Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 698

 

 

 

 

 

 

 

 

    2020        07           24                                      2020/ШЦТ/698

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Будхүү хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч П.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005014601145 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 000-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “ххх” “ххх” салонд үсчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт 0000тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, П.Г  /РД:аа000000/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Г нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 000 тоотод хамтран амьдрагч Н.М ийн биед тархи доргилт, хамар яс, зүүн хоншоорын урд, дээд, дотор хана, зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зулайн ар хэсгийн зөөлөн эд, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын уг нуруу, духны гол хэсэг, баруун хацар, дээд доод уруул, зүүн чихний дэлбээ, 2 хөлийн өвдөг, шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

 

Шүүгдэгч П.Г нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Алтай хотхоны 31-113 тоотод хамтран амьдрагч Н.М ийн биед тархи доргилт, хамар яс, зүүн хоншоорын урд, дээд, дотор хана, зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зулайн ар хэсгийн зөөлөн эд, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын уг нуруу, духны гол хэсэг, баруун хацар, дээд доод уруул, зүүн чихний дэлбээ, 2 хөлийн өвдөг, шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагийн үед нөхөр П.Г , хүү Г.Д  нарын хамтаар гэрээсээ гарч Сонгинохайрхан дүүргийн халамжийн хэлтэс орж миний нийгмийн даатгалын дэвтэр авчихаад Ханын материалд байдаг нөхрийнхөө төрсөн ах Ганболдын гэрт очсон. Тэгээд бид гурав Ганболд ахын гэрт байж байгаад П.Г ийн төрсөн эгч Мөнхзултай утсаар яриад гэртээ байна гэхээр нь Мөнхзул эгчийн гэр лүү явахаар бид гурав Ганболд ахын гэрээс 16:00 цаг өнгөрөөгөөд гарсан. Тэгээд Мөнхзул эгч нөхөр болох Батбаярын хамтаар хоёулаа байж байсан. ...Тэгээд сүүлд авсан архийг П.П.Г , Батбаяр хоёр хуваан ууж байсан бөгөөд тэр үед би хүүгээ тэвэрч хажууд нь сууж байгаад угжих санаатай хүүхдээ тэвэрсэн чигээрээ угжийг нь авах гээд дөнгөж босоод өөрийнхөө сууж байсан газрын хажуухан талд байсан буйдан дээрээс хүүгийнхээ угжийг дөнгөж автал манай нөхөр миний толгойн ар хэсэг рүү юугаар гэдгийг нь мэдэхгүй цохисон. Тэр үед миний ухаан балартаад ухаан алдчих шиг болсон боловч миний ухаан санаанд би хүүгээ тэвэрчихсэн байхад манай нөхөр миний дээр гарчихсан нүүр болон толгой руу гараараа маш их цохиод, зодоод байсан. Тэр үед би өөрийгөө зүүдлээд байна уу гэж бодсон боловч манай хүү чанга дуугаар уйлаад унахаар нь сэргэсэн чинь манай нөхөр нээрээ миний дээр гарчихсан “чи ямар том болчихсон юм, чи яадаг болчихсон юм” гээд дан гараараа миний нүүр, толгой, орчим цохиж, зодож байсан. Тэр үед манай хүү уйлаад байгаа боловч нөхөр маань тоохгүй намайг зодоод байсан бөгөөд би маш чанга дуугаар намайг аллаа шүү дээ, туслаарай гэж орилсон боловч манай нөхрийн эгч П.Мөнхзул нөхөртэйгөө ирж надад туслаагүй. ...Миний биед учирсан гэмтлийг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны шөнө Алтай хотхонд манай нөхөр П.Г  зодож учруулсан. Тэгж зодохдоо дандаа гараараа маш олон удаа зодож учруулсан байгаа ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 30-32 дугаар хуудас/,

 

Гэрч П.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Н.М ийг ч согтоод байна, одоо уухаа боль гэсэн. Тэгээд хамт хүүхдэд нь бантан хийж өгсөн. Хүүхдэдээ бантангаа өгсөн. Тэгээд архи уугаад байсан. Би Н.М т боль гэж хэлсэн. Тэгээд П.Г , Батбаяр хоёр юм яриад П.Г  өмнө хоёр хүүхэдтэй байсан уг хоёр хүүхдээ яриад санаж байна, очиж уулзмаар байна гэж байсан. Тэгэхэд Н.М  хоёр хүүхэдтэйгээ очиж амьдар, хэн надтай амьдар гээд байгаа юм гээд уурлаад хүүхдээ тэврээд аваад гарах гэхэд би Н.М т чи согтсон байна. Хүүхэд авч гарч болохгүй, хоноод өглөө эрт яв болохгүй бол би дуудлагын жолооч дуудаад өгье гэсэн П.Г  хэрэггүй энд хоноод өглөө явъя гэсэн. Би манай гэрт хүн амьтан хэрүүл хийдэггүй бид хоёр ч гэсэн хэрүүл хийдэггүй айл хүндэтгэсэнгүй гэхэд тэр хоёр маргахаа болиод амрахаар болсон. Би залуу хүүхдүүд байж муудалцахыг алийг тэр гэдэг юм унтаад яв гэсэн. Тэгэхэд П.Г , Н.М  өөрийгөө ална гээд байдаг. Хоёр хоногийн өмнө өөрлүүгээ хутга зоох гэхээр нь би хутгыг нь авсан. Тэгэхэд хумсны хуурай аваад гуяндаа зоосон гэсэн. Тэгэхээр нь би ээжид нь хэлсэн гэсэн. Тэгээд бид хоёр тэр шалтгаанаас болж маргалддаг гэсэн. Би унтлагын өрөө рүүгээ унтлаа гээд орсон. Араас нөхөр удалгүй орж ирсэн. Тэгээд унтаж байхад манай нөхөр цаад хоёр чинь хоорондоо зодолдоод байх шиг байна. Н.М  Зулаа эгч ээ туслаарай, авраарай гээд орилоод байсан. Нөхөр түрүүлээд очсон. Би араас нь очиход Н.М  ширээний ард нүүр, хамар хэсэг нь хавдчихсан хамраас нь цус гарчихсан сууж байсан. П.Г  орон дээр сууж байсан хүүхэд нь газар хэвтэж байсан. Би П.Г ийг загнаад чи эмэгтэй хүнийг ингэтэл нь зодоод байхдаа яадаг юм гэсэн ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38-39 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Батбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би эхнэрийн хамтаар жижиг өрөөнд унтаж байтал том өрөөнд түжигнэх чимээ гарахаар нь би сэрсэн. Тэгээд би том өрөөнд ортол П.Г , Н.М  хоёр хувцсаа өмсчихсөн хоёр биенээ харчихсан зогсож байсан бөгөөд Н.М ийн өмд дээр нь цус асгарчихсан, аль нүд нь билээ хавдчихсан байдалтай байсан. Бас тэр хоёрын хүүхэд нь газар байхаар нь би эхлээд хүүхдийг нь аваад жижиг өрөөнд оруулан эхнэрийг сэрээсэн. Тэр үед манай эхнэр орноосоо босч том өрөө рүү гараад Н.М ийг дагуулан буцаад орж ирсэн. Тэгээд Н.М  жижиг өрөөнд орж ирэхээр нь юу болсон талаар асуухаар Н.М  ямар нэгэн юм хэлж өгөхгүй, би хэлэхгүй гээд байсан бөгөөд П.Г  өмнө нь сөхөрчихөөд “ханиа намайг уучлаарай” гээд байсан ... гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4816 дугаартай шинжээчийн:

“...1. Н.М -н биед тархи доргилт, хамар яс, зүүн хоншоорын урд, дээд, дотор хана, зүүн ухархайн доод ханын хугарал, зүүн зулайн ар хэсгийн зөөлөн эд, 2 нүдний дээд доод зовхи, хамрын уг нуруу, духны гол хэсэг, баруун хацар, дээд доод уруул, зүүн чихний дэлбээ, 2 хөлийн өвдөг, шилбэний урд дунд хэсэгт зөөлөн эдийн няцрал цус хуралтууд үүсчээ.

  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр

үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

    4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 46-47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч П.П.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их харамсаж байна. Өдөр болгон тэр хэргийн талаар бодож харамсаж байна. ...Миний хувьд хохирогч Н.М т учруулсан хохирлоо бүрэн барагдуулах болно. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 93 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Бусад нотлох баримтууд:

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 59-60 дугаар хуудас/, асап сангийн лавлагаа /хэргийн 62-68 дугаар хуудас/, “хххх” ХХК-иас ирүүлсэн “П.Г нь тус салонд 3 жил тогтвор суурьшилтай ажилладаг болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хэргийн 69 дүгээр хуудас/, “Хаан банк” ХХК-иас ирүүлсэн шүүгдэгч П.П.Г ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 71-86 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хэргийн 103 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 109-110 дугаар хуудас/, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хэргийн 111 дүгээр хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   

 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.Г нь хууль зүйн хувьд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.М ийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Тодруулбал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр ... хамтран амьдрагч” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

 

Шүүгдэгч П.Г нь хамтран амьдрагч болох хохирогч Н.М ийн биед халдаж гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон цохиулснаас үүдэлтэй хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тиймээс шүүгдэгч П.Г ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

 

Хохирогч Н.М ийн “миний бие яллагдагч П.Г тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй бөгөөд биед учирсан гэмтлийн улмаас гарсан цаашдын зардлыг иргэний журмаар иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний бие хүү Г.Д ын хамтаар Архангай аймаг явах тул шүүх хуралдааныг миний эзгүйд явуулахад гомдол санал татгалзах зүйл байхгүй. Одоогоор эмчилгээнд гарсан зардлыг хавтаст хэрэгт тусгагдсан баримтаар барагдуулж авсан” гэсэн хүсэлт /хэргийн 102 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Г т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйлдэлд нь 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч П.Г нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байна. Шүүгдэгч П.Г нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч П.Г т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч П.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх

заалтад зааснаар шүүгдэгч П.Г ийг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч П.Г баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЗОЛБОО