Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0108

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н нар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын Ц.Бд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг хариуцагчид даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 768 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс:

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Б-гаас Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр Цэргийн алба хаасны тэтгэвэр хувь тэнцүүлэн тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 768 дугаар шийдвэрээр: Нэхэмжлэгч Ц.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 107, 108 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчиж холбогдох хуулиудын заалтын утга агуулгыг өөрөөр тайлбарлан хууль буруу хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан, мөн шүүх хуралдааны үеэр хариуцагчид ашигтай байдал үүсгэн хэд хэдэн удаа өмнөөс нь хууль тайлбарлаж, харин нэхэмжлэгч талын хуульд заасан тайлбар хэлэх боломжоор хангахгүй үг хэлэх эрхийг хязгаарласан үйлдэл гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн үйлдэл болсон гэж үзэж гомдолтой байгаа юм.

3.2. Анхан шатны шүүх нь хуулийн дээрх заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчийн цэргийн байгууллагад ажилласан нийт хугацааг тогтоосон жил тооцохдоо Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжид нийцсэн заалт байгаа эсэхийг хэрэглээгүй, нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр болон бусад бичгийн нотлох баримтуудыг дутуу үнэлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.3. Анхан шатны шүүхээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг тайлбарлахдаа: “...Цэргийн алба хаагчаар 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй, 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэй алба хаагчдад хамааралтай зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтын дагуу цэргийн алба хаагчаар 11 жил 2 сар 29 өдөр ажилласан нэхэмжлэгчийн энгийн байгууллагад ажилласан хугацааг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцох боломжгүй юм” гэж тайлбарлажээ.

3.4. Гэтэл Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалт нь  “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагч...”-д хамааралтай заалт байх ба нэхэмжлэгч Ц.Б-ийн хувьд тус хуулийн 8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Цэргийн алба хаах нас хэтэрч гэх болзлыг хангасан буюу дээрх 6.4 дэх заалтад шууд хамааралтай цэргийн алба хаагч мөн байхад, шүүгч огт хамааралгүй 6.4 дэх заалт нь зөвхөн 25-аас доошгүй жил ажилласан эрэгтэй, 20-оос доошгүй жил ажилласан эмэгтэй алба хаагчдад хамааралтай мэтээр буруу ташаа, үндэслэлгүй тайлбар хийж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан байна.

3.5. Нэхэмжлэгч Ц.Б нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан болзлыг хангасан тул цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт өгсөн буюу тус хуулийн 6.4 дүгээр зүйлд заасан Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзлыг хангасан цэргийн алба хаагч гэх шалгуурыг хангасан байх тул тус хуулийн ... иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож болно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн иргэний нийгмийн байгууллагад ажилласан 20 жил 8 сар жилийн сарын хугацааг дүйцүүлж, 10 жил болсон бөгөөд үүн дээр цэргийн байгууллагад ажилласан 11 жил 2 сарыг нэмж тооцоход нийт цэргийн байгууллагад ажилласан гэж тооцох жил нь 21 жил 10 сар болсон.

3.6. Өөрөөр хэлбэл Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тэтгэвэрт гарах нөхцөл бүрдэж, тус хуулийн 6.4 дэх хэсэгт зааснаар цэргийн алба хаагчаар ажилласан жилийг 21 жил 10 сарын хугацаагаар тооцож, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэний үндсэн дээр мөн хуулийн 19.1 дүгээр зүйлд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах үндэслэлтэй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж магадлалаар өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/1079 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-ийн 3, 19 дүгээр зүйлийн 2, Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 86 дугаар зүйлийн 86.2, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.5, Засгийн газрын 2011 оны 38 дугаар тогтоолоор баталсан “Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журам”-ын 3, 4 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсийн дотоод аудит хариуцсан ахлах байцаагчийг албан тушаалаас нь 2021 оны 01 дүгээр сарын 20ы өдрөөр тасалбар болгон чөлөөлж, цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгохоор шилжүүлж, түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

2.2. Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Б нь “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, мөн 4-д зааснаар иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцоход миний иргэний байгууллагад ажилласан 17 жил 8 сар 8 хоног, 2 хүүхэд төрүүлсний 3 жил нь цэргийн байгууллагад 10 жил ажиллаж, цэргийн байгууллагад ажилласан жилийг нэмж тооцвол нийт 21 жил 2 сар цэргийн алба хаасанд тооцогдох ёстой. Гэтэл маргаан бүхий Б/1079 дүгээр тушаалаар тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг надад 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр олгохоор миний цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлснээр тогтоосон нь төрд ажилласан 32 жилийг үгүйсгэж нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг хуулиар тогтоосон хэмжээнд буюу 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр авах эрхийг зөрчиж байна” гэх үндэслэлээр маргажээ.

2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24ий өдрийн Б/1079 дүгээр тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэгчид цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг даалгах” гэсэн байдлаар тодорхойлон гаргасан байна.

2.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Б-ийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

2.5. Нэхэмжлэгч Ц.Б нь иргэний байгууллагад 17 жил, 2 хүүхэд төрүүлсний 3 жил, цэргийн байгууллагад 11 жил 2 сар 2 хоног ажилласан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан түүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр зэргээр нотлогдож байна.

2.6. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж, 8 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэж заасан нь ажилтны иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан 1 жилийг 6 сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, цэргийн байгууллагад ажилласан жилтэй нэгтгэн тооцон 20 жил хүрсэн тохиолдолд нас харгалзахгүйгээр ажилласан жилээр тооцож хувь тэнцүүлэн тэтгэврээ тогтоолгох тухай эрхийн зохицуулалт юм.

2.7. Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч Ц.Б нь иргэний байгууллагад 17 жил, хүүхэд төрүүлсний 3 жил, цэргийн байгууллагад 11 жил 2 сар 2 хоног ажилласан байгаагаас үзвэл түүнийг цэргийн байгууллагад нийт 21 жил 2 сар 2 хоног ажилласан гэж тооцож, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны хязгаараас өмнө цэргийн албаны онцлогоос хамаарч иргэний болон цэргийн байгууллагад ажилласан жилийн хугацааг тооцон тэтгэвэр тогтоолгох эрх нээж өгсөн хуулийн ойлголт юм.

2.8. Тиймээс иргэний байгууллагад ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож, цэргийн байгууллагад ажилласан жилтэй хамтатган тооцон уг ажилласан жилийн нийт хугацаа нь 20-оос доошгүй жил болсон эмэгтэй ажилтны хувьд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүсэх тул нэхэмжлэгчийг цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх үүссэн гэсэн байдлаар ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 24ий өдрийн Б/1079 дүгээр тушаалыг буруутгах үндэслэлгүй.

3. Ц.Б-д цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг бүрэн буюу 36 сараар тооцож бүрэн тэтгэмж тогтоосон акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. “Цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэжээ. Иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцсон цэргийн алба хаасан хугацааг бус цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил цэргийн алба хаагаад тэтгэвэрт гарсан тохиолдолд олгох нэг удаагийн тэтгэмж юм.

3.2. Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тэтгэмж нь цэргийн албыг бодитой хаасных нь төлөө өгч байгаа нэг удаагийн тэтгэмж буюу тусламж байх бөгөөд энэ нь шууд улсын төсвөөс ажил олгогчид урьдчилан төсөвлөгдөж төсөвт зарцуулагдахаар олгодог. Харин хуулийн 6 дугаар зүйлд заасан тэтгэвэр, тэтгэмж нь нийгмийн даатгалын сангаас олгодог бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар цэргийн алба хаагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс нийгмийн даатгалын санд төвлөрүүлдэг байна.

3.3. Иймээс нэг удаагийн тэтгэмж олгохдоо тэтгэвэр тогтоох хугацаанд тооцдог энгийн байгууллагад ажилласан жилийг 6 сар цэргийн алба хааснаар бодож нэмсэн хугацаагаар нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгох үндэслэлгүй.

3.4. Тодруулбал, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй” гэсэн заалт нь тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх, мөн цэргийн алба хааж байх хугацаандаа хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж олгох зэрэг тодорхой харилцааг зохицуулахад энэхүү ажилласан жилийг тооцох хуулийн зохицуулалттай.

3.5. Иймд нэхэмжлэгч Ц.Б-ийн 17 жил иргэний байгууллагад ажилласан нэг жилийг зургаан сараар болон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцоод нийт цэргийн байгууллагад 21 жил 2 сар 2 хоногт тооцсон хугацаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цэргийн алба хаагч эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан хугацаанд хамаарахгүй тул түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгох үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм.

4. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1-ийн 2, 2-ийн 3, 19 дүгээр зүйлийн 1, 2” гэж бичих ёстой байсныг буруу бичсэн байх тул түүнд зөвтгөсөн өөрчлөлт оруулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 768 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 8 дугаар зүйлийн 8.1.2, 8.2.3, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2” гэснийгЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4, 8 дугаар зүйлийн 1-ийн 2, 2-ийн 3, 19 дүгээр зүйлийн 1, 2” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР          

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ