Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0748

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

хохирогч О.Э,

шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Сд холбогдох эрүүгийн 1908 05276 0494 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэлжилгүй, “...” сургуулийн хүний их эмчийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Колонкийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Шороотын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Ц.С /РД:.../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Клонкийн ... дугаар гудамжны ... тоот хашаанаас иргэн О.Эийн эзэмшлийн “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явж, О.Эт 10.552.200 төгрөгийн шууд хохирол, 661.100 төгрөгийн шууд бус хохирол 11.213.300 төгрөгийн нийт хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх6-10/, хохирогч О.Эийн мэдүүлэг /хх14/, иргэний нэхэмжлэгч Б.Бийн мэдүүлэг /хх19/, гэрч Н.Мын мэдүүлэг /хх23/, гэрч Б.Бы мэдүүлэг /хх33-34/, мастер үнэлгээ ХХК-ний үнэлгээний тайлан /хх46/, хохирогч О.Эийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх86/, авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх109/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх112, 113/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн асап сангийн лавлагаа, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэлийн хуудас /хх106, 108, 101/ зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Ц.Сыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх6-10/,

2. Хохирогч О.Эийн “...би өөрийн ... улсын дугаартай ... маркийн авто машинтай 2019 оны 7 дугаар сарын 31-ний орой 22 цагаас 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сагсны шийдэн дээр очиж тоглосон. Намаг очих үед М, С хоёр найз нөхөд хэдэн залуустай сагс тоглоод 2 литрийн нийслэл пиво 2 савыг ууж байсан. Уг пивыг ууж  дуусгаад дэлгүүрээс 2 литрийн нийслэл пиво 4 савыг авч уугаад зарим нь сагс тоглож зарим нь юм ярилцаж сууж байгаад үүрээр 03 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Клонкийн ... дугаар гудамжны ... тоотод байрлах манай өвлийн байшинд ирцгээсэн. Уг байшинд манайхан амьдардаггүй зуслангийн байшин юм. Сагс тоглож байсан залуугаас манайд С, М, Б, Т, С нар ирсэн. Би машин барьж байсан учраас сагсны шийдэн дээр бол пиво уугаагүй. Би машинаа хашаандаа оруулж ирээд байшингийн зүүн талд байрлуулж тавьсан. Би машинаа байрлуулсны дараа хашааны хаалгаа хаагаагүй. Тэгээд манайд ирээд С, Б, М, С, Т бид 6 сагсны шийдэн дээр ууж байсан үлдэгдэл 2 пивийг хувааж ууцгаасан. Би уг пивоноос тал аягыг уугаад нойр хүрээд унтаад өгсөн. Би маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед сэрээд харахад миний машин байхгүй болсон байсан. М, С хоёр байхгүй болохоор нь М луу залгахад утсаа авахгүй байсан. Сын утас руу залгасан чинь С “би машиныг унаж яваад цагдаад баригдаад явж байна, эгчийгээ дуудсан байгаа, чиний хохирлыг барагдуулна” гэж ярьсан. ...таван шарын замын цагдаагийн постон дээр байна гэж хэлсэн. Би таван шарын постон дээр очиход миний машиныг баруун салааны 1 дүгээр буудлын гэрлийн шон мөргүүлсэн байсан...би машины түлхүүрээ машины голын хөгжим дээр үлдээж орхисон байсан. Би машинаа түгжээгүй юм. ...Эхлээд С өөрөө миний машиныг унаж яваад осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлж байснаа сүүлдээ би бариагүй гээд мэдүүлгээсээ буцаад эхэлсэн. ...нийт 12.352.500 төгрөгийг нэхэмжилнэ. ...гомдолтой байна хохирлоо төлүүлж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх14/,

3. Иргэний нэхэмжлэгч Б.Бийн /... ХХК/ “...уг гэрлийн шонг 500.000 төгрөгөөр, 250 вт-ын гэрэлтүүлэгч толгой 385.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрэлтүүлгийн шон буулгах, шинэ шон босгож суулгах зардалд 320.000 төгрөг, машин механизмын хөлсөнд 120.000 төгрөгийн зардал гарсан. Нийт 1.325.000 төгрөгийн зардал гарсан. Хохирол төлж барагдуулбал гомдолгүй...” гэсэн мэдүүлэг /хх19/,

4. Гэрч Н.Мын “...Тэгээд Э унтаад өгсөн. С бид хоёр унталгүй үлдсэн. ...Би цаг харахад 07 цаг өнгөрч байсан тул би гэр рүүгээ харьлаа гэж Сд хэлчихээд гараад Эийн машин руу орж тамхи үзсэн. Тамхи байхгүй болохоор нь би машинаас гарах гэхэд С ардаас гарч ирээд “цуг явья” гээд жолоочийн суудал дээр суусан. “Чи маньдаа итгэж байна уу” гэж хэлсэн. Би хариу хэлээгүй сууж байтал дахиад “маньдаа итгэж байна уу?” гэхээр нь би юу  яриад байгааг нь ойлгоогүй учраас “итгээгүйдээ яасан юм бэ гэж хэлсэн”. Тэгтэл С Эийн “...” маркийн  машиныг асаасан. Тэгээд хойшоо ухрахаар нь “дэмий юм биш үү”, андаа Эийг дуудья гэж хэлэхэд С хоёулаа “манайд очьё” гээд хойшоо ухраад хашааны хаалгаар гарсан. Би тэгээд гудамжаар гараад ширүүн бариад явахаар нь “мань чинь бууя” гэсэн чинь  юм хэлэлгүй цаашаа давхиад явсан. Би утсаа оролдоод явж байтал засмал зам дээгүүр явж байгаад замын боржур дээгүүр тачигнаад яваад өгсөн. ...Би машинаас буугаад юу болсныг ойлгоогүй шууд хойшоо гүйсэн. Тэгж байгаад эргээд харсан гэрлийн шон мөргөсөн байсан. Би айгаад гэртээ ирээд гэрээс гараагүй...С согтуу байсан би ч бас тодорхой хэмжээний хувиралт орсон, согтоод халчихсан байсан. С өөрөө юу ч мэдэхгүй байна гээд байсан гэхдээ харахад тэгтэл ухаанаа алдтал согтсон байдал мэдэгдээгүй хэрэв ухаанаа алдтал согтуу байсан бол би юу гэж машинд сууж явах юм бэ...С хоёулаа хохирлыг хувааж төлье гээд байсан. Би зүгээр явж байгаад хохирлоос төлөлцмөөргүй байна...” гэсэн мэдүүлэг /хх23/,

5. Гэрч Б.Бы “...2019 оны 8 дугаар сарын 01-ний өглөөний 07 цагийн үед...яваад очиход машины хажууд өндөр гонзгой залуу ганцаараа нэлээд паанигт орсон байдалтай сууж байсан. Тэр өндөр залуу архи уусан байдалтай толгойгоо бариад сууж байсан... ээжийнхээ утасны дугаарыг хэлэхгүй гээд байхаар нь за тэгвэл цагдаа дуудья гэж хэлэхэд тэр залуу цагдаад дуудаад яахав, машинаа хашаанд чинь оруулчихья, би гэрлийн шонг засчихна” гээд байсан. Наадах чинь үнэтэй цайтай юм...гэрийнхнийхээ дугаарыг өг гээд байхад өгөхгүй байсан. ...би буцаж гэррүүгээ орж цагдаа дуудсан...тэр залуу өөрөө болохоор найзуудтайгаа архи ууж байгаад би харин ээж дээрээ очино гэж яваад ийм  асуудалд орчихлоо.  Би найзыгаа гурилдчихлаа гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх33-34/,

6. “Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 20/003 дугаартай “... маркийн авто тээврийн хэрэгсэлд 11.213.300 төгрөгийн үнэлгээ /хх45-50/,

7. “Мастер үнэлгээ” ХХК-ны 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20/004 дугаартай “төв замын гэрэлтүүлгийн шон”-д 1.325.000 төгрөгийн үнэлгээ /хх52/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Ц.С:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.С нь гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.С нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Клонкийн ... дугаар гудамжны ... тоотод байрлах хохирогч О.Эийн гэрт найз нарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

Мөн шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Эийн эзэмшлийн “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг дур мэдэн жолоодон явж төв замын гэрэлтүүлгийн шон мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь

хохирогч О.Эийн “...Би машинаа байрлуулсны дараа хашааны хаалгаа хаагаагүй. ...Би уг пивоноос тал аягыг уугаад нойр хүрээд унтаад өгсөн. Би маргааш нь буюу 2019 оны 8 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед сэрээд харахад миний машин байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Н.Мын “...Тэгээд Э унтаад өгсөн. С бид хоёр унталгүй үлдсэн. ...Тэгтэл С Эийн “...” маркийн  машиныг асаасан. ...тэгээд гудамжаар гараад ширүүн бариад явахаар нь “мань чинь бууя” гэсэн чинь  юм хэлэлгүй цаашаа давхиад явсан. Би утсаа оролдоод явж байтал засмал зам дээгүүр явж байгаад замын боржур дээгүүр тачигнаад яваад өгсөн. ...гэрлийн шон мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Бы “...2019 оны 8 дугаар сарын 01-ний өглөөний 07 цагийн үед... цагдаа дуудья гэж хэлэхэд тэр залуу цагдаад дуудаад яахав, машинаа хашаанд чинь оруулчихья, би гэрлийн шонг засчихна” гээд байсан...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгчийн захиргааны хариуцлага хүлээлгэсэн баримт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Эийн тээврийн хэрэгслийн завсарт 11.213.300 төгрөг, үнэлгээний тайлан гаргуулахад 171.000 төгрөг /хх38/ буюу нийт 11.384.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд/ гэрэлтүүлгийн шонгийн засварт 1.325.000 төгрөгний хохирол тус тус учирсан талаарх “Мастер үнэлгээ” ХХК-ний үнэлгээний тайланд тусгагдсаны дагуу гэм хорыг тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Сын хохирогч О.Эийн “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан үйлдэл нь эд хөрөнгө завших зорилгогүй, мөн хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүйгээр авч явсан нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Ц.С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3100006191081374 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400 нэгж буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн талаарх баримт хэрэг авагдсанг дурьдах нь зүйтэй.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Эт учирсан 11.384.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-д учирсан 1.325.000 төгрөгийн хохирол тус тус төлөгдөөгүй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Сас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Сыг хөдөлмөр эрхэлж байгаа үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгж буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Ц.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын умлаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгаагүй байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлж буй нь баримтаар тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь Ц.С нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болон дээрх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан ялын сонголтод төрөл болох нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь Ц.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөөгүй нөхцөл байдал тогтоогдож байхад түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэвэл санхүүгийн дарамт учруулах, уг ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал учрах боломжтой бөгөөд нийтэд тустай ажил хийгэх ял оногдуулах нь тохиромжтой гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Сд 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Сас 11.384.300 /арван нэгэн сая, гурван зуун наян дөрвөн мянга, гурван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч О.Эт, 1.325.000 /нэг сая, гурван зуун хорин таван мянган/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч “...” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд /-д олгуулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР