Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

П.Ч-, Я.А- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                          

прокурор Б.Хурц,

шүүгдэгч П.Ч-, түүний өмгөөлөгч Л.Сарангуа, Ш.Эрдэнэцэцэг,

шүүгдэгч Я.А-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурцын бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 дугаар улсын яллагчийн  эсэргүүцлээр П.Ч-, Я.А- нарт холбогдох 201601000059 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. П.Ч, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулаан хангамжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ;

 

2. Я.А, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх дугаар байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

П.Ч- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын зохих заалтуудыг зөрчин, дүүргийн халамжийн сангийн данснаас “Зоог трейд” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, “Андын өгөөмөр тус” ТББ-ын данс руу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5,200,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, “Радонтхайрхан” ХХК-ийн данс руу 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 5,000,000 төгрөг, “Саруул орчлон” ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, “Ихэр арслан” ХХК-ийн данс руу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, иргэн Бадамцэцэгийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 44,770,000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурилыг бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан,

Я.А- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга П.Ч- холбогдох хууль тогтоомж зөрчин дүүргийн халамжийн сангийн данснаас “Андын өгөөмөр тус” ТББ, “Ихэр арслан” ХХК, “Саруул орчлон” ХХК-иуд руу 11 удаагийн үйлдлээр нийт 44,770,000 төгрөг шилжүүлэн гарган авч ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан гэмт хэрэгт 8 удаагийн үйлдлээр 31,570,000 төгрөг гарган авахад 2 дугаар гарын үсэг зурж учрах саадыг арилган хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: П.Ч-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Я.А-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 281 дүгээр магадлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн П.Ч-, Я.А- нарт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шилжүүлж ирүүлсэн тэдгээрт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэг явуулж улсын яллагчийн шүүх хэлэлцүүлэгт судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Гэрэлтуяагийн “Налайх дүүргийн ХҮХ-ийн албан тушаалтан нар нь 30.2 сая төгрөгийн хохирол Нийслэлийн төсөвт учруулсан” гэх /2 хх-ийн 224 дүгээр тал/,

гэрч Ч.Очирхүүгийн “Налайх дүүргийн НХҮХ-ийн үйл ажиллагаатай материал үзэхэд халамжийн сангийн хөрөнгөөр бараа материал бэлтгэж хууль тогтоомж зөрчсөн болохыг илрүүлсэн. 2014 онд 34,5 сая төгрөг, 2015 оны эхний хагас жилийн байдлаар 14 сая орчим төгрөгийн бараа материал бэлтгэсэн байна” гэх мэдүүлгүүд /2 хх-ийн 237 дугаар тал/,

одоогийн яллах дүгнэлтэд дурдсан 44.7 сая төгрөгийн хохирол, хүнд хор уршгаас П.Ч- нь төсөвт 9,578,000 төгрөгийн нөхөн төлнө гэх,

нотлох баримтуудтай холбогдуулан талууд мэтгэлцэх явцад улсын яллагч санхүүгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13-6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан байгаа хэрэв үгүй бол энэ хэрэгт шийтгэх, цагаатгах тогтоолын аль нэг гарах байх миний зүгээс шүүгдэгч нарыг яллахаас татгалзах байр суурь байхгүй гэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Загарсүрэн “давж заалдах шатны шүүхийн шүүгч нэхэмжлэлийн хохирлын хэмжээг ихэсгэх багасгах эрхгүй этгээд 44,770,000 төгрөгийн хохирол учирсан гэж байхад 9,000,000 төгрөгийг нэхэмжлэх эрх байгаа юм уу гэж зэмлэсэн. Анх хавтаст хэрэгтэй танилцахад шалгуулах зүйл байсан. Гэм бурууг тогтоох үндэслэл байгаа учраас нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж байна. Энэ хэрэгт манай байгууллагын зүгээс нотлох баримт бүрдүүлж өгсөн зүйл байхгүй” гэх,

шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Эрдэнэцэцэг, Сарангуа нар “хохирол мөнгөтэй холбоотой асуудлаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэмээр байна 9 сая төгрөг нэхэмжилж байснаа одоо бүр 44,700,000 төгрөг нэхэмжилж байна. Одоо тэгвэл бараа материал авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настнуудыг иргэний хариуцагчаар татах асуудал яригдах байх. Нийслэлийн халамжийн байгууллагад ямар хохирол учирсан талаар хохирогч нар тодорхой хэлж чаддаггүй. Хавтас хэрэгт энэ талаар авагдсан зүйл байхгүй. Прокурор шүүгдэгчийг яллахаас татгалзаад хэргийг мөрдөн байцаалтад буцааж болно. Тэгэхгүй бол бид цагаатгах байр суурьнаас оролцоно” гэж мэтгэлцэхийн зэрэгцээ шүүгдэгч П.Ч- “баталгаа, нотолгоотой зүйлээр нотлон шийтгэх ёстой. Энэ хэрэгт хохирол тогтоогдоогүй хоёр жил явлаа”,

шүүгдэгч Я.А- “бараа материал авсан хүмүүс байгаа болохоор түүнийг тодруулж шалгаж өгч болох болов уу гэж өргөдөл бичиж өгсөн” гэх зэрэг мэдүүлгээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан П.Ч-, Я.А- нарын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдоогүй, тэдгээрийг 2016 оны 11 дүгээр сарын 16, 2017 оны 3 дугаар сарын 9, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүд болон өнөөдрийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа, шаардлагатай гэрч Мөнх-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулах гэсэн боловч оршин суух хаяг тодорхойгүй, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “манай байгууллагын зүгээс нотлох баримт гаргаж байгаагүй, гэм бурууг тогтоолгохоор прокурорт буцааж өгнө үү”, шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч нар “шүүхийн хэлэлцүүлгийн өмнө болон одоо хохирол төлбөр бүрэн тогтоогдоогүй” гэсэн хүсэлтүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт, мөн зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн заалттай зөрчилдөөгүй байна.

Иймд шүүгдэгч П.Ч-, Я.А- нарт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг явуулах шаардлагагүй тул П.Ч-, Я.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, Нийслэлийн прокурорын газарт очтол П.Ч-, Я.А- нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Хурц бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн 318 дугаар захирамжаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан П.Ч-, Я.А- нарын үйлдсэн гэх гэмт хэргийн улмаас Нийслэлийн нийгмийн халамж үйлчилгээний газарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдоогүй, тэдгээрийг 2016 оны 11 дүгээр сарын 16, 2017 оны 3 дугаар сарын 9, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрүүд болон өнөөдрийн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байгаа, шүүгдэгч Д.Чинбатын өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн өмнө болон одоо хохирол төлбөр бүрэн тогтоогдоогүй гэсэн хүсэлтүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт, мөн зүйлийн 12 дахь хэсэгт Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ гэж заасан нь хуулийн заалттай зөрчилдөөгүй байна. Иймд П.Ч-, Я.А- нарт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг явуулах шаардлагагүй, тэдгээрт холбогдох хэрэгт дээрх ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1, 1.2, 1.3, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Мөрдөн байцаалтаар 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 3 дугаар сарын 31-ний хооронд Налайх дүүргийн Нийгмийн халамжийн хэлтсийн данснаас 12 удаагийн гүйлгээгээр нийт 44,770,000 төгрөг дээрх нэр дурдагдсан компаниуд болон Төрийн бус байгууллагын дансаар орж бэлнээр П.Ч-, Я.А- нарын гар дээр очсон болох нь хохирогч Б.Загарсүрэн, тухайн компаний захирлуудыг гэрчээр байцаасан, мөн гэрч Л.Нацаг, Г.Наранбаатар, Г.Дариймаа нарын мэдүүлэг, Нийслэлийн Аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1076 дугаартай албан бичиг, хавсралт, Ихэр арслан, Саруул орчлон, Зоог трейд, Радонт хайрхан ХХК, Андын өгөөмөр тус ТББ-ын дансны гүйлгээний хуулгууд зэрэг нотлох баримтуудаар шалгагдаж тогтоогдсон.

2. Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон н.Гэрэлтуяагийн мэдүүлсэн 30,200,000 төгрөг гэсэн нь хэлтсийн дарга П.Ч-, нягтлан бодогч Я.А- нарын хамаарал бүхий компаниуд руу шилжүүлсэн мөнгөн дүн, Нийслэлийн халамж үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүүгийн мэдүүлсэн 34,500,000 төгрөг нь тус хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд зөвхөн 2014 онд хийсэн аудитын шалгалтын дүн, яллах дүгнэлтэнд дурдагдсан 44,770,000 төгрөг нь хэлтсийн дарга П.Ч-ын 2014, 2015 онуудад Нийгмийн халамжийн тухай хууль, холбогдох бусад тогтоол, дүрэм, журмыг зөрчин бэлнээр гаргаж авсан мөнгөн дүн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, аудитын дүгнэлт зэргээр тогтоогдсон.

3. П.Ч-, Я.А- нарын тухайд ажил үүргийн хувьд халамжийн сангийн данснаас бэлэн мөнгө гарган ортопед, тусгай хэрэгсэл зэргийг бэлтгэн нөөц үүсгэх ёсгүй, тийм шаардлага ч байгаагүй болох нь Нийгмийн халамжийн тухай хууль, Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, холбогдох дээд байгууллагаас хүргүүлсэн чиглэл зэргээр тоггоогдсон.

4. Тэдгээрийн хууль тогтоомж зөрчин халамжийн сангийн данснаас гарган авсан мөнгөн дүн банкны дансны хуулга, баримтаар тодорхой байгаа.

5. Мөн хэргийг Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд мөн дээрх үндэслэлүүд буюу “...хохирлын тооцоог үнэн зөв шалгаж тогтоогоогүй, хэрэгт авагдсан баримт сэлт нь нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах хууль зүйн шаардлагад нийцээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар эх сурвалжийг зааж чадахгүй байгаа тул...” гэж дүгнэн хэргийг 51 дүгээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг улсын яллагч эсэргүүцэл бичиж, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс нээлттэй хэлэлцээд “...П.Ч-, Я.А- нарын холбогдсон хэргийн тухайн үед болсон үйл баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэд бодитой тогтоох талаар шалгавал зохих ажиллагаануудыг хангалттай хийсэн, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, шүүгдэгчийн хувьд гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж зааснаар П.Ч-, Я.А- нарт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эрх зүйн дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжтой...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 51 дүгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 76 дүгээр шийтгэх тогтоолоор “...П.Ч-, Я.А- нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-, Я.А- нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч П.Ч-ыг 2 жил 6 cap, шүүгдэгч Я.А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан П.Ч-ад оногдуулсан 2 жил 6 cap хорих ял, Я.А-т оногдуулсан 1 жил хорих ялыг мөн хугацаагаар тус тус тэнсэж...” шийдвэрлэсэн атлаа 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хохирлын талаар гаргасан хүсэлтийг үндэслэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн прокуророос П.Ч-ыг төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагад хүнд хор уршиг учруулсан, шүүгдэгч Я.А-ийг халамжийн сангийн данснаас мөнгийг гарган авахад гарын үсэг зурж учрах саадыг арилган, гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж ялласан ба тэдгээрийн гэмт үйлдэл хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “...П.Ч- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний газрын хэлтсийн даргын албан тушаал 2014, 2015 онуудад хашиж байхдаа албан эрх мэдлээ урвуулан 12 удаагийн үйлдлээр дүүргийн халамжийн сангийн данснаас Зоог трейд ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 6,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөг, Андын өгөөмөр тус ТББ-ын данс руу 2014 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 5,200,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, Радонтхайрхан ХХК-ийн данс руу 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 5,000,000 төгрөг, Саруул орчлон ХХК-ийн данс руу 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг, Ихэр арслан ХХК-ийн данс руу 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5,000,000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, Бадамцэцэгийн данс руу 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 570,000 төгрөгийг тус тус шилжүүлэн гаргаж авсан, шүүгдэгч Я.А- нь Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст халамжийн сангийн нягтлан бодогчоор 2014, 2015 онуудад ажиллаж байхдаа 8 удаагийн үйлдлээр 2 дугаар гарын үсэг зурж хэлтсийн дарга П.Ч- дээрх холбогдох хууль тогтоомж зөрчихөд учрах саадыг арилган хамжигчаар оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан баримтуудаар тогтоогдож байна.” гэсэн дүгнэлт хийснээр давхар батлагдаж байна.

Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Л.Сарангуа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагч эсэргүүцэл гаргаж байгаа бол үндэслэлээ тодорхой заахаар хуульд заасан байна. Эсэргүүцэл тодорхой бус гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн үед хохирлын асуудлыг шалган шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр, сэдэлт зорилго, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь нотлогдохгүй байгаа. Шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээ өөрчлөгдөөд байдаг. Үлдэгдэл бүтээгдэхүүн нь ашиглагдахгүй бүтээгдэхүүн биш нийгмийн халамжийн байгууллага дансандаа авсан байгаа. Үлдсэн хохирлын тухайд данснаасаа гарч бүтээгдэхүүн болж орж ирээд хүмүүст тараагдсан байгаа. Энэ байгууллага хохирсон уу, эсхүл өөр хэн нэгэн хохирч ямар хохирол учирч байгаа нь тодорхой бус үздэг. Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ялласан, яллах дүгнэлтээр Засгийн газрын 185 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн байна. Журмын 1.6, 1.9, 1.10 дахь заалтуудыг яллах дүгнэлтэд бичсэн байгаа. 1.10 дугаар заалт нь “энэ журмын 1.5-д заасан ахмад настны ортопед тусгай хэрэгслийг хийлгэсэн бол нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэж олгоно” гэсэн байгаа. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч П.Ч-ын өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.Сарангуа өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.

 

Шүүгдэгч П.Ч- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна...” гэв.

 

Шүүгдэгч Ч.А-ийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд үүссэн нөхцөл байдлаас үзэхэд зайлшгүй мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэх шаардлагатай. Эрүүгийн хуульд заасан. Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг бодитой тогтоож мөнгөн дүнг илэрхийлж гарах зардал хор уршгийг гаргахаар хуульчилсан. Энэ заалтын дагуу хохирол шийдэх гэсэн боловч шийдэж чадаагүй байх энэ үндэслэлээр хэргийн нотолбол зохих байдлууд нотлогдоогүй үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шүүгдэгч Я.А-ийн үйлдлийн хувьд хохиролтой холбоотой ялгаж салгах зүйл байгаа гэж үзсэн. 44,700,000 төгрөгийн хохирлын асуудал яригддаг. Энэ хохирлыг хоёр шүүгдэгчээс гаргуулах уу, хэнээс хэдэн төгрөг гаргуулах талаар нарийвчлан тогтоох шаардлагатай. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх П.Ч-, Я.А- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

П.Ч-, Я.А- нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй буюу ямар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, П.Ч-, Я.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай гэрч, хохирогч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж зааснаар явуулж, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 3 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг ханган П.Ч-, Я.А- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч П.Ч-, Я.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ