Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 0736

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оод холбогдох эрүүгийн 2008 01608 0861 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д хэвлэгч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, Сургуулийн ... дүгээр гудамж ... тоотод оршин суух,

урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 385 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 627 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлан 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн,

Б овогт Б.О /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны цогцолборт иргэн Б.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний хөмсгөн тус газар нь гараараа нэг удаа цохиж, хүзүүг нь боож биед нь тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хөмсөг зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Б.Аийн мэдүүлэг /хх32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4498 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх23-24/, Б.Оын ялагдагчаар өгсөн мэдүүлэг /хх74/, шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх38, 37, 42, 43/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх44-59/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, цагдаагийн байгууллагын асад сангийн лавлагаа /хх60, 63-65, 18-23/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Б.Аийн “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны цогцолбор дээр “...” ХХК-ийн номерын үйлдвэрт хэвлэгч ажилтай. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн үед миний таньдаг машины ченж Отой таараад зарах машины гаалийн бичиг барьчихсан байхаар нь Од хандан “би номерыг нь хэвлээд өгье” гэж хэлтэл О надад “дотор бичиг баримтыг нь бүрдүүлж байгаа” гэхээр нь би Отой дотогшоо Авто тээврийн газар руу ороод бичиг баримтыг нь аваад зогсож байхад нөгөө үйлдвэрийн хэвлэгч ах О орж ирээд “би наад номерыг нь өглөө авна гээд хэлчихсэн байсан юм” гэж хэлэхээр нь би өөдөөс нь “би Отой ярьчихсан, би хэвлэхээр авах гээд байна” гэж хэлээд бид хоёр маргасан. Тэгээд би “энд муудаад яах вэ” гээд бид хоёр хоёулаа гарсан. Гараад бид хоёр нэг нэгнээ заамдалцсан. Тэгээд О намайг хөмсөгрүү нэг удаа гараараа цохисон. Би зөрүүлээд цохих гээд мөч хүрээгүй. Би доогуураа нэг өшиглөсөн. Б.О гараараа нэг удаа хөмсөгруү цохиж, гараараа хүзүү боосон. Би гэмтэлд үзүүлж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх32/

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4498 дугаартай шинжээчийн “...Б.Аийн биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хөмсөг зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх23-24/

3. Б.Оын яллагдагчаар өгсөн “...намайг заамдаад авахаар нь би бас зөрүүлээд заамдсан. Тэгээд ажлынхан голоор орж ирээд салгах үед би гараараа хөмсгөн тус газар нь нэг удаа цохисон. Хөмсөгнөөс нь цус гараад байсан. Цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх74/

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О, хохирогч Б.А нар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Авто худалдааны цогцолборт байрлах авто машины номерын үйлдвэрт хэвлэгч ажилтай бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн үед номер хэвлэх үйлчлүүлэгч олохтой холбоотой асуудлаар хоорондоо маргалдаж, шүүгдэгч нь хохирогчийн хөмсгөн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Энэ дээр дурдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүх эмнэлэгийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Оын үйлдлийн улмаас хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4498 дугаартай “...тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, хөмсөг зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Оод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь хэргийн нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:   

1. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оод 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.МӨНХБААТАР