Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 693

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           22                                      2020/ШЦТ/693

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Н.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005018881116 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “хххх” ХХК-ийн “ххх” хамгаалалтын албанд харуул, хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Т /РД:аа00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Т нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 00 давхарт Д.Г хүзүүний зүүн хэсгийг нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Т мэдүүлэхдээ: “Би хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ийм үйлдэл гаргасан байсан. Эмчилгээний төлбөр төлсөн ” гэв.

 

Шүүгдэгч Н.Т нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 104 дүгээр байрны 9 давхарт Д.Гхүзүүний зүүн хэсгийг нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Д.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 12-ны орой 16 цагийн үед би гэрээсээ гарч хүнсний дэлгүүр орж талх аваад буцаад гэрлүүгээ орохоор лифтнээс буусан чинь манай байрны дүү нар болох Ганбаа, Ганзам хоёр манай давхарт зогсож байсан юм. Би байрны дүү нартай юу байна дүү нар гэж мэндэлж хэдэн үг солиод зогсож байх үед манай хөрш Н.Т гэх залуу лифтнээс бууж ирсэн. Н.Т гэрийнхээ хаалгыг цохиж байгад хаалгыг нь онгойлгож өгөхгүй болохоор бид гурав дээр хүрээд ирсэн. Би Н.Таг яасан миний дүү гэсэн чинь харин хаалга тайлахгүй байна. Хүн байхгүй юм шиг байна гэж хэлээд юм яриад зогсож байгаад гэнэт тохойгоороо орцны цонхыг цохиж хагалж, хагарсан цонхны шилийг гартаа бариад та гурвыг ална аа гэж хэлсэн чинь Ганзам, Д.Г хоёр шатаар доошоо гүйгээд явчихсан. Би тэр үед намайг зүснэ гэж санаанд ороогүй зогсож байх үед над руу таныг ч гэсэн ална гээд миний хүзүүний зүүн хэсэгт шилээр зүсчихсэн. ...гэмтлийн эмнэлэг ойрхон байсан болохоор орж үзүүлж оёдол тавиулж гэртээ орсон чинь манай дүү нар цагдаад хэлж дахин яаралтай хэвтэх шаардлагатай гээд хагалгаанд оруулсан ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 11 дүгээр хуудас/,

 

Гэрч С.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ...Ганбаа ах бид гурав юм яриад орцонд зогсож байсан чинь Н.Т гэдэг залуу лифтнээс бууж ирээд гэрийнхээ хаалгыг хэсэг цохиж байгаад онгойлгохгүй болохоор нь бид гурав дээр ирсэн. Н.Т ирээд бид гурав юу байна дүү, сонин сайхан гэсэн юм ярьж зогсож байсан чинь Ганбаа ах Н.Т хоёр хоорондоо маргалдаж нэг нэгнийгээ барьж аваад Ганзам бид хоёр салгасан. Тэр үед Ганбаа ах Н.Та ахын дүү яагаад байгаа юм бэ ах нь зүгээр л байна шүү дээ гэж хэлээд хоорондоо учраа олж яриад зогсож байгаад Н.Т гэнэт орцны цонхыг тохойгоороо цохиж хагалсан. Бид нар Н.Тас яагаад цонх хагалж байгаа юм бэ гэж асуугаад яриад байж байхад Ганзам доошоо буучихсан байсан. Тэгээд би за за гадаа гаръя гэсэн чинь тэр хоёр зүгээр л хоорондоо юм яриад байж байхаар нь учраа олно биз гэж бодоод доошоо буучихсан. Би гадаа гараад явж байсан чинь Д.Г ах хүзүүгээрээ цагаан бинтээр боочихсон байсан. Би Ганбаа ахаас юу болсон юм гэж асуусан чинь Н.Т намайг зүсчихсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №811 дугаартай шинжээчийн:

“...1. Д.Гбиед хүзүүний зүүн хэсэгт гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зүүн жолоо булчингийн судасны тасрал гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн

зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

    3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 26-28 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Гт учирсан хохирлын баримтууд /хэргийн 58-59 дүгээр хуудас/,

 

Хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар /хэргийн 61-69 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Н.Тулгын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр би өөрийн 2 найзын хамтаар 1 шил 0,5 литрийн 2 шил 0,75 литрийн Монгол стандарт архи уучихаад ...Ганбаа ах бид хоёр согтуу байсан учир нэг нэгнийхээ үгийг даахгүй хоорондоо маргалдаж байсан. Тэрнээс хойш ямар үйл явдал болсон талаар би сайн санахгүй байна. ...Би Д.Г гэх хүний биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

“ХХХ” ХХК-ийн “Цагаан арслан” хамгаалалтын албанаас ирүүлсэн “... Ням овогтой Н.Т нь сарын цалин 350.000 төгрөг, харуул, хамгаалалтын ажилтнаар ажиллаж байгаа нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт /хэргийн 53 дугаар хуудас/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 54 дүгээр хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 55 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 77 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 78 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 79 дүгээр хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

   Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Н.Т нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр шилээр хохирогч Д.Г эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Т нь хохирогч Д.Гхүзүүг шилээр зүссэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон хүзүүндээ шилээр зүсүүлснээс үүдэлтэй хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч Н.Тулгыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

 

Хохирогч Д.Гт хохирол төлбөрт 560.000 төгрөг төлсөн гэх баримт /хэргийн 72 дугаар хуудас/, хохирогч Д.Г“...Н.Т нь намайг шилээр зүсэж гэмтээсэн ба Н.Ттай сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хэргийн 76 дугаар хуудас/, хэргийн материал танилцуулсан тухай “...санал, хүсэлт байхгүй” гэсэн тэмдэглэл /хэргийн 70 дугаар хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгч Н.Т энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Гт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.Т нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Тд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Н.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Тд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч Н.Т торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан

ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Т баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх

хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО