| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0065/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г
Шүүгдэгч Г.Ү нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Г.Үад холбогдох эрүүгийн 2022001470080 тоот хэргийг 2020 оны 06 сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......оны ........ сарын ...........-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, ........... настай, эрэгтэй, ......... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...........газарт нутагладаг, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Г Ү
Шүүгдэгч Г.Ү нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2020 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дундговь айгмийн Луус сумын 1 дүгээр багийн “Ү” гэх газарт байрлах Монгол гэрийн гадна М.Цийг согтуурсан, зүй бус авирлан, агсан тавьж, эхнэр Хг багалзуурдлаа гэх шалтгаанаар банз модоор 2 удаа цохиж зодсоны улмаас М.Цийн эрүүл мэндэд зүүн шууны залаа сэртэнгийн далд хугарал, сорви бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Ү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2020.03.31-ний шөнө 12 цаг болж байхад Ц ирсэн. Бид нар унтаж байсан. Гэтэл Цийн ээж залгаад Ц байна уу гэж асуухад нь манай эхнэр байна гэж хэлсэн. Тэгээд Ц ээжтэйгээ утсаар ярьж байгаад уурлаад манай эхнэр лүү утас шидээд багалзуурдаад зүүн орлуу түлхээд унагаасан. Би босоод салгаад бид хоёр маргалдаж байгаад гадаа гарсан. Тэгээд гадаа гараад ахын дүү ингэж болохгүй гэж хэлэхэд гэрийн гадаа байсан модыг аваад миний зүүн мөрөнд цохисон. Тэгэхээр нь би булааж аваад буцаагаад 2 удаа цохисон гэв.
2. Яллагдагч Г.Ү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2020.03.31-ний шөнө 23 цагийн үед би эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар гэртээ унтаж амрах гээд байж байтал манай аавын эгчийнх нь хүүхдийнх нь хүү болох Ц, манай аавын дүүгийн хүүхэд болох Г.Н, Г.Д нар манай гэрт ирцгээсэн. Ц нилээн согтуу ирсэн. Тэр гурав манайд ирэхдээ 2 шил архитай ирээд архиа манайд ууцгаасан. Тэгж байтал Цийн ээж Б эгч манай утасруу залгаад Цийг байна уу гэж асуусан. Манай эхнэр байна гээд Цийг утсаар яриулсан. Ц ээжтэйгээ утсаар ярьж байгаад маргалдаад манай утсыг шидээд, эхнэр Хг чи муу хов зөөлөө гээд архиа цацсан. Тэгээд босож ирээд эхнэрийг маань багалзуурдаад зүүн талын орон дээр унагасан. Эхнэрийг багалзуурдаж унагахад нь би босож салгаад Цийг дагуулаад гэрээс гарсан. Гэрийн гадаа Цид “миний дүү одоо боль яах гэж хүүхэд багачууд айлгаж, эхнэрт агсам тавиад байгаа юм бэ” гэж хэлтэл манай гэрийн хатавчны дээр байдаг хөндлөн банзийг аваад миний зүүн талын мөрөн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр банзыг нь булааж аваад Цийн зүүн гарны тохой орчимд нэг удаа цохисон. Ц надад цохиулаад цаашаа яваад намайг цохих зүйл эрээд миний машины зүгт явсан. Тэгэхээр нь би араас нь очоод зүүн гарын харьт орчимд нь ахин нэг удаа цохисон. Тэгээд Ц гэрийн гадаа суугаад үлдсэн. Би гэрт ороод сууж байтал орж ирээд манай гэрийн гал тогооны шүүгээнээс хутга авахад Н тэр хутгыг нь булааж авсан. Тэгээд тэр гурав архи ууж байгаад 04 цагийн орчимд манай гэрээс явцгаасан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэртээ амрах гээд байж байсан. Манайд авч ирсэн архиа тэр гурав уусан, би архинаас уугаагүй. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Би гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ амрах гээд байж байхад Ц ирээд гэр бүлийн амгалан тайван байдал алдагдуулж агсан тавьж эхнэрийг маань багалзуурдаж унагасан. Тэр асуудлаас болоод Цийг банзаар цохиж гарыг нь хугалж хэрэгт орсон. Гомдол санал байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-55-56/
3.Хохирогч М.Цийн 2020 оны 03 сарын 30 -ны өдрийн “...Тэр үед цаг шөнийн 23 цаг өнгөрч байсан байх. Үын гэрийнхэн унтаж амарцгааж байсан. Бид хэдийг ирэхэд тэр хэд босоцгоосон. Тал архиа тэнд ууж дуусгаад нэг бүтэн шил архи ууж байтал манай ээж Ү ахын утасруу залгаад Үын эхнэр Х утасаар ярьж байсан. Тэгээд би ээжтэйгээ утсаар яриад ээжид загинуулсан. Тэр уурандаа Үын эхнэр Хтай муудалцсан. Би Хг багалзуурдаад зүүн орон дээр нь түлхэж унагасан. Тэгэхэд Ү намайг хориод бид хоёр гадаа гарцгаасан. Би нэлээн согтсон байсан. Бид хоёр гадаа гараад зогсож байснаа санаж байна. Бид хоёрын хооронд ямар яриа болсоныг мэдэхгүй. Ү миний толгойруу банзаар нэг удаа цохисон. Би толгойдоо цохиулаад гэрийн зүүн талруу явтал Ү миний зүүн гарын тохойруу барьж байсан банзаараа ахин нэг удаа цохиход би газар ойчсон. Тэр үед миний гар их өвдөж би гар хугарчихлаа гэж орилтол гэрээс Д гарч ирсэн. Ү гэррүүгээ орсон. Д бид хоёр араас нь гэррүү нь орсон. Гэрт нь орж маргалдаж байгаад Д, Н хоёр намайг хориод бид нар явцгаасан... Тэр шөнө миний гар их өвдөж хоносон. Өглөө босоход гар нэлээн хавдсан байхаар сумын эмнэлэгрүү үзүүлэхээр явсан. Замдаа Үын гэрээр ороод миний гар эвгүй болчихсон байна гэж хэлээд Ү болон эхнэрээс нь урьд шөнийн болсон асуудлын талаар уучлалт гуйсан... Сумын эмнэлэг дээр ирээд үзүүлтэл гар чинь хугарсан байна, аймаг явах хэрэгтэй гээд эмнэлгийн машинаар Дундговь аймагт хүргүүлэн нэгдсэн эмнэлэгт үзүүлтэл гарны рентген зураг аваад тохой чинь хугарсан байна. Улаанбаатар хотод очиж хагалгаанд орох шаардлагатай аймгийн төвд хагалгаа хийх боломжгүй байгаа гэж хэлсэн. Би аймгийн төвд 2 хоноод 2020 оны 04 дүгээр сарын 02 ны өдөр Улаанбаатар хотруу явж 04 дүгээр сарын 03-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд тохойны залаа яс хугарсан, хугарсан яс нь тохойруугаа эргэсэн байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн учир 04 дүгээр сарын 08-ны өдөр ГССҮТөв эмнэлэгт хэвтэж 04 дүгээр сарын 09-ний өдөр хагалгаанд орсон. Эмчилгээний зардалд нийт 3,000,000 орчим төгрөг зарцуулсан. Ү эмчилгээний зардлаас төлөлцөөгүй. Миний буруугаас болж би гараа хугалуулсан учраас надад гомдол санал байхгүй, эмчилгээнд гарсан төлбөрөө нэхэмжилж байна… гэх мэдүүлэг /хх-7/,
4. Хохирогч М.Цийн 2020 оны 05 сарын 26-ны өдөр өгсөн : ‘’...Би 05 дугаар сарын 19-ний өдрөөс аймгийн “Элбэрэл буян” эмнэлэгт хэвтэн зүү тавиулж, бариа засал, массаж, тариа зэрэг эмчилгээ хийлгэж миний гар өмнөхөөсөө дээрдэн гайгүй тэнийдэг болж байгаа. Улаанбаатар хотод хагалгаанд ороход нийтдээ гурван сая орчим төгрөг орсон. Би одоо энэ эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлнэ. 1 хоногийн 30.000 төгрөгийн төлбөртэй эмчилгээ хийлгэж байгаа. Ү миний эмчилгээний төлбөрт зориулж мөнгө төгрөг өгөөгүй. Би ч авахгүй. Би өмнөх мэдүүлэгтээ Үаас эмчилгээний төлбөрт гурван сая төгрөг нэхэмжилсэн байсан, тэр мөнгийг нэхэмжлэхгүй. Миний буруугаас болж би гараа хугалуулсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-8-9/
5. Гэрч Г.Дын: ‘’...2020.03.31-ний орой ...Бид нар сууж байтал тэдний гар утас нь дуугараад Цийн ээж Б залгасан. Х Б эгчтэй утсаар яриад Цийг Б эгчтэй утсаар яриулсан. Ц ээжтэйгээ утсаар ярьж байгаад маргалдаад Хг “...чи муу ээжид хэлж хов зөөлөө...” гээд багалзуурдсан. Тэгтэл Ү орноосоо босоод салгасан. Тэр хоёр гэрээс хамт гарсан, бид нар гэрт байсан. Х энэ хоёр гадаа юу болж байгаа бол чи гараад хар даа гэж надад хэлсэн. Би гэрээс гартал Ү зөрөөд гэрт орсон. Гэрийн зүүн талд Ц зүүн гараа нугалаад тохойгоор нь тэвэрсэн байдалтай хэвтэж байсан. Би очоод яасан юу болов гэж асуухад Ү ах миний гарыг модоор цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэрт орсон. Ц Ү ахаа та миний гарыг цохиод эвгүй болгочихлоо ш дээ гэж хэлээд гэрт нь маргалдацгааж байгаад бид нар явцгаасан. Маргааш нь Цийн гар хугарчихсан гэж байсан... ’’ гэх мэдүүлэг /хх-18-19/
6. Гэрч Т.Нийн: “...2020.03.30-ны шөнө би эхнэрийн төрсөн дүү болох Үын гэрт амарч байхад 23 цагийн орчимд Ц, Д, Н нар согтуу 0.75 гр бүтэн, тал 2 шил архитай ирцгээсэн. Тэр гурав архиа уугаад байж байтал Цийн ээж Б утсаар залгасан. Үын эхнэр Х Б эгчтэй утсаар яриад Цийг утсаар яриулсан. Ц утсаар ярьж байгаад ээжтэйгээ маргалдсан. Тэгээд Үын эхнэр Хг чи муу хов зөөлөө гээд багалзуурдсан. Энэ үед Ү орондоо амарч байсан. Эхнэрийг нь багалзуурдахад Ү босч салгаад Цийг аваад гэрээс гарсан. Тэр хоёр гадаа гараад нэг их удаагүй Ү орж ирсэн. Үтай зөрөөд Д гарсан. Ц, Д хоёр гэрт орж ирээд Ц Ү ахаа та миний гарыг цохичихлоо тохой эвгүй болчихлоо гар хөдөлж болохгүй байна гэж байсан. Тэнд тэр гурав архиа ууж дуусгаад би Цийг аваад машиныг нь унаад гэрт нь хүргэж өгсөн. Д, Н хоёр мотоцикльтойгоо гэррүүгээ явцгаасан. Маргааш өглөө нь Цийн гар нь хөдлөхгүй байна гэхээр нь би Луус сум руу хүргэж өгсөн. Сумын эмнэлэгт үзүүлтэл гар нь хугарсан байна гээд Дундговь аймгийн төврүү аваад явсан. Тухайн үед Ү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Ц, Д, Н нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн их согтуу байсан. Ү, түүний эхнэр Х хоёр хүүхэдтэйгээ, Ц, Д, Н бид нар байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21/
7. Гэрч С.Хгийн: ‘’...2020 оны 03 дугаар сарын 30 ны шөнө 23 цагийн орчимд нөхөр хүүхдүүдийн хамтаар гэртээ амарч байхад манай гэрт манай нөхрийн хамаатнууд болох Ц, Н, Д нар согтуу ирцгээсэн. Тэр гурав манайд ирэхдээ 0,75 граммын бүтэн, тал 2 шил хараа архитай ирцгээсэн. Тэр гурав манайд архиа ууж байхад Цийн ээж Б эгч утсаар залгасан. Б эгч тэр гуравийг ирхээс өмнө утсаар яриад танайд Ц очсон уу, очвол хэлээрэй гэж хэлж байсан юм. Б эгч ахин дахин залгаад байхаар нь Б эгчтэй яриад Ц манайд ирлээ, энэ гурав согтуу байна гэж хэлсэн. Тэгээд Цтой Б эгч утсаар яриад Ц ээжтэйгээ маргалдаад байсан. Утсаар ярьж дуусаад шууд манай утасыг надруу шидсэн. Тэр нь миний гар дээр оносон. Ц надруу чи муу юундаа хов зөөгөөд байгаа юм гээд намайг багалзуурдаад гэрийн зүүн талын орон дээр унагасан. Тэр үед манай нөхөр Ү орондоо амарч байсан. Намайг боолгоод унахад Ү босоод Цийг салгасан. Ц манай нөхрийг хоёулаа гараад уулзъя гэж хэлсэн. Ү, Ц хоёр гадаа гараад 10 орчим минут болсон байх манай нөхөр түрүүлж орж ирсэн. Араас нь Ц, Д хоёр орж ирсэн. Ц орж ирэхдээ зүүн гараа нугалчихсан ууртай орж ирээд манай гэрийн гал тогооны шүүгээг нээж хутга аваад манай нөхөррүү дайртал Н хутгыг нь булаагаад авсан. Ц, Д, Н гурав манайд агсан тавьж байгаад архиа ууж дуусгаад манайхаас явцгаасан. Тухайн үедээ миний хоолой хөндүүр болсон байсан одоо бол зүгээр байгаа. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тэр үед гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Гадаа юу болсон талаар хараагүй. Ц, Д, Н гурав манайд агсан тавих зорилготой ирсэн гэж бодож байна. Ц ууж байсан архиа надруу цацаад, Д, Н хоёр нь манай нөхөрт агсан тавиад манай гэрийн амгалан тайван байдлыг алдагдуулсан...’’ гэх мэдүүлэг /хх-14-15/
8. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 сарын 30-ний өдрийн 110 дугаартай “...М.Цийн биед зүүн шуу ясны залаа сэртэнгийн далд хугарал, зүүн шуунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйпчлэлээр үүсгэгдэнэ. Сорви гэмтэл нь мэс засал эмчилгээний үед иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтсэн эрхтэнд хиймэл эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах туп шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Зүүн шууны залаа сэртэнгийн далд хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтзр зэрэг, сорви гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-23-25/
9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай “...Ирүүлсэн материалаар зүүн шуу ясны залаа сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2020.04.30-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй...” гэсэн дүгнэлт /хх45-46/
10. Шинжээч эмч Д.Дгийн “...М.Цийн биед үзлэг хийхэд зүүн шууны залаа сэртэнгийн далд хугарал, зүүн шуунд сорви гэмтэл тогтоогдсон. Зүүн шууны залаа сэртэнгийн далд хугарал, зүүн шууны сорви гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч томилсон тогтоолын 6-р асуултанд гэмтэл тус бүрийн гэмтлийн зэргийг тогтоох гэсний дагуу гэмтлүүдийг тус тусд нь үнэлсэн. Зүүн шууны залаа сэртэнгийн далд хугарал гэмтлийг засах мэс ажилбарын үед зүүн шууны сорви гэмтэл нь үүснэ. “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ийн 1.9.2-т гэмтлийг аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж тогтооно гэж заасан байдаг...” гэх мэдүүлэг /хх2-28/
11.Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн 20268 дугаартай өвчний түүх /хх35-44 дэх тал/
12. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн карт /хх-32-34 дэх тал/
13. М.Цид Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан тухай 0596349 дугаартай шийтгэлийн хуудас, төлбөрийн баримт /хх66-67, 69-70/
14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/
15. Яллагдагч Г.Үын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-58-65/
16. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч М.Ц нь 2020 оны 03 сарын 31-ний шөнө бусдад зодуулсны улмаас зүүн гар нь хугарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, шинжээчийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтээр тухайн үед хохирогч М.Цийн эрүүл мэндэд “зүүн шуу ясны залаа сэртэнгийн далд хугарал ” гэмтэл учирсан байсан болох нь тус тус тогтоогдож байна.
Хохирогч М.Цийн эрүүл мэндэд учирсан “зүүн шуу ясны залаа сэртэнгийн далд хугарал, зүүн шуунд сорви гэмтэл”-г 2020 оны 03 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө шүүгдэгч Г.Ү банз модоор цохиж учруулсан болох нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Үын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Үыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч М.Цийн зүй бус үйдлээс шалтгаалан энэ гэмт хэрэг гарсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Ү нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.
Прокурор саналдаа шүүгдэгч Г.Үад 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох санал гаргаж шүүгдэгчид танилцуулсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж заажээ.
Шүүгдэгч Г.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч М.Цийн зүй бус үйдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж буюу улсын яллагчийн саналаас доогуур хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл улсын яллагчийн гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй, хүндэдсэн байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Ү гэр бүлийн хамт мал аж ахуй эрхлэн амьдардаг байх тул түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ү нь хохирогч М.Цид хохирол 1.300.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 8, 79-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Хохирогч М.Ц нь хохирогчоор анх өгсөн мэдүүлэгтээ хохирол төлбөрөө нэхэмжилнэ гэсэн боловч дараа дараагийн мэдүүлэгтээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул өөрт учирсан хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Үаас нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд заах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ү нь гэмт хэрэг үйлдэхдээ банз буюу мод ашигласан талаар шүүгдэгч, хохирогч нар мэдүүлсээр байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийг хураан авах талаар ямар нэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй байгааг улсын яллагч анхаарах нь шаардлагатай бөгөөд энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овгийн Г Үыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Г Үад 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ү нь хохирогч М.Цид 1.300.000 төгрөг төлсөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Ц нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Үаас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ