл рүү бас цохисон. Би Болд ахынхаас гараад гэртээ хариад ээжид хэлэхэд ээж миний бүх хувцасыг угаасан дотуур хувцсыг маань бас угаасан тэгээд би усанд орсон. Намайг Б ах бэлгийн харьцаанд орохыг шаардаж эсэргүүцсэн чинь зодсон. Эдгээр гэмтлийг миний биед Болд ах учруулсан намайг өөр цохиж зодсон хүн байхгүй. Э, О нар нь над руу ойртоогүй. Архиа уучихаад л гараад явсан. Болд ах архи уух болохоороо л энэ 2-ыг дууддаг энэ хоёр архинд нь явж өгч хамт уучихаад гараад явдаг. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэхдээ болсон асуудлыг сайн санаж байна. Өөр хэн ч байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 21-22 хуудас/

- Гэрч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б ахынхтай манай гэр ойролцоо нэг гудамжинд байдаг болохоор танина. Э бас гэр нь манай тэр хавиар байдаг зүгээр зүс танина. Би тэрийг анзаараагүй согтуу байсан болохоор санахгүй байна. Тэр хүүхэн Б ахыг сугадаад л хамт гэрт нь очсон, хоёр хоносон. Бид нар хамт хоноогүй. Б ахынд архи уучихаад Энхмандах бид хоёр гараад явдаг өглөө нь ороход Нарантуяа байж л байдаг” гэсэн мэдүүлэг /хх 23-24,45 хуудас/

         -Гэрч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Н 2020 оны 02 дугаар  сарын 26-ны өдөр гэрээсээ гараад 2020 оны 02 дугаар сарын 28-ны орой дотуур тиркотой цамцтайгаа зодуулсан байдалтай орж ирсэн. Тэгээд би өмсөж явсан хувцсыг нь угаасан. Би цус болсон байхаар нь мэдэлгүй угаасан. Бага зэрэг цус болсон, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсан. Н гэртээ ирэхдээ хүнд зодуулсан байдалтай нүүрний өрөөсөн тал, хөл гар нь битүү хөхөрсөн ирсэн. Юу болсон талаар асуухад хүчиндүүлсэн зодуулсан. Намайг цоожлоод гаргахгүй байсан гэж хэлсэн. Н хааяа нэг архи уусан байдаг. Гэрээсээ хол явдаггүй. Олон хоногоор сураггүй явж байгаагүй. Н-ийн биеийг эмчлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 25 хуудас/

        -Шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н-гийн баруун шилбэний урд 3x1 см, 2x2 см язарсан шархтай, шарх нь бохирлогдсон, 2 шилбэний урд 0,8x0,8 см 2 тооны зулгарсан шарх байсан. Баруун гуяны урд 2x1 см, баруун өвдөгт 4x3 см хөхөрсөн байсан. Дээрх гэмтлүүд бүгд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, юмаар цохих үед үүсэх боломжтой. 2 тооны язарсан шарх нь шинж байдлаас үзэхэд хатуу ирмэгтэй зүйлээр цохих үед үүссэн байж болно...” гэх мэдүүлэг /хх 54-55 хуудас/        

        - Орхон аймгийн ШША-ны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №246 тоот: 1.У.Н-гийн биед дээд, доод мөчид, нуруу хэвлий хүзүү, нүүрэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

         3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

         4. Нүүр, нуруу, зүүн гарт үүссэн зөөлөн эдийн цус хуралтууд нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт /хх 28-29 хуудас/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-14 хуудас/

Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: 2020 оны 02 сарын 26-ны өдөр группын мөнгө ороод О, Э хоёртой Төгөл худалдааны төвийн АТМ-с мөнгө аваад байж байтал Н-тай таарсан. Н согтуу байсан, тэр ээмэгээ алдчихлаа гэж байсан. Би дэлгүүрээс чихэр, ундаа, зайрмаг авч өгсөн. Тэгээд Н, Э, О бид 4 хамт манай гэрт очиж архи уусан. Би  архи уухаараа өөрийгөө удирдан жолоодож чаддаггүй, юу болсон талаар мэддэггүй юм. Бусдын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 59-60 хуудас/

-Ч.Б-ын яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 57, 59-60 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69 хуудас/ зэрэг   болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.      

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ:  Шүүгдэгч Ч.Б нь иргэн У.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэв.

            Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 02 дугаар сарын 27-28-ны өдөр Яргуйт багийн Овоотын 19-60 тоотод иргэн У.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би буруу юм хийсэн, буруутай” гэсэн мэдүүлэг, хохирогч У.Н-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Намайг жижиг модон сандлаар зүүн гарын шуу хэсэгт 3 удаа, далны хэсэгт 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч  Ц.У, М.О нарын мэдүүлэг, хохирогч У.Н-гийн биед нүүр, нуруу, зүүн гарт үүссэн зөөлөн эдийн цус хуралтууд бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 246 тоот дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирогч У.Н нь шүүх хуралдаанд гар өвдөөд байна гомдолтой гэж мэдүүлж байгаа хэдий ч нэхэмжлэлийн талаар баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.