| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0072/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Жавзмаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Хохирогч Д.Г
Хохирогчийн өмгөөлөгч Ч.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гид холбогдох эрүүгийн 2022001380081 тоот хэргийг 2020 оны 06 сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....оны ... сарын ..........ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, .....настай, ....... боловсролтой, ...... ам бүл 4, эхнэр.......оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Г овгийн Бын Г
Шүүгдэгч Б.Г нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр тус сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газар Д.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2020.04.13-нд аймгийн төвөөс хөдөө явсан. Хөдөө очиход аав гэртээ ганцаараа байсан. Тэгсэн аав Гг мал хөөж туугаад байдаг гэж ярьсан. Тэгээд би Г гэдэг хүнтэй уулзах гээд гэрт нь очиход гэртээ байгаагүй. Энэ айлаас зүүн зүгт манай эм хонь байсан. Хонин дээрээ очоод эргээд ирэхэд гэртээ ирсэн байсан. Тэгээд гэрт нь очоод мал хөөлөө гээд маргалдсан. Тэгсэн чинь Г гэдэг хүн ширээний доороос хутга аваад түрийндээ хийгээд гарах гэтэл эхнэр нь аваад үлдсэн. Гараад мотоциклоо унаад явах гэхээр нь би түлхүүрийг нь булаагаад авсан. Тэгсэн намайг цээж рүү түлхээд арагшаа суулгасан. Тэгээд одооны хүүхдүүд арчаагүй, аав шигээ гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болоод асуудал үүссэн гэв.
2. Яллагдагч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Г гэх хүн ноднин буюу 2019 оны намар манай хажуу талын бууцанд ирж буусан. Тэгээд тэрнээс хойш бэлчээр болон хороо бууцны маргаантай байсан. Д.Г гэх хүн манай хонийг гэрлүүгээ ойртлоо гээд хөөдөг, мөн аавыг зодсон байсан. Би Г гэх хүнтэй уулзаж ярилцах гэж байсан. Тэгээд ам хэлээ ололцохгүй хэрэлдэж маргалдаад ийм зүйл болсон. Бусдаар бол надад зодож цохих гэсэн зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-60/
3. Хохирогч Д.Ггийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 4 сарын 13-ны өдөр хониндоо явж ирчихээд ишиг хурганы баас цэвэрлээд гэрийн гадаа сууж байхад энэ хүү мотоциклтой нилээн халамцуу ирсэн. Ирэхээр нь сайхан хаваржиж байна уу гэхэд юун сайхан хаваржих та хоёрыг алах гээд 2, 3 удаа ирлээ, хаана очоод үхчихдэг 2 пизда вэ гэсэн. Тэгэхээр нь гэрт ор гээд оруулаад идээ өгөхөд дунд хуруу гойзойлгоод чамайг ална гэсэн. Тэгэхээр нь мотоциклоо асаагаад зугтаая гэж бодоод мотоциклоо асаах гэтэл түлхүүр булаагаад авсан. Тэгэхээр нь машинруугаа гүйхэд араас бариад авсан. Араас ирээд захан дээрээс барьж аваад эргүүлэхээр нь эргэж хараад түлхтэл гэдэргээ хараад суучихсан. Тэгэхээр нь би машиндаа амжиж ороод машинаа асаасан. Тэгтэл ирээд намайг машинаас өргөөд гаргаж ирээд нүүрлүү мөргөөд хоёр талаас өшиглөсөн. Тэгэхэд манай авгай орилж чарлан шороогоор булан байж машинд байсан галын хор аваад цохино шүү гэхэд наад хор чинь хүнд шүү пизда минь гээд хойшоо болсон. Тэгэхээр нь машиндаа амжиж орж суугаад ухраад зугтаасан. Тэгсэн миний машины толь болон шилийг хагалаад ална аа муу пиздаг гээд миний машиныг чулуугаар нүдээд хөөсөн. Би энэ залуугаас айгаад хамаг юмаа зараад энд ирсэн байгаа. Би энэ залуугаас үнэхээр их айдаг, одоо ч гэсэн айж байна. Аав нь хүртэл надад согтуу агсан тавьж байсан. Би аавд нь гар хүрсэн удаа байхгүй. Би энэ хүмүүсээс үнэхээр айж байгаа. Худалдаж авсан хороогоо хүртэл орхиод нүүж байна. Би өөрөө Баянхонгор аймгийн хүн, энэ хүүгээс үнэхээр айдаг. Би Улаанбаатар хотод очиж үзүүлсэн. Шүд булгарч унахдаа гавлын ясанд цууралт өгөөд эмчилгээ хийлгэж оёо тавиулж, нөхөөс хийлгэсэн. Эхлээд би 1.400.000 төгрөг байршуулж байж эмчилгээнд орсон. Эмчилгээнд ороод 6.180.000 төгрөг төлсөн гэв.
4. Хохирогч Д.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ‘’...Би 2020.04.13-ны өдөр 16 цагийн үед хониноосоо гэртээ ирээд байж байтал манай саахалт айлын Г нэг залуутай хамт ирсэн. Тэгээд мэнд ус мэдээд байж байтал Г надад “хаачдаг хар пизда вэ, өдөржингөө эрлээ, танайд 3 дахь удаагаа ирлээ, алнаа чамайг” гэсэн. Тэгэхээр нь би гэрт ор гадаа хэрэлдээд яах вэ гэж хэлсэн. Тэгээд гэрт ороход манай эхнэр цай хийж өгсөн. Тэгсэн Б.Г цай уухгүй пизда минь гэж хэлээд бид 2-ын өөдөөс дунд хуруугаа гаргаад салаавч өгөөд байсан. Тэгэхээр нь би босоод ширээний доор байсан 4 хутгыг аваад эхнэрт өгөөд гэрээс гаръя, гэрт хэрэлдмээргүй байна гээд гэрээс гараад гэрээ түгжсэн. Тэгээд би мотоциклтой зугтаая гэж бодоод мотоциклоо асаатал хажуугаас өшиглөөд унагаасан. Тэгээд мотоциклийн түлхүүр булаагаад авсан. Тэгэхээр нь би Гийн гарнаас татаж байгаад түлхүүрээ булааж авсан. Тэгтэл Г миний бөгсрүү өшиглөсөн. Тэгсэн манай эхнэр хүн алах нь уу гээд шороогоор булсан. Тэгсэн Г өөдөөс нь шороо самраад байсан. Би ерөөсөө алуулах нь байна гэж бодоод машин руугаа гүйсэн. Машиндаа очоод машинаа асаатал Г араас гүйж ирээд намайг машины суудал дээрээс өргөж аваад газар буулгасан. Тэгэхээр нь би хоёр гараараа цээжрүү нь цаашаа түлхтэл арагшаа бөгсөөрөө суусан. Би дахиад машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь Г урд хаалга нээгээд цуг явсан залуу нь машины арын хаалга нээсэн. Г миний энгэр заамнаас татаж буулгасан, буулгаад миний нүүр рүү шууд мөргөсөн. Тэгсэн миний дотор балартаад газар ойчсон. Намайг газар унаснаас хойш Г болон хамт явсан залуу нь миний хоёр талаас өшиглөөд байсан. Тэгээд манай эхнэр хүн алах нь байна гээд миний толгой орчмоор тэврээд суусан. Тэгсэн Г манай эхнэрийн гарлуу нь өшиглөөд манай эхнэрийг татаад босгосон. Манай эхнэр босч гүйгээд машины галын хор авч ирээд цохино шүү гэхэд Б.Г наадах чинь хүнд шүү пизда минь гээд арагшаа болсон. Тэгэхээр нь би машиндаа сугаад хаалгаа түгжээд ухарсан. Тэгсэн машин руу шороо цацаад байсан. Тэгээд араас мотоциклоор хөөсөн. Би гэрээ тойроод машинтайгаа зугтаасан. Эхнэрээ хорооны урдаас авах гээд иртэл өөдөөс гүйгээд ирсэн. Эхнэрээ суулгаад ухраад хөдөлтөл Г машины толиноос зүүгдээд будрээд үлдсэн. Тэгээд би аймгийн цагдаа дээр өөрийн биеэр очиж дуудлага өгсөн. Тухайн үед Г нилээн согтуу байсан. Цуг явж байгаа залуу нь бас согтуу байсан. Г миний нүүрэнд мөргөсөн, газарт унасан хойно миний толгой болон дал, нуруу хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Мөн хамт явсан залуу нь миний баруун хөлний тахиман дээр хоёр удаа дэвссэн. Гид зодуулсны улмаас миний хамар амнаас цус их гарч байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд үзүүлэхэд дээд болон доод үүдэн шүд унасан, мөн хиймэл дөрвөн шүд унасан, доод гурван шүд нь тагнайтай шүд байсан, нөгөө шүд нь шууд суурилуулдаг салдаггүй шүд байсан. Би тухайн шүдээ 2017 онд Улаанбаатар хотод 850.000 төгрөгөөр хийлгэж байсан. Би гомдолтой байна. Миний биед учирсан гэмтэл болох шүдийг бүрэн бүтэн болгож өгөх, машины урд шил, зөв талын толь зэрэг зүйлийг нэхэмжилж байна. Миний бие одоогоор гайгүй. Толгой жоохон дүүрч манараад, баруун нүд хааяа нэг лугшаад байгаа... ’’ гэх мэдүүлэг /хх-6-7/
5. Гэрч Д.Бын: “...2020.04.13-ны 17 цагийн орчимд Дэлгэрцогт сумын 3-р баг Улаан худаг гэх газар байх гэрийнхээ гадаа сууж байтал Г Мөнхөөгийн хамт ирсэн. Тэр хоёртой мэндэлсэн боловч хуцаад бай хаагуур тэнэдэг пизда вэ гэсэн. Тэгэхээр нь гэрт ор гэж хэлээд идээ авч өгсөн. Тэгсэн Г ална гээд дунд хуруу гойзойлгоод дайрсан. Тэр үед ширээний доор байсан 4 ширхэг хутгыг манай нөхөр авч надад өгөхөөр нь би далд хийсэн. Тэгээд гадаа гаръя гэж хэлээд бүгдээрээ гараад гэрээ цоожлоод манай нөхөр мотоциклоо асаагаад хөдлөх гэтэл мотоциклийн түлхүүр булаагаад авахаар нь буцаагаад булааж авч надад өгсөн. Намайг шороогоор самралцаад байж байх хооронд манай нөхөр гэрийн хажуугаар гүйгээд машиндаа сууж амжсан. Тэгсэн Г манай нөхрийг машинаас гаргаад духаараа мөргөөд газар унагасан. Тэгэхээр нь би тэврээд хамгаалсан. Тэгээд та нар хүн аллаа, та нарыг болихгүй бол модоор цохино шүү гэж хэлээд галын хор бариад далайтал Г наадах чинь хүнд шүү, тархи хагалчихав гэж хэлээд зай аваад хөндийрсөн. Тэгээд манай нөхөр машиндаа ороод ухрах хөдөлгөөн хийтэл машины урдаас шороо чулуу самраад цацаад машинаас зүүгдээд ална гээд байсан. Манай нөхөр ирээд намайг суулгаад явах гэтэл хойноос дагаж ирээд алнаа гээд машины зөв талын хаалганаас зүүгдээд “машины чинь хаалгыг аваад үлдэнэ, надад төлөх хөрөнгө байна” гэж хэлээд зүүгдээд байхаар нь манай нөхөр нүүрлүү нь гараараа түлхэх гэтэл бүдрэх нь таараад ойчоод үлдсэн. Тэгээд аймагт цагдаагийн газар ирсэн. 2019 оны 10 сарын үед аав нь согтуу ирээд манай мал хаа дуртай газраа явна, ингэж бэлчээд сурсан юм гэж хэлээд агсан тавьж байсан. Тэр цагаас хойш аавыг нь зодсон гэж ойлгосон юм байна лээ. Бид 2-ыг Б буудаж ална гэж заналхийлж байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12/
“...Г манай нөхрийн араас гүйж очоод энгэрээс нь татаад машинаас буулгаж ирээд шууд нүүрэнд нь мөргөөд унагасан. Манай нөхрийг газар унангуут Г болон хамт явж байсан залуу нь хамт нөхрийн толгой нүүр, дал, нуруу, хөл орчимд хэд хэдэн удаа өшиглөсөн. Намайг голоор нь ороход миний гаранд өшиглөсөн байсан. Тэгээд өшиглөөд болохгүй болохоор нь би мод аваад цохъё гэж бодсон. Тухайн үед Г манай нөхрийн нүүрлүү нь мөргөж унагаасан. Унасан хойно нь 4-5 удаа толгой, тархи, дал нуруу, хөл хэсэгт нь өшиглөсөн. Гараар цохисон зүйл байхгүй. Хамт явсан залуу нь манай нөхрийг газар унасан байхад баруун хөлнийх нь тахим хэсэгт 2 удаа өшиглөсөн. Манай нөхрийн ам болон хамраас цус их гарсан, тэгээд аймагт ирээд эмнэлэгт үзүүлэхэд даралт ихссэн, үүдэн гурван шүд нь унасан, хиймэл гурван шүд нь бүгд байхгүй байсан. Би ямар учраас зодож байгааг мэдээгүй. Өмнө нь гэр орноор орж гараад мэнд устай явдаг байсан. Манай нөхрийг зодоод шүд амыг нь гэмтээсэнд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-17-18/
6. Гэрч Б.Мгийн ‘’...Би 2020.04.13-ны өдөр 15 цагийн үед Гтой хөдөө гэрлүү нь хамт явсан. Тэгээд Г саахалт айлдаа очно гээд бид 2 хамт очиход хүнгүй байсан. Тэгээд хүн байхгүй байна, аймаг явъя гэхэд заавал очно гээд байсан. Тэгээд эргээд очиход саахалт айлынх нь хүмүүс ирсэн байсан. Бид 2 айлд ороход Г айлын ахтай маргалдаад байсан. Тэгсэн айлын ах ширээний дор байсан хоёр гурван хутгыг авахад эхнэр нь аваад цааш нь тавьсан. Тэгээд айлын ах гэрт хэрэлдэхгүй шүү гээд гэрээс гарсан. Гэрээс гараад айлын эгч Г хоёр бие биенийхээ өөдөөс шороо самраад байсан. Тэгж байтал айлын ах Гийг 2 гараараа түлхэж унагасан. Тэгсэн Г босож ирээд айлын ахыг нүүрэнд нь мөргөөд унагаасан. Газар унасан хойно нь ахыг Г 3, 4 удаа өшиглөсөн. Тэгсэн айлын ах өөрийнхөө машиныг асаагаад Дэлгэрцогтын цагдаад хэлнэ гээд явсан. Би Г, Г хоёрыг зодолдохоор нь голоор нь орж салгасан. Би Г гэх хүний хөлөнд өшиглөсөн. Өөрөөр цохисон зүйл байхгүй. Манай найз Г гэх хүнийг машиндаа суугаад ухрахад нь өөдөөс нь шороо самардсан. Тэгээд хөдлөөд явахаар нь бид 2 араас нь мотоциклтой явсан. Чулуу шидсэн зүйл байхгүй...’’ гэх мэдүүлэг /хх-19-20, 58/
7. Гэрч Ш.Бын ‘’...Г бид 2 хороо бууцнаас болоод маргалдаад байсан зүйл байхгүй. Манай хороо бууцны гэрчилгээ 60 жилийн хугацаатай бичиг байдаг. Г гэх айл 2019 оны 10 сард ирж буусан. Энэ хүн манай хонь малыг мотоциклоор байнга хөөдөг. Г гэх хүн манай хонь малыг хөөгөөд байхаар нь “...та битгий хонь мал хөөгөөд бай ...” гэхээр өөдөөс загнаад байдаг, энэ асуудлаас болоод маргалдаж байсан. Намайг нийлсэн малаа авах гээд гадаа нь очиход цохиж унагаагаад гаран дээр дэвсэж байсан. Би тухайн өдөр мал дээрээ байж байтал манай гадаа портер машин ирэхээр нь гэртээ иртэл манай хүү Г найзтайгаа ирсэн. Тэгсэн манай хүү ...Г гуай мал хөөгөөд болохгүй байгаа гэсэн... би очиж учрыг нь хэлдэг юм билүү гэж байсан. Тэгээд манай хүү “мал битгий хөөгөөд бай, тамиргүй мал хэцүү байна” гэсэн чинь Г манай хүүг түлхээд, эцэг шигээ пизда гэсэн байна лээ. Тэгээд манай хүү цохисон юм байна лээ...’’ гэх мэдүүлэг /хх-21-22/
8. Гэрч Р.Оийн ‘’...Би тэр өдөр аймаг орчихоод үдээс хойш зам дээр буугаад гэрлүүгээ алхаж явтал зүүн талаас Г эхнэртэйгээ хамт давхиж ирсэн. Над дээр ирээд “танай хүүхэд намайг зодчихлоо, аймаг орж цагдаад мэдэгдэнэ гээд” давхиад явсан. Гг явсны дараа манай хүү Г найзтайгаа хамт мотоциклтой давхиж ирсэн. Тэгэхээр нь би та нар чинь юу болов гэж асуухад ...Г, манай хүүхдийг ална хядна гэсэн хутгатай явж байгаа... гэж хэлсэн. Гтай таарахад амных нь хавьд жоохон цустай харагдсан. Тэгээд надад амаа нээж шүдээ харуулаад явсан. Энэ хэрүүл маргаан малын бэлчээрээс болсон гэж бодож байна. Манай хүү адуутайгаа эзгүй явдаг. Хавар ирээд ямаа самнаж байхад нь Г хонь, мал хөөгөөд байсан. Би ер нь манай малыг байнга хөөж байдаг гэж хэлж байсан. Зарим зүйлийг нь нөхөр, хүү хоёртоо хэлдэггүй. Г гэх хүн их дээрэлхүү зантай харьцдаг. Намайг эзгүй байхад 2019 оны намар Г хонио гадуур идүүллээ гээд манай нөхрийг унагаагаад гаран дээр нь дэвссэн гээд гар нь хөдлөхгүй байсан. Миний хувьд санаа сэтгэл тайван биш хэцүү байна...’’ гэх мэдүүлэг /хх-23-35/
9. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 сарын 15-ны өдрийн 99 дугаартай: “Д.Ггийн биед зүүн дээд 1, зүүн доод 2-р шүдний уналт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн хувь хэмжээг тогтоох журмын 52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг 10 хувиар бууруулна. Зүүн дээд 1, зүүн доод 2-р шүдний уналт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-28/
10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 4 сарын 14-ний өдрийн 100 дугаартай: “Д.Бын биед баруун шууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг сарниулаагүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-38/
11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 сарын 08-ны өдрийн 13 дугаартай: Нэмэлтээр ирүүлсэн материалаар Д.Ггийн баруун хөлөнд гэмтлийн гаралтай өөрчлөлт тогтоогдсонгүй. Өмнө гарсан дүгнэлт өөрчлөгдөхгүй” гэсэн дүгнэлт /хх-107/
12. Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-47/
13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/
14. Шийтгэх тогтоолын хуулбар /хх-71-78/
15. Шийтгэлийн хуудасны хуулбар /хх-92/
16.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч Д.Г нь 2020 оны 04 сарын 13-нд бусдад зодуулсан, үүний улмаас хохирогч Д.Ггийн эрүүл мэндэд “зүүн дээд 1, зүүн доод 2-р шүдний уналт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл” учирсан болох нь шинжээчийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн 99 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Д.Гд учирсан дээрхи гэмтлийг 2020 оны 04 сарын 13-ны өдөр шүүгдэгч Б.Г учруулсан болох нь хохирогч болон гэрч Б.М, Д.Б нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.Гид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 73а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялыг тэнссэн, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2019 оны 1 сарын 18-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулав.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Гд хохирол 400.000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Хохирогч Д.Г шүүгдэгчээс 400.000 төгрөгийг хүлээн авсан, одоо 6.180.000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Гоос 6.511.900 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Гд олгох үндэслэлтэй байна.
Үүнээс 400.000 төгрөгийг шүүгдэгч Б.Г хохирогчид төлсөн байх тул хасч шүүгдэгчээс 6.111.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн 6.511.900 төгрөгийн зардалд хохирогчийн яс нөхүүлэх, шүд суулгуулах 6.180.000 төгрөгийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан 161.900 төгрөгийн, автомашинд учирсан хохирол /үнэлгээрээр/ 170.000 төгрөгийн зардал тус тус хамаарч байгаа юм.
Хохирогч нь яс нөхүүлэх, шүд суулгуулах эмчилгээ хийлгэхэд 6.180.000 төгрөг төлсөн болох нь хохирогч талаас гаргаж өгсөн амбуратороор эмчлүүлэгчийн карт, Дентасис эмнэлгийн үзлэгийн карт, мөнгө төлсөн баримт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно.
Хохирогч Д.Ггийн нэхэмжлэлээс 68.100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Учир нь: Энэхүү зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан шатахууны зардал гэх боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г овгийн Б-ны Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Б Г-д 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.Гд хохирол 400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 6.111.900 гаргаж хохирогч Д.Гд олгож, хохирогч Д.Ггийн нэхэмжлэлээс 68.100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХБАТ