| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 169/2020/0045/Э |
| Дугаар | 52 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч М.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 2022001240045 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .....оны .....дүгээр сарын .......-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, .......настай, ............ боловсролтой, .....мэргэжилтэй, ......., ам бүл ............тоотод оршин суух, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 752 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж тэнсэн харгалзсан, Дундговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар, 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн гэх, Ч овогт Мын Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Анужин төв”-ийн нэг давхарт байрлах оёдолчны өрөөний ширээн дээр байсан иргэн Ш.Цгийн эзэмшлийн айфоне-11 про маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед “А” төвийн оёдлын газраар ороод монгол цамц хэдээр оёдог юм бэ гэж асуугаад ширээн дээр малгайгаа тавьсан. Тэгэхэд ширээн дээр гар утас байхаар нь тэр утсыг нь авч халаасандаа хийгээд гараад явсан юм гэв.
Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутагт байрлах “А”-ийн оёдолчны өрөөндөө ганцаараа байж байтал гаднаас 19 цаг 30 минутын үед шар өнгийн куртиктай цагаан өнгийн бүрх малгайтай масктай эрэгтэй согтуудуу хүн орж ирсэн. Орж ирээд манай өрөөнд ойролцоогоор 10 минут орчим болоод буцаад гараад явсан юм. Хэсэг хугацааны дараа би өөрийн гар утсыг хайтал алга болсон байсан. Би гар утсаа эсгүүрийн ширээн дээр тавьсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-рт/
Гэрч Ё.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдөр 20 цаг 20 минутын үед гэртээ байж байтал ээж Ш.Ц гаднаас би гар утсаа хулгайд алдчихлаа, танихгүй хүн хулгайлаад явчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдээд гар утсыг айфи кодоор нь байршлыг нь тогтооход Сайнцагаан сумын .... дугаар баг Айрагийн ..... дугаар гудамжны ойролцоо зааж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-рт/
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4-рт/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 39-45рт/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32-рт/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үнэлгээний комиссын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Үнэлгээ гаргуулахаар ирүүлсэн эд зүйлд зах зээлийн үнэ ханшийг судалж, айфоне-11 про маркийн шинэ гар утас 2019 онд худалдан авч байсан гэх үнэ 3.200.000 төгрөг’’ /хх-ийн 19-20-рт/ гэх дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “А” төвийн нэг давхарт байрлах оёдолчны өрөөний ширээн дээр байсан иргэн Ш.Цгийн эзэмшлийн айфоне-11 про маркийн 3.200.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б хохирогч Ш.Цд гар утсыг нь буцаан өгч хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. Хохирогч гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Мын Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Быг 340 /гурван зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.Бод шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч М.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ