Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 0734

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Б.Т, Г.Д,

шүүгдэгч М.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Лид холбогдох эрүүгийн 2008 00000 0886 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй,  “...” ХХК-нд  гагнуурчин ажилтай, ам бүл 4,  эгч, дүү нарын хамт, Төв аймгийн Лүн сумын  ... дугаар баг Төв лүн гудамж ... тоотод оршин суух,  ял шийтгэлгүй,

Б овогт М.Л /РД:.../.

 Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр  21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Чулуутын ... тоотод “Цонхон доор бөөлжсөн байна” гэх шалтгааны улмаас хохирогч  Б.Ттэй таарамжгүй харьцаа үүсгэн нүүр рүү нь мөргөж түүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,  дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол, мөн Г.Дийг хоолойг боох, нүүр рүү мөргөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алга, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Тийн мэдүүлэг /хх9-13/, хохирогч Г.Дий  мэдүүлэг /хх14-18/, гэрч Б.Нын мэдүүлэг /хх25-26/, гэрч Б.Дын мэдүүлэг /хх28-29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5548 дугаартай дүгнэлт /хх30-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны  5 дугаар сарын 12-ны өдрийн 5549 дугаартай дүгнэлт /хх36-37/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зураг лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх59, 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх54/, ажлын газрын тодорхойлолт /хх55/ зэрэг холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч  М.Лийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Тийн “...2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед байрны эзэн ирээд 2 тоотын цонхны доор бөөлжис байна хэн бөөлжсөн юм бэ гэхээр нь би тус тоотод амьдардаг байнга архи дарс уудаг тэр ах бөөлжсөн байх гээд хэлэхэд байрны эзэн эгч Золоо 2 тоотод орж эхнэрт нь бөөлжисний талаар хэлээд явсан. Тэгээд би оройн 21 цагийн үед өрөөндөө найз охин Х, хамаатны залуу Д нарын хамт байж байхад 2 тоотын түрээслэгч ах хаалга нүдээд намайг дуудаад, хэн бөөлжсөн юм бэ чамд нотлох баримт байгаа юм уу гээд согтуу ирчихээд над руу дайраад байхаар нь та байнга согтуу байдаг бөгөөд тэр бөөлжис танай цонхны доор байгаа биз дээ гэж хэлээд маргалдаж байхад тэр ах намайг заамдаад авсан. ...Д өрөөнөөсөө гарч ирсэн. Тэгээд Д 2 тоотын ах бид хоёрыг салгаад Д бид хоёр өрөөндөө орох гээд байж байхад тэр 3-н залуу хоорондоо маргалдаад байхаар нь очоод та нар одоо өрөөндөө ор цагдаа хүрч ирээд шийднэ гэж хэлэхэд 2 тоотод ирсэн залуу шууд намайг татаад хамар руу нэг удаа толгойгоороо мөргөхөд миний хамраас цус гараад хамар мурийж гэмтсэн. Д хүрч ирээд тэр залууг надаас салгаад холдуулсан. Тэгээд тэр залуу Дтэй маргалдаад зодсон. Дий уруул нь дотор талдаа хавдаад язарсан байсан. Тэгээд цагдаа ирээд нөгөө залууг аваад явсан. Уг гэмтлийг надад Л гэх залуу ганцаараа надад учруулсан. Би гомдолтой байна. Томографикийн мөнгө болох 250.000 мянган төгрөг авч эмнэлэгт үзүүлсэн. Цаашид хамар тэгшлэх хагалгаанд орох 2.500.000 мянган төгрөг нэхэмжилж байна. Надад баримт бол байхгүй, хувиараа эмнэлгээр явж үнийн тариф судлахад 2.500.000 мянган төгрөгийн үнэ ханштай  байна...” гэсэн мэдүүлэг /хх9-13/

2. Хохирогч Г.Дий  “...Одоогоос 1 жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар  хороо Чулуутын ... тоотод багийн найз Ттэй хамт байр түрээслэж амьдрах болсон. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нийтийн байрны 7 тоот өрөөнд амарч байсан. Тэгтэл 2 тоотыг түрээслэдэг Н гэх хүн хаалга тогшсон. Т онгойлготол татаад аваад гарсан. Коридорт хоорондоо маргалдаад байсан. Гадна маргалдаад байгаа чимээ гараад байхаар гараад хартал Нтой, Т муудалцсан, хажууд нь үл таних 2 залуу наана нь зогсож байсан. Хажуу талаас нь нэг залуу нь наад пиздагаа алаач гэж орилоод байсан. Би салгах гээд очоод Нын түлхээд одоо боль гэж хэлтэл хажуу талаас үл таних залуу гарч ирээд намайг цохиход би унасан. Зууралцаад шатаар унаад доор нь орсон байхад намайг цохиод байсан. ...өндөр бүдүүн залуу нь салгаж байсан. Тэгээд зогсож байхад хоолой боогоод нүүрэн тус газар 2 удаа мөргөөд уруул язарсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд Н болон намайг зодсон залууг саатуулах руу аваад явсан.  Ныг салгаж байхад хажуу талаас хацар руу цохисон, тэгээд унагагаагаад хамт зууралцаад унахад, зүүн өвдөг зулгарсан, зүүн гарын алга зулгарсан. Сүүлд толгойгоор мөргөхөд уруул язарсан. Н болон түүний нөгөө найз нь надад гар хүрээгүй. Уг гэмтлийг Л гэх залуу ганцаараа учруулсан. Сүүлд би уг залуугийн нэрийг мэдсэн. Гомдолтой байна. Уг гэмт хэргийн улмаас хувь хйүн дээр ажиллаж байсан 10 гаруй хоног ажилдаа явж чадаагүй, 10 хоногийн цалин өдрийн 50,000 мянган төгрөгөөр ажиллаж байсан. Нийт 500,000 мянган төгрөгөөр нэхэмжилж байна. Надад одоогоор баримт байхгүй учраас баримтаа хувь хүнээс аваад хэрэгт хавсаргана” гэсэн мэдүүлэг /хх14-18/

3. Гэрч Б.Нын “...Тэгэхээр нь би чи одоо юу яриад байгаан юм бэ? Эр хүн шиг байгаач хов зөөгөөд бөөлжлөө энэ тэр гэж худлаа ярилаа гэж хэлсэн. Нөгөө залуу бөөлжсөн биздээ цонхны доор бөөлжис байсан гээд хоорондоо маргалдсан. Би түлхсэн намайг заамдаад авсан, би зөрүүлээд заамдаад муудалцаж байтал манай ажлын залуу Л ирээд яагаад байгаан бэ? Болио гэж хэлтэл, цаанаас нь танихгүй залуу гарч ирээд мөрнөөс татаад унагах шиг болсон. Л  босч ирээд  булангийн харанхуйд ноцолдоод байх шиг байсан. Би нөгөө 7 номерын залуутайгаа маргалдаад гэрийнхээ үүдэнд ирээд хаана бөөлжис байгаан гэх мэтээр маргалдаж байтал Л нөгөө залууг нэг удаа мөргөсөн. Тэгээд тэр залуучууд цагдаа дуудна гэхээр нь бид нар өрөөндөө ороод байж байтал цагдаа ирээд намайг болон Лийг аваад саатуулах байр руу аваад явсан. ...Камер дотор ороод нэг залууг цохиод, нөгөө залууг нь мөргөсөн гэж надад хэлсэн...” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх25-26/

4. Гэрч Б.Дын “...Н гар утсаар яриад дуусаад өрөөнөөс гараад явсан. Коридорт хүнтэй муудалцаад байхаар Л салгах гээд араас дагаад гарсан. Би хамгийн сүүлд араас нь гарсан. Намайг харахад Лийг нэг залуу шатан дээр татсан, Н нэг залуутай барилцаад авсан. Н муудалцаад байсан залуутайгаа зодолдоогүй хэрэлдээд байхаар боль гэж хэлээд Л руу яваад очсон. Л миний хажууд царай зүсийг нь хараагүй нэг залууг нүүрэн тус газар нь мөргөсөн. Тэгээд би болиулаад цагдаа дуудая гэж айлгаад худлаа гар утсаа гаргасан. Тэгсэнээ нөгөө залуучууд чи цагдаа дууд би ч гэсэн цагдаа дуудая гэсэн. Тэгээд салаад цагдаа хүлээнэ гээд Нын гэр рүү орсон. Л гадна бид хоёроос үлдээд нэг залуутай муудалцаад байсан. Л миний нүдэн дээр нэг залууг нь мөргөсөн. Нүүрээ дараад доошоо суусан. Сүүлд дахиж хүн цохисон үгүйг хараагүй, Н хүнтэй муудалцаж цохилцсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх28-29/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5548 дугаартай “...Б.Тийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх30-31/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны  5 дугаар сарын 12-ны өдрийн 5549 дугаартай “...Г.Дий биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алга, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх36-37/

7. М.Л яллагдагчаар өгсөн “...Эхлээд Нтой муудалцаж байсан залуутай хамт байсан залууг нэг удаа мөргөсөн. Дараа нь Нын өрөө рүү нь орох гэж байхад найз нь гэх залуу надтай маргалдаад найзыгаа өмөөрөөд 1 удаа уруулан тус газар нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх48-50/.

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Л нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч М.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 06-ны  өдөр  21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 3-24 тоотод найз Б.Нтой маргалдлаа гэх шалтгааны улмаас хохирогч Б.Тийн нүүр рүү нь мөргөж, мөн Г.Дийг хоолойг боож нүүр рүү цохиж, мөргөн эрүүл мэндэд нь хохирол тус тус учруулжээ.

Энэ нь хохирогчийн Б.Тийн “...та нар одоо өрөөндөө ор цагдаа хүрч ирээд шийднэ гэж хэлэхэд 2 тоотод ирсэн залуу шууд намайг татаад хамар руу нэг удаа толгойгоороо мөргөхөд миний хамраас цус гараад хамар мурийж гэмтсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч Г.Дий “...Би салгах гээд очоод Ныг түлхээд одоо боль гэж хэлтэл хажуу талаас үл таних залуу гарч ирээд намайг цохиход би унасан. Зууралцаад шатаар унаад доор нь орсон байхад намайг цохиод байсан. ... Тэгээд зогсож байхад хоолой боогоод нүүрэн тус газар 2 удаа мөргөөд уруул язарсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н, Б.Д нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч М.Лийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн биед “... тархи доргилт, баруун хөмсөгний дээд хэсэг, духны шархууд, зүүн нүдний доод зовхины хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол,

хохирогч Г.Дий биед “...дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын алга, зүүн өвдөгт зулгаралт...” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүрээлэнгийн  2020 оны  5 дугаар сарын 12-ны өдрийн №5548, 5549 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчийн М.Л нь хоёр хүнийг зодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч Б.Т нь баримтаар 155.000 төгрөгний хохирол нэхэмжилжээ. Мөн хамрын хагалгаа хийлгэх хохиролд 3.400.000 төгрөг, хохирогч Г.Д нь ажилгүй байсан хугацааны зардалд 500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заасан.

Хохирогч Б.Тийн хувьд эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн байх боловч хэдий хэр хэмжээний зардлаар хамрын хагалгаа хийлгэх талаар холбогдох баримтыг бүрдүүлэн шүүхэд ирүүлээгүй, мөн хохирогч Г.Д нь хөдөлмөр эрхэлж цалин авч байсан талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй тул энэхүү хуралдаанаар хохирлыг шийдвэрлэх боломжгүй буюу холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс хохирлоо төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Лоос 155.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тт олгуулав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч М.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн байдлын хувьд 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч М.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгж 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоолоо.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүнд хохирол учруулж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лид 1.500 нэгж буюу 1.500.000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Лоос 155.000 /нэг зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Тт олгуул, хохирогч Б.Т, Г.Д нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР