Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Үрлэнцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Хоолт бригадад 1979-1992 онуудад жолоочоор ажиллаж улсад нийт 13 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1989-1992 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүй, ажлаас халагдсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Н.******* миний бие тус шүүхэд ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Одоо нэмж гаргах нотлох баримт байхгүй. Миний бие Сэврэй сумын Хонгорын голд ганц биеэр мал маллаж амьдарч байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Иймд шүүх хурал зарлахдаа намайг үзэгүйд цугласан баримтын хэмжээнд шийдэж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Гэрч Л.*******ийн шүүхэд өгсөн “1979 оноос эхлэн Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн хоолт бригадад жолоочоор ажиллаж 1992 он хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажилласан, би нэгдлийн ууган гишүүн. 1956 онд нэгдэл байгуулагдсанаас хойш 1992 оныг хүртэл татан буугдтал нь тасралтгүй ажилласан. Хамт нэг байгууллагад ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

2. Гэрч Ц.*******гийн шүүхэд өгсөн “Би 1979 онд илгээлтээр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн Хоолт бригадад очиход 1979 оны 07 дугаар сард Н.******* цэргээс халагдаж ирээд тус бригадад хамт ажилласан. 1990 онд нэгдэл хувьчлагдаж компани болсон. 1991 онд бүгд тарсан. 1990 оныг хүртэл нэгдэлд тасралтгүй ажилласан. Анх нэг бригадад зэрэг ажиллаж эхэлсэн. 1990 оныг хүртэл нэг нэгдэл, нэг бригадад хамт тасралтгүй ажилласан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

3.Нэхэмжлэгч Н.*******гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн Засаг даргын тодорхойлолт,

 

4.1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс нэхэмжлэгч Н.*******д олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

5.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 тоот Н.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд 1979-1989 онуудад жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

 

6.Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тушаалын хуулбар,

 

7.Өмнөговь аймгийн Сэврэй сумын “Баян-сүмбэр” хувцаат компанийн 1992 оны 03 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан дүрмийн хуулбар,

 

8.Гэрч Л.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,

 

Нэхэмжлэгч Н.******* нь 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч Л.*******, Ц.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, 1981 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлээс нэхэмжлэгч Н.*******д олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 33 тоот Н.******* нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд 1979-1989 онуудад жолоочоор ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдлийн даргын 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

 

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Н.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ж.Мөнхзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бээс овгийн Нацагийн ******* /РД:КИ57051018/-ийн 1979 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Сэврэй сумын Социализмын зам нэгдэлд захиргаа аж ахуйн албаны жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР