Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 64

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уд холбогдох эрүүгийн 2022000700034 тоот  хэргийг 2020 оны 5 сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны ...дугаар сарын ......-ны өдөр төрсөн, эмэгтэй, ...настай...... боловсролтой, ..........мэргэжилтэй, ..ам бүл-............   оршин суух,  урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Бгийн У

 

Шүүгдэгч Б.У нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар багийн нутаг, Морьт гэх газар нөхөр Б.Бтай маргалдаж биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр суман дээр дээл оёчихоод ирсэн. Тэгсэн хадам ээж надад “миний хүүг 7, 8 жил зовоосон” гэж элдвээр хэлээд загнахаар нь би Бд ...би чамайг яаж 8 жил зовоосон юм бэ... гэж маргалдаж байгаад унтах гэж байтал хадам аав орж ирээд энэ тагнуул ирчихсэн байгаа юм уу хөөгөөд явуул гэж хэлсэн. Тэр үед би баруун орон дээр хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан. Тэгсэн Б зүүн орон дээр хэвт гээд миний гарнаас татсан зүйл болсон...” гэв.

2.Яллагдагч Б.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020.02.03-ны орой 19 цагийн үед Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвөөс 7 км байх “М” багт нутаглах хөдөө гэрлүүгээ төрсөн дүү Гын машинтай хүү, охин, хадам ээж нарын хамт явсан. Замдаа явж байхдаа манай дүү Год хадам ээж Н мөнгө зээлдүүлж байсан талаараа ...тус мэдэхгүй, би чамд тусалдаг... гэж загнахаар нь би өгөөд, аваад дууссан хойно яах гэж яриад байгаа юм гэж хэлтэл, чи миний хүүгийн амьдралаар 8 жил тоглосон гэж хэлсэн. Би танай хүүгийн амьдралаар яаж 8 жил тоглосон юм бэ гэж хэлчихээд буугаад гэртээ орсон. Тухайн үед манай нөхөр Б ээжийгээ авах гээд сумын төвд мотоциклтой ирсэн байсан. Хадам ээж машинаар явах гэж байгаа бол дулаахан суугаад явъя гээд машинд суусан учир Б буцаад бид нарын араас хамт явсан. Удахгүй манай нөхөр Б гаднаас ороод ирэхээр нь “...би чиний амьдралаар яаж 8 жил тоглосон юм бэ, танай ээж Н тэгж байна гэж хэлэхэд, үнэн биз дээ..” гэсэн. Хоорондоо маргалдаж байгаад би 2 хүүхдийнхээ хамт баруун орон дээр унтсан. Шөнө 03 цагийн үед хадам аав Н гаднаас хаалга тогшоод Б нээж өгөхөд 8-ын түлхүүр асууж орж ирсэн. Орж ирээд энэ муу тагнуул ирсэн байгаа юм уу, хөөгөөд явуулаач гэхээр нь Б 8-ын түлхүүр байхгүй, юу яриад байгаа юм бэ гэж хэлээд гаргасан. Тэгэхээр нь би танай аав чинь дандаа архи уусан үедээ орж ирж хөөж байх юм гэж хэлсэн. Б намайг хүүхдийн орон дээрээс бос багтахгүй шахцалдаад гэхээр нь чадахгүй гэж хэлтэл миний урд өмнө нь хөндүүр өвчтэй байсан баруун гарын бугуй хэсгээс бариад татахаар нь хөндүүр гарнаас татлаа гээд гараа татаж авахад сүртэй юм гээд ахиад татахаар нь баруун гарны шуу хэсгээс нь хазтал гараа татаж авахдаа миний уруул хэсэгрүү тохойлдоод намайг орлуу унагаасан. Тэгэхээр нь би хөндүүр гар хөндчихлөө гэж хэлээд халуун савны дотор талын таглааг толгой руу нь шидэхэд оносон. Тэгээд үснээс нь зулгааж байгаад толгой хэсэгт нь 2 удаа цохисон. Тэгээд би дүү Гыг сумын төвөөс машинтай нь дуудаад 2 хүүхдийнхээ хамт аав Бгийнд очсон. Тухайн үед миний уруул хэсэг язарч хөхөрсөн, баруун гарын бугуй хэсэг хөндүүрлэж өвдөж байсан. 2019 оны 8 сард том хүүгийн хичээлийн хэрэгсэл бэлдэх мөнгөнөөс болж маргалдаж миний баруун гарыг мушгаад хөдөлгөж болохгүй болгож байсан. Бид хоёр 2008 онд айл болж байхдаа гэрлэлтийн баталгаатай байсан. Байнга хэрүүл маргаантай байсан тул 2010 онд гэрлэлтийн баталгаагаа салгуулсан. Тэгээд 2018 онд эргэж хамт амьдраад гэрлэлтээ батлуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-78-79/    

3.Хохирогч Б.Бы: “...Би Дундговь аймгийн Говь-Угтаал сумаас зүүн хойно 7 км М багийн төвд байх гэрээсээ ээж Нийг авахаар мотоциклтой явсан. Суманд очиход манай эхнэр У 2 хүүхдийнхээ хамт дүү Гын машинаар хүргүүлэх гэж байхаар нь саахалт юм чинь гэж бодоод ээж Нийг дулаан машинд суугаад яв гэж хэлээд суулгаад явуулсан. Би өөрөө мотоциклтой явсан. Очоод гэртээ ороход эхнэр У надад хандаж “...би чиний амьдралаар яаж тоглосон юм бэ, замд ирж байхдаа ээж Н чинь тэгж байна...” гэж хэлэхээр нь би үнэн биздээ чи бид 2 салаад 8 жилийн дараа эргэж нийлж байгаа биз дээ гэж маргалдсан. Тэгээд шөнө 02 цагийн үед би зүүн талаар газар, У 2 хүүхдийнхээ хамт баруун орон дээр унтахаар хэвтсэн. Гэтэл шөнө 03 цагийн үед хаалга тогшихоор нь би онгойлгож өгөхөд аав 8-ын түлхүүр байна уу гэж асуухаар нь байхгүй гэсэн. Энэ орон дээр хэн унтаж байгаа юм бэ гэхээр нь У 2 хүүхдийн хамт унтаж байна гэж хэлтэл аав Н хөөгөөд явуулаач гэхээр нь та юу яриад байгаа юм бэ гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгтэл У сэрээд танай аав, ээж хоёр яахаараа дандаа доромжилж, хөөж байдаг юм гэхээр нь хүүхдийн орон дээр багтахгүй унтаад байх юм босож зүүн талын орон дээр унт, ор засчихсан байна гэтэл босохгүй байхаар нь баруун талын бугуй хэсгээс нь татаж босготол хөндүүр гар хөндчихлөө гээд гараа татаад авсан. Тэгэхээр нь сүртэй юм бэ гээд ахиад татахад миний баруун гарын шуунаас хазахаар нь гараа татаж авах гэж байгаад Угийн нүүрэн хэсэгт тохойлдсон. Тэгсэн У намайг үсдэж дарж байгаад толгойны ард дагз хэсэгт 2 удаа цохихоор нь яаж байгаа юм бэ гээд бид 2 зууралдаж байгаад энэ хэрүүл мөд дуусахгүй юм байна гэж хэлээд би гэрээс гарсан. Гадаа хэсэг сууж байгаад даараад байхаар нь гэртээ эргэж ороод сууж байтал машин дуугараад Угийн дүү Г ирээд эгчийгээ хоёр хүүхдийн хамт аваад явсан. Анх 2008 онд гэр бүл болж байхдаа гэрлэлтийн баталгаатай байсан. 2010 онд шүүхээр гэр бүлээ салгуулж байхдаа гэрлэлтийн баталгаагаа салгуулсан. Тэгээд бид хоёр 8 жил тусдаа байж байгаад 2018 оноос эргээд хамт амьдарч байгаа. Одоо гэрлэлтийн баталгаа байхгүй. Бид 2 эвлэрсэн хамт амьдарч байгаа, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-152-153/

4.Насанд хүрээгүй гэрч Б.Нгийн: “...Дундговь аймгийн Говь-Угтаал сумын төвөөс зүүн хойно 7 км-т байх “М” багийн төвд нутагладаг гэрлүүгээ ээж У, нагац ах Г, аавын ээж Н бид нар сумын төвөөс хамт явсан. Явж байх замд Н эмээ Г ах, ээж бид гуравт хандаж ...архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа алга дарам газар харамлалаа,  8 жил миний хүүгийн амьдралаар тоглосон... гэж хэлэхээр нь ээж би яаж таны хүүгийн амьдралаар тоглосон юм бэ гэж хэлээд машинаас буусан. Тэгээд ээж У  аав Бд хандаж “танай ээж намайг миний хүүгийн амьдралаар 8 жил тоглосон гэж байна” би чиний амьдралаар яаж тоглосон юм бэ гэж хэрүүл хийсэн. Хэрэлдэж байгаад 12 цагийн үед манайхан унтацгаасан. Шөнө унтаж байхад 01-02 цагийн үед өвөө Н хаалга тогшоод аав хаалга нээж өгсөн. Өвөө 8-ын түлхүүр сурсан ба ээжрүү гэрэл тусгаж байгаад энэ муу тагнуулыг хөөгөөд явуул гэж хэлтэл аав уурлаад өвөөг гэрээс түлхээд гаргасан. Тэгтэл ээж би яасан гэж тагнуул хийж байдаг юм бэ гээд уйлсан. Тэгэхээр нь аав хүүхдийн орон дээрээс босоод зүүн орон дээрээ очиж хэвт гээд урд өмнө нь өвчтэй хөндүүр байсан баруун гарнаас нь татаж босгоод зүүн талын орлуу түлхсэн. Тэгтэл ээж уурлаад аавруу халуун савны дотор талын жижиг таг шидсэн ба аавын толгойны ард хэсэгт оносон. Аав уурлаад ээжийг түлхэж унагаагаад хоорондоо зууралдаж байгаад больцгоосон. Тэгээд аав зуухны урд талд сууж байтал ээж аавыг үсдэж байгаад толгойных нь ард хэсэгт 2 удаа цохисон. Тэгтэл аав энэ зодоон дуусахгүй юм байна гэж хэлээд гэрээс гарсан... гэх мэдүүлэг /хх-60/  

5.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.02.11-ний өдрийн №61 дугаартай: Б.Бы биед тархи доргилт, хамрын нуруу, баруун шууны зулгаралт, баруун шуу, дагзанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна. Архаг хууч өвчинг ерөнхий үзлэгээр тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хх-39/

6. Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл  /хх-157-158/

7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-106/

8.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Дээрх баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө шүүгдэгч Б.У, хохирогч Б.Б нар нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдсан үйл явдал болсон болох нь  тогтоогдож байх бөгөөд үүний улмаас шүүгдэгч Б.Угийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн  гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2020 оны 02 сарын 06-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтээр, хохирогч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн  2020 оны 02 сарын 11-ний өдрийн №61 дугаартай дүгнэлтүүдээр  тус тус тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Бы холбогдсон Б.Угийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг прокурорын 2020 оны 05 сарын 08-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй буюу хүний эрүүл мэндэд санаатай халдсан нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Прокурорын энэхүү тогтоолыг оролцогч нарт хуульд заасан журмын дагуу танилцуулсан бөгөөд оролцогч нараас гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд гаргаж, хуулийн хүчин төгөлдөр болсон прокурорын тогтоолын талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй бөгөөд шүүгдэгч Б.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд  хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.У нь хохирогч Б.Бы эрүүл мэндэд санаатай халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул түүнийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У, хохирогч Б.Б нар нь хамтран амьдардаг, гэр бүлийн харилцаа хамаарал бүхий этгээдүүд болох нь тэдний мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Гэвч шүүгдэгч Б.Угийн үйлдэлд Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх шинж тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Угийн хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн  11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдав.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Б овгийн Бгийн Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Бгийн Уд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          5. Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ