Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0749

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,

улсын яллагч М.Сансарсайхан,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ШТЭД-2185/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сансарсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тад холбогдох эрүүгийн 1908 01109 1744 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эхнэрийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... тоотод оршин суух, урьд нь

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж,  ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэгдсэн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор 124 дугаар зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж 2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 247 дугаар шийтгэх тогтоолоор 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ялаар шийтгэгдэж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгштгэлээр суллагдсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1057 дугаар шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,

Х овогт Д.Т /РД:.../.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/   

Шүүгдэгч Д.Т нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Толгойтын хуучин эцэст байх “...” гэх үсчний газарт иргэн Г.Аыг “намайг үл хүндэллээ, архи авч өг” гэх шалтгаанаар буюу өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор түүнийг гараар цохих болон цахилгаан тогооны залгуураар ороолгон зодож, түүний биед “тархи доргилт, дух, зүүн нүдний дээд зовхинд, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун хацар, эрүүний баруун хэсэг, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүү далны доод хэсэгт цус хуралт, хүзүү, баруун, зүүн эгэм, зүүн мөр, өвчүү, аюулхай, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зүүн хацар, зүүн далны доор, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгаж онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Г.Аын мэдүүлэг /1хх14-16/, гэрч Н.Шын мэдүүлэг /1хх22-24/, гэрч Г.Гын мэдүүлэг /1хх133/, гэрч Б.Дын мэдүүлэг /1хх27-28/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 116, 117 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх52-54, 58-60/, шүүх эмнэлэгийн шинжээчийн 2570 дугаартай дүгнэлт /хх47/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх74, 76/,  шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх77, 80-106/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Д.Тыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г.Аын “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Толгойтын хуучин эцэст байх “С” нэртэй үсчний ажил дээрээ байж байхад 21 цагийн орчим Толгойтын хуучин эцэс орчим амьдрах У гэх хочтой залуу орж ирсэн. Орж ирээд намайг үл хүндлэлээ би шоронгоор явсан эвгүй хулгайч шүү гэж хэлснээ элдэв янзаар доромжлон ажил дээр байсан халуун тогооны залгуураар нуруу хэсэг рүү зодож эхэлсэн. Тэгснээ утсаа гаргаж өг гэхээр нь би “Самсунг эс-7” маркийн гар утсаа айсандаа өгтөл би чамайг дээрэмдэж байна гэж надад хэлсэн. Тэгээд надаас утас шүүрч авангуутаа энэ утсыг би хаашаа шидэх вэ одоо энэ гар утсыг барьцаанд тавьж архи уулаа гэж хэлэхээр би битгий шидээч наад утас чинь миний хэрэглээ шүү гэж хэлэхэд надад утсыг буцааж өгсөн. У гэх залуу үнэхээр аймар байсан. Намайг 30 минут орчим баруун зүүн гараараа ээлжлэн миний толгойн дух хэсэг, баруун шанаа, нуруу хэсэг рүү цохиж, халуун тогооны залгуураар, нуруу хэсэг рүү ороолгосон. Би тухайн үед маш их өвдөж болиоч гэж хэлэхэд У гэх залуу миний хэлснийг тоолгүй бүүр үсний хайч авч над руу дайрсан боловч хайчаараа намайг гэмтээж чадаагүй. Би арга барагдаж намайг алчих гэж хэлэхэд чи залуу хүн байна үхэх гэж юундаа яараа вэ гэж хэлснээ У бага зэрэг тайвширсан. Тэгээд У гэх залуу намайг за дүү минь нэг Соёрхол 0,75 граммын, 2 ширхэг Нийслэл пиво архи аваад ир гэж хэлэхээр нь би Толгойтын хуучин эцэст байрлах дэлгүүрээс 21.800 төгрөгний зээл тавьж Уд авчирч өгсөн. У архи пиво авчирч өгтөл намайг 2 уулаа Галакси баар оръё гээд дагуулж явсан. Галакси бааранд орж миний авчирсан архийг гаргаж ирээд задалсан..., ...У архи ууж байхдаа намайг чи хөгшин хүүхэнтэй суусан байна арчаагүй залуу байна гэж элдвээр доромжилсон. Бааранд байсан бүх л хүмүүсийг доромжилж байсан. Тэгж ууж идэж байснаа бас л шалтгаангүй толгой цээж хэсэг рүү зодож эхлэхээр нь тэвчээр алдаж гарч зугтсан. Тэгээд би шоконд орж балмагдаад ажил руугаа орж жаахан амсхийж байтал У бас ажил дээр орж ирээд хөлөөрөө цээж хэсэг зөндөө өшиглөсөн...Би гар утсаа өөрөө нэг газар хаясан байх гэж бодож байна, намайг үсчиний газарт зодоод гарсаны дараа цагдаа дуудах гээд утсаа хайгаад олоогүй болохоор тэр үед Тыг аваад явсан байна гэж бодсон юм...Т миний эмчилгээний зардалд 340.000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /1хх14-16, 201/,

2. Гэрч Н.Шын “...би танина. Гэхдээ Толгойт хавийн хүмүүс Т гэхээсээ илүү У гэж дууддаг хочоор нь мэднэ. Манай бааранд үе үе орж ирж ганц нэг пиво ууж байгаад гардаг..., ...Тэр өдөр 19 цагийн үед Т ганцаараа орж ирээд 2 шил пиво уугаад 1 цаг гаран болоод 20 цагийн үед гарсан. Түүнээс хойш 2 цаг гарангийн дараа 22 цагийн үед Толгойтын эцэст үсчин хийдэг залуутай орж ирсэн.Тэгээд тэр 2 нийлээд нэг шил архи хувааж уусан. Архи ууж байхдаа нөгөө үсчин залуу руу орилоод дайраад байсан. Тэгэхээр нь би очоод та дуугаа намсаг хүмүүс үйлчлүүлж байна гэж хэлсэн. Тэгээд дуу нь арай гайгүй болсон. Тэгээд хэсэг байж байснаа дахин дуу нь чангараад маргалдаж байгаад Т үсчин залууг нүүр рүү нь нэг удаа алгадаад, дахин нуруу хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон.Тэгсэн үсчин залуу гараад явсан. Түүний араас Т гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх22-24/,

3. Гэрч Г.Гын “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би С нэртэй үсчний газраа ирсэн чинь Г.А дотроос нь түгжсэн байдалтай байхаар нь би хаалгыг нь нүдээд орсон чинь Г.А нүд нь хөхөрсөн, нуруу нь улайгаад бас хөхөрсөн байдалтай байхаар нь би Г.Ааас юу болсон талаар асуусан чинь Г.А тухайн үед У гэх залуу намайг зодоод, дарамтлаад, “Самсунг Эс-7” маркийн гар утсыг маань аваад явчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх133/

4. Гэрч Б.Дын “...Г.А нь манай Ачлал дэлгүүрээр 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хэд хэдэн удаа орж үйлчлүүлсэн. Мөн тус өдрийн 22 цагийн орчим орж ирэхдээ Соёрхол нэртэй 0.75 граммын архийг, 2 Нийслэл пиво /21.800 төгрөгийн/ зээлээр аваад гарсан..., ...Надад юунд хэрэглэх байгаа талаар надад огт хэлээгүй. Зүгээр зээлээч гээд аваад гарсан. Харин нэлээд яарсан байдалтай орж ирээд гарсан..., ...Шөнийн 11 цаг 40 минутын орчим  дэлгүүрээ хаах гээд байж байтал хуурай салпитка байна уу гэж асууж орж ирээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх27-28/,

5. Шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2570 дугаартай “...Г.Аын биед биед тархи доргилт, дух, зүүн нүдний дээд зовхинд, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун хацар, эрүүний баруун хэсэг, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн далны доод хэсэгт цус хуралт, хүзүү, баруун, зүүн эгэм, зүүн мөр, өвчүү, аюулхай, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зүүн хацар, зүүн далны доор, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалдант нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх47/,

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч нь онц харгис хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мэтгэлцэж оролцсон болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас шүүгдэгч Д.Т нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Толгойтын хуучин эцэст байх “С” гэх үсчний газарт үсчинээр ажилладаг хохирогч Г.Аыг “намайг үл хүндэллээ, архи авч өг” гэх шалтгаанаар, түүнийг гар болон хөлөөр цохиж зодох, мөн цахилгаан тогооны залгуураар ороолгон цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн “...намайг үл хүндлэлээ би шоронгоор явсан эвгүй хулгайч шүү гэж хэлснээ элдэв янзаар доромжлон ажил дээр байсан халуун тогооны залгуураар нуруу хэсэг рүү зодож эхэлсэн. ...Намайг 30 минут орчим баруун зүүн гараараа ээлжлэн миний толгойн дух хэсэг, баруун шанаа, нуруу хэсэг рүү цохиж, халуун тогооны залгуураар, нуруу хэсэг рүү ороолгосон... Тэгээд У гэх залуу намайг за дүү минь нэг Соёрхол 0,75 граммын, 2 ширхэг Нийслэл пиво архи аваад ир гэж хэлэхээр нь би Толгойтын хуучин эцэст байрлах дэлгүүрээс 21.800 төгрөгний зээл тавьж Уд авчирч өгсөн. ...Тэгж ууж идэж байснаа бас л шалтгаангүй толгой цээж хэсэг рүү зодож эхлэхээр нь тэвчээр алдаж гарч зугтсан... ажил руугаа орж жаахан амсхийж байтал У бас ажил дээр орж ирээд хөлөөрөө цээж хэсэг зөндөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Шын “...Т үсчин залууг нүүр рүү нь нэг удаа алгадаад, дахин нуруу хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн үсчин залуу гараад явсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Г, Б.Д нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсанг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Тын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, хохирол, хор уршигийг хүсч үйлдсэн, хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Аын биед “...тархи доргилт, дух, зүүн нүдний дээд зовхинд, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун хацар, эрүүний баруун хэсэг, цээжний зүүн хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүү далны доод хэсэгт цус хуралт, хүзүү, баруун, зүүн эгэм, зүүн мөр, өвчүү, аюулхай, цээжний зүүн хажуу хэсэгт цус хуралт, зүүн хацар, зүүн далны доор, бүсэлхийн зүүн хэсэгт зулгаралт...” гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2570 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор буюу хохирогчоор архи, согтууруулах ундааны зүйл авахуулах зорилгоор зодсон, мөн зодохдоо олон тооны гэмтэл шарх учруулж, удаан хугацаанд, дахин дахин зодсон нөхцөл байдлыг үнэлэн онц харгис хэрцгийгээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Учир нь онц харгис хэргий гэдэгт шүүгдэгчийн үйлдлээ удаан хугацаанд танхай балмад байдлаар хэрэгжүүлсэн, хохирогчийг тарчлаан зовоосон нөхцөл байдалтай буюу хохирогчийг цахилгаан тогооны залгуураар олон удаа ороолгох, хөл болон гараараа удаан хугацаанд цохиж зодсонг хамааруулан үзэх нь зөв байна.  

Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин хохирогч Г.А нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч Д.Т нь миний “Самсунг эс-7” маркын гар утсыг хүч хэрэглэж болон булааж аваагүй бөгөөд тухайн үед утас байхгүй байсан учраас Д.Тыг авсан гэж бодоод анх буруу ойлгож, мэдүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Д.Т нь анх гэрч, сэжигтэн, яллагдагчаар болон шүүхийн шатанд хохирогчийн гар утсыг аваагүй талаар тогтвортой мэдүүлсэн, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар хохирогчийн гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу прокуророос шүүгдэгч Д.Тад  холбогдох зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болохыг дурдаж байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Хохирогч Г.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, мөн 340.000 төгрөг хүлээн авсан тухай бичгээр хүсэлт гаргасан /1хх181/ байх тул шүүгдэгч Д.Тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан торгох оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүгдэгч Д.Т нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд 2 хүндрүүлэх нөхцөл байдалтай хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхлэх сургалтанд хамрагдаж байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Д.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй гэж заасан тул шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялд шилжүүлэн тооцож 15.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, мөн онц харгис хэрцгийгээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тад 1.000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Тын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялд шилжүүлэн тооцож 15.000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 985.000 /есөн зуун наян таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР