Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Манхан сумын 5 дугаар баг, Ботгонд оршин суух, ПЖ85021705 дугаарын регистртэй, Тайжууд овогт Ядамсүрэнгийн Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй “Хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Уянга нар оролцов.                                                                   

                                      ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин З.Хонгорзулыг төрүүлсэн. Охиноо төрүүлэх үед би оюутан байсан тул охин З.Хонгорзулыг өөрийн ах Д.Зулбадрах, эгч Я.Оюун-Эрдэнэ нарт үрчлүүлсэн. Охин З.Хонгорзул ах, эгчид минь дасаагүй өвчин ороогоод байсан тул охиноо буцаан авч, өөрөө өсгөн хүмүүжүүлж байна. Охин З.Хонгорзулын хүсэлт, амьдрах орчин, ирээдүйг харгалзан үзэж Д.Зулбадрах, Я.Оюун-Эрдэнэ нарт охин З.Хонгорзулыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Зулбадрах, Я.Оюун-Эрдэнэ нар нь “Бидний дүү Я.Болор-Эрдэнэ нь 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн охин Хонгорзулыг төрүүлсэн. Я.Болор-Эрдэнэ нь охиноо төрүүлсний дараа их сургуульд элсэн орж Улаанбаатар хотод суралцах шаардлагатай болсон тул охин Хонгорзулыг 2011 оны 02 дугаар сарын 08-ний өдөр ах Д.Зулбадрах, эгч Я.Оюун-Эрдэнэ бид нар үрчлэн авсан. Охин Хонгорзул бидэнд үрчлэгдсэн боловч манай гэр бүлд дасаагүй тул ээж Я.Болор-Эрдэнэ нь өөрөө өсгөн хүмүүжүүлж байна. Охин Хонгорзулын амьдарч байгаа орчин, ирээдүйг нь харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                        

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Я.Болор-Эрдэнэ нь “Хүүхэд үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

             Нэхэмжлэгч Я.Болор-Эрдэнэ нь охин Хонгорзулыг өөрийн ах Д.Зулбадрах, эгч Я.Оюун-Эрдэнэ нарт үрчлүүлсэн болох нь 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 0000022010-08 дугаар үрчлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2009 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0000678909-0041/08 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч Я.Болор-Эрдэнэ нь З.Хонгорзулыг үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Д.Зулбадрах, Я.Оюун-Эрдэнэ нарын хүсэлтээр тогтоогдож байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2009 оны 02 дугаар сарын 14-ны өдөр төрсөн Зулбадрах овогтой Хонгорзулыг Д.Зулбадрах, Я.Оюун-Эрдэнэ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар Зулбадрах овогтой Хонгорзулыг төрсөн эх Я.Болор-Эрдэнийн асрамжид шилжүүлсүгэй.

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар  зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц.ОЮУН-ЭРДЭНЭ