| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0060/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч М.Оюунбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 2022000710058 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны ......сарын ......-ны өдөр Дундговь аймгийн Хулд суманд төрсөн, ........... настай, ....., мэргэжилгүй, ам бүл ............газарт оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б Б гэв.
Шүүгдэгч Б.Б нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хулд сумын нутаг дэвсгэр, малын бэлчээр дээрээс иргэн С.Сын 1 тооны хязаалан үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас иргэн С.Ст 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 онд би айлаас үхэр авсан. Өнчин бяруу байна зарна гэхээр нь 120.000 төгрөгөөр авч тэжээж онд оруулсан. 2019 онд хязаалан үхэр болсон. Сумын зүүн зүгт “Б” гэх газар айлын үхэртэй, ганцаараа яваад байдаг байсан. Би 2018 онд эхнэрээсээ салсан ганцаараа амьдардаг. Аав, ээж маань хотод байдаг болохоор хэсэг хотод байж байгаад иртэл үхэр харагдахгүй байсан. Тэгээд хайгаад сураглаад байсан сумаас хойно Т гэх хүн үхэрлүүгээ аваад явсан байсан. Тэгээд би буцааж аваад 2019 онд О гэх хүн идэшний зарах үхэр байна уу гэж асуухаар нь зарсан. Уг нь хүн болгон мэдэж байгаа, би сумандаа хашаандаа тэжээдэг байсан. Ямар учраас ингээд байдаг юм, би мэдэхгүй байна. Тэр С, Т нар хоорондоо хуйвалдаад дээрэлхээд хамгийн сүүлд нь хэрэгт холбогдуулаад буруутан болгоод байна. Би энэ хүмүүст хийсэн гэм байхгүй. Би гомдолтой байдаг гэв.
2. Яллагдагч Б.Б нь мөрдөн бацаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэр Хулд суманд байдаг байсан. Тэгээд би халзан, 4 шийр цагаан, улаан хүрэн өнгийн тугалыг 2017 онд Л гэх газраас 120000 төгрөгөөр нэрийг нь мэдэхгүй хүнээс худалдаж авч байсан юм. Тэгээд Т гэх жинхэнэ нэрийг нь мэдэхгүй хүнтэй хамт ачиж ирж байсан юм. Тэгээд үхрээ тэжээж байгаад 2017 оны хавар нь би хот орж ажил хийх гээд явсан. Явахдаа үхрээ сумын хажуу талын булаг дээр үлдээчихээд явсан. Би 2018 онд буцаад Хулд суманд ирсэн. Тэгсэн Т үхэр аваад явчихсан байхаар нь үхрээ авсан. 2019 оны намар О гэх хүн идэшний үхэр байна уу гэхээр нь би байгаа гээд үхрээ сумын хажуу талын хороон дээр очиж барьж аваад хорооны гадаа хийсэн. Би О гэх хүнд 500.000 төгрөгөөр зарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
3. Хохирогч С.Сын: “...Би хувиараа хөдөлмөр эрхлэхийн хажуугаар Хулд сумын төвд ухаа голдуу зүсмийн 20 тооны үхэр, 20 гаруй тооны адуу, бага мал малладаг юм. Би 2019 оны 12 сарын 06-ны өдөр өвлийн идэш хоолоо хийх гээд бэлчээр дээрээ байсан үхэр дээрээ очиход манай 1 тооны үхэр байхгүй байсан. Тэгээд би энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. Хамгийн сүүлд 2019.11.29-ний өдөр үхрээ үзэхэд манай үхэр “Зээг” гэх газар тоо, зүсээрээ бүрэн бүтэн байсан. Би алдсан үхрээ өнөөдрийг болтол эрж хайгаад олохгүй байгаа. Манайхыг ер нь адуу малтай гэдгийг манай сумын иргэд бүгд мэднэ. Энэ алдагдсан үхрийг мэддэг хүн хулгайлсан байх гэж бодож байгаа. Хулд сумын нутгаар явуулын хөдөлгөөн их байдаг хэдий ч гаднаас хүн авах боломжгүй гэж үзэж байгаа. Урьд өмнө нь би адуу малаа байнга сумын төвөөс зүүн урд 5-6 км-т Зээг гэх газарт идээшлүүлдэг байсан. Тэр үхэрт хүний гараар тэжээл өгдөг байсан болохоор сүүлдээ дагаад байдаг болсон их номхон үнээ байсан. Манай үхэр 1 шийр нь туухайнаас дээш мөчиг цагаантай, 3 шийр нь бараг нэлдээ цагаан, улаан халзан зүсмийн, буруу болон зөв чих нь эрхээстэй, өөр ямар нэгэн им тэмдэггүй, ноднин нэг тугалсан, одоогоор хээлтэй хязаалан гунж байгаа. Би хязаалан гунжаа зах зээлийн ханшаар тооцож 1.500.000 төгрөгөөр үнэлнэ. Би хулгайд алдагдсан үхрийнхээ хохирлыг буруутай этгээдээр гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/
4. Гэрч Ц.Он: “...Хулд сумын иргэн Б.Б надад хандаж, зарах үхэр байгаа шүү гэж хэлж байсан. Тэгээд би урд өдөр нь Б.Бтай утсаар яриад үхэр авахаар болоод маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хулд сумын төвд очоод П.Н, Б.Б нарын хамт сумын төвөөс зүүн зүгт 5-6 орчим км-т байх газраас 20 орчим тооны нилээд догшин үхэр олоод тэр үхрээ сумын төвөөс зүүн зүгт 2-3 орчим км-т байх хороон дотор тууж авчирч оруулсан. Б.Б хороон дотор оруулаад хормойгоо тосоход их номхон нэг үхэр хүрч ирэхээр нь тэр үхрийг бариад хорооны гадна талд нь нөгөө үхрээ унагасан. Тэгээд би сумын төв орж гэдэс дотрыг нь гаргах сав суулга аваад ирэхэд Б.М ирсэн байсан. Тэгээд үхрийнхээ махыг ачаад аймгийн төвд ирээд Б.Б манай эхнэрээс үхрийн үнэ болох 500.000 мянган төгрөг аваад явсан байсан. Урьд өмнө нь Б.Быг үхэртэй гэдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-16-17/
5. Гэрч Б.Мын: “...Би 2019.12.01-ний орой харуй бүрий болж байх үед найзынхаа Портер маркийн машиныг гуйгаад сумын төвөөс зүүн урд зүгт байдаг хогийн цэг дээр очиж хог асгачихаад сумын төвөөс зүүн зүгт 2-3 км-т байх “Бажуунт” гэх газар өөрийнхөө бууцан дээрээсээ хашааны мод ачих гээд ганцаараа очсон юм. Тэгэхэд манай хорооны гадна, зүүн талд нь манай Хулд сумын иргэн Б.Б шалчига хочит Н гэх залуус нилээд халамцуу нэг тооны үхэр хийгээд байж байсан. Тэгээд би машин дээрээ модоо ачиж байтал сумын төвөөс сахал хочтой О гэх хүн приус маркийн машинтай ирж байсан. Тэгээд би машиндаа модоо ачаад сумын төвд ирсэн. П.Н нь үхрээ хийж байхдаа надад хандаж “энэ Б.Бы үхэр мөн юм уу, хээлтэй байна” гэж асуусан. Тэгэхээр нь би Б.Бг үхэртэй гэдгийг нь мэдэхгүй болохоор эзэн нь юм бол таньж байгаа байлгүй дээ гэж хэлж байсан. О гэх хүн худалдаж авч байсан байх...” гэх мэдүүлэг / хх-ийн 18/
6. Гэрч Б.Бийн: “....Б.Бд үхэр мал байдгийг сайн мэдэхгүй байна. Б.Б надтай 2017 оны намар 9-н сарын дундуур байх Төв аймгийн Батсүмбэр сумаар явж, хэд хэдэн айлаар орж их бага нийлсэн 8-н үхэр худалдан авч ачиж ирсэн. Ирэх замдаа Б надаас хүрэн халзан зүсмийн, хойд 2 хөл нь өсгий цагаан, жижиг эвэртэй, охин бярууг надад зараарай би авна гэж хэлсэн. Ирсний дараа хэд хоноод нөгөө бяруугаа авъя, хэд хоногоос мөнгийг чинь өгье гэж хэлээд туугаад явсан. Удалгүй нөгөө зарсан гэх бяруу ижилдээ эргээд ирсэн байсныг эргүүлж авч явсан. Тодорхой сайн санахгүй байна, Б.Бд зарсан буруу эргэж ижилдээ ирэхээр нь хавар, намрын улиралд байлгаж байгаад, Б.Б мөнгөө өгөөгүй тул 2018 оны өвөл би идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
7. Гэрч П.Нын: “...2019 оны 12-р сарын 1-нд Б, О, М, М нар улаан зүсмийн мэрлэн халзан, хоёр хөл нь цагаан байсан байхаа би сайн санахгүй байна, ямар ч байсан хээлтэй хязаалан гунж байсан. Тэр үхрийг Хулд сумын М гэх айлын хороонд хийгээд Огийн приус-20 маркийн цэнхэр өнгийн автомашинд ачаад аймгийн төв оруулж О гэх айлын хашаанд буулгасан. О гэх айл идшиндээ хэрэглэнэ гэж байсан. Тухайн үед Б, Б гэдэг айлын үхэрт миний үхэр байгаа гэж ярьж байсан. Тэр үхэр дотор байсан улаан зүсмийн мэл халзан гунжинд Б өмсөж явсан дээлнийхээ хормойг тосоод барьсан, манай үхэр тэжээл иддэг үхэр байгаа юм гэж байсан, тэр үхэр номхон үхэр байсан. Б 2017 оноос хойш үхэр байгаа гэж ярьдаг байсан би тэр үхрийг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
8. Гэрч Ц.Мгийн: “...Би 2019 оны 12 сарын 01-ний өдөр жоншин дээрээс 18 цагийн үед ирээд гэртээ байж байтал О ах ирээд Б.Мын бууцан дээр үхэр төхөөрч байгаа, гэдсийг нь арилгаад өг гэхээр нь цуг явсан. Очиход Б.Б, П.Н нар нь тэр үхрийн арьсыг хуулаад 4-н мөчийг нь эвдэж байсан. Би гэдсийг нь арилгаж дуусаад О ахаар 19 цаг өнгөрөөгөөд гэртээ хүргүүлсэн. Би хэний эзэмшлийн үхэр байсан талаар сайн мэдэхгүй байна. Б.Баас энэ хэний үхэр юм бэ гэж асуухад миний үхэр би О ахад зарж байгаа юм гэж хариулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
9. Яллагдагч Б.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /ХХ-45/
10. Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-55-61/
11. Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух газрын тодорхойлолт /хх-48-49/ зэрэг
12. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020.05.08-ны өдрийн 54 дугаартай яллах дүгнэлтийг гардан авахаас татаглзсан бөгөөд прокуророос энэ талаар тэмдэглэл үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан заалттай нийцэж байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Хулд сумын нутаг дэвсгэр, малын бэлчээрт дөрвөн шийр цагаан, улаан халзан зүсмийн хязаалан насны хээлтэй гунжин үхрийг нядалж бусдад зарж борлуулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь тухайн үхрийг өөрийн үхэр, 2017 онд Лүн сумаас танихгүй хүнээс бяруунд нь 120.000 төгрөгөөр авч байсан гэсэн мэдүүлгийг өгч байна. Шүүгдэгч Б.Бы дээрхи мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрч Б.Б-/Т/-н “...Б надаас хүрэн халзан зүсмийн, хойд 2 хөл нь өсгий цагаан, жижиг эвэртэй, охин бярууг зарсан.Б.Бд зарсан буруу эргэж ижилдээ ирэхээр нь хавар, намрын улиралд байлгаж байгаад, Б.Б мөнгөө өгөөгүй тул 2018 оны өвөл би идшиндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг болон Хулд сумын 3-р багийн засаг даргын 2020 оны 3 сарын 9-ний өдрийн 9/78 дугаартай “...Б.Б нь 2017, 2018, 2019 онуудад мал тоолуулаагүй...” гэх тодорхойлолтоор тус тус үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б хохирогч Сын алдсан гэх үхрийн зүстэй ойролцоо зүсмийн үхрийг гэрч Б.Боос худалдан авах талаар яриа хэлэлцээр хийж байсан болох нь тогтоогдож байгаа боловч шүүгдэгч Б.Б үнийг нь төлөөгүйн улмаас түүнд худалдахаар тохиролцсон хүрэн халзан зүсмийн, хойд 2 хөл нь өсгий цагаан үхрээ гэрч Б.Б 2018 онд хүнсэндээ хэрэглэсэн үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Быг бусдын 1 тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Бы дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
2020 оны 1 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэснийг хассугай” гэж заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үе буюу 2019 оны 12 сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бы хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2000.09.13-ны өдрийн 143 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004.03.15-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож /хх- 55-61/ байна.
Хохирогч С.Сын алдсан үхрийг үнэлгээний байгууллага 850.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн ...-рт/ бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогчид төлөөгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ‘’Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй’’ гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 540.1-д ‘’Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө‘’ тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Баас 850.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ст олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч С.С нь өөрийн алдсан үхрийн үнэлгээг хийлгэхийн тулд шинжээчийн ажлын хөлс болох 30.000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 36-рт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчээс гаргуулна гэж нэхэмжилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчид төлөх зардал хамаарна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгчээс шинжээчийн ажлын хөлс 30.000 төгрөгийг шүүгдэгч Б.Баас гаргуулан хохирогч С.Ст олгох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Б Быг бусдын 1 /нэг/ тооны үхрийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 400 /дөрвөн зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Ст олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас шинжээчийн ажлын хөлс 30.000 /гучин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Ст олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ