Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 011

 

Х.Тилеубайн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 733 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын төвд оршин суух, Шеруши төлек овогтой Хожагийн Тилеубайгийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багт оршин суух, Шыбарайгыр жүзик овогт Көксегений Бахытжандхолбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Өлөн гэдэсний үнэ 4152600 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: К.Бахытжан нь хонины өлөн гэдэс авч боловсруулан гадаадад гаргадаг компанитай байсан бөгөөд би хар зах дээрээс цуглуулсан өлөн гэдсийг түүнд нийлүүлэн үнийг авдаг харилцаа холбоотой байсан. Би 2015 оны 2,3,4 дүгээр сард нийтдээ 4307ш өлөн гэдэс нэг бүрийг 1800 төгрөгөөр үнэлэн тушааж бүгд 7752600 төгрөг авах ёстой байснаас 3600000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдсэн 4152600 төгрөгийг өгөхгүй чирэгдүүлж байна. Энэ нь К.Бахытжаны 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болон 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд өөрийнх нь 95127696 дугаартай утаснаас миний утсанд бичсэн мессежүүдээр бүрэн нотлогдоно. Би эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрч чадаагүй. Иймд К.Бахытжанаас 4152600 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Х.Тилеубай бид хоёрын хооронд өлөн гэдэстэй холбоотой өр авлагын тооцоо бүрэн дууссан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэж байгааг эрүүл ухаанаар ойлгож чадахгүй байна. Урьд өмнө бас ийм утга бүхий нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байсан ба би бүх зүйлээ тодорхой хэлж өгч байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний бие нэхэмжлэгчийн энэхүү байдалд бухимдан түүний нэхэмжлэлд хариу ч өгөхгүй хэмээн бодсон. Гэтэл өмгөөлөгчөөс зөвлөгөө авахдаа шүүхэд заавал тайлбар өгөх ёстойг ойлгуулсны дараа ийнхүү тайлбар гаргаж байна. Х.Тилеубай нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгсөн байна. Түүний шүүхэд гаргаж өгч байгаа нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Жишээ нь: Тэрхүү нотариатаар гэрчлүүлсэн гар утас болон фейсбүүк хуудаснаас хэвлэн авсан баримтууд нь надад огт хамааралгүй. Миний бие энэхүү гар утаснаас ийм утга бүхий мессежийг Х.Тилеубайд бичээгүй. Мөн фейсбүүкийн ийм бүртгэлд байхгүй. Миний нэрээр хэн нэгэн хуурамчаар ийм хаяг нээсэн байж болзошгүй. Эцэст нь хэлэхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 733 дугаар шийдвэрээр: 1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Шыбарайгыр жүзик овогт Көксегений Бахытжанаас өлөн гэдэсний үнэ 4152600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Шеруши төлек овогт Хожагийн Тилеубайн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81392 /наян нэгэн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 733 дугаар шийдвэрийг цугларсан нотлох баримтуудад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзээд дараах гомдлыг гаргаж байна.

Х.Тилеубай би К.Бахытжан гэх хонины өлөн гэдэс цүглуулан гадаадад гаргадаг хүнд 2015 онд /1,2,3 сард/ тушаасан өлөн гэдэсний үнэ 4152600 төгрөгийг нэхэмжлэн шүүхэд хандсан.

К.Бахытжанаас 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр надад ирүүлсэн мессежид өлөн гэдэс хүлээн авснаа, дутуу мөнгө төлөхөө илэрхийлснээс гадна, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 95127696 дугаарын гар утаснаас төлбөр төлөхөө бичиж ирүүлсэн цахим захиаг шүүх бусад баримтаар нотлогдохгүй гэх үндэслэлээр үнэлсэнгүй. Уг нь тэрхүү захианууд хэний ч дарамт шахалтгүйгээр бичсэн К.Бахытжаны хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжтой байсан гэж үзэж байна. н.Түмэнжаргал гэх хариуцагчийн өлөн гэдэс хүлээн авагч байсан ба уг компанид өлөн гэдэс тушааж байсныг нотлох үүднээс түүний дэвтрийн зарим хуудсыг хуулбарлан нотолгоогоор өгсөн болохоос түүний тооцоо хийлгэх зорилгоор өгөөгүй. Түүнээс өөр өлөн гэдэс хүлээн авагч хүн бас байсан. н.Түмэнжаргалын талаар хариуцагч тайлбар огт хийгээгүй нь өлөн гэдэс авч байснаа хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл юм. Нэгэнт хариуцагч зөвшөөрч байгаа бол төлбөр тооцоо байхгүй гэдгээ нотлох үүрэгтэй.

Анхан шатны шүүхийн 2016 оны 733 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн гэж үзээд энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарт: Нэхэмжлэгч нар давж заалдаж гаргасан гомдолдоо анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бухий болж чадаагүй гэж маргажээ.

Иргэний хэрэг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй юм. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримттай харьцуулан үнэлэхээр хуульчлагдсан.

Нэхэмжлэгчээс миний үйлчлүүлэгч К.Бахытжанаас өлөн гэдэсний үнэ болгож 4152600 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ хариуцагч К.Бахытжантай фейсбүүк болон утсаар дамжуулж харилцаж байсан гэх баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг.Гэтэл эдгээр баримтууд дээрх мэдээллийн агуулга нь нэхэмжлэгчийн нэхэмжилж буй өлөн гэдэсний үнэ болох 4152600 төгрөгтэй хамааралтай болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч К.Бахытжаны нэхэмжлэгч Х.Тилеубайд явуулсан гэх мессежид хэзээ, хичнээн ширхэг өлөн гэдэс хүлээн авсан, өлөн гэдэсний үнийг хэдэн төгрөгөөр тохиролцон, нийт хэдэн төгрөг өгөх ёстой талаар тусгагдаагүй байдаг.

Нөгөө талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээний талууд худалдаж, худалдан авч буй зүйлийн үнийг харилцан тохиролцсон байх учиртай байхаар хуульчилсан. Энэ нь худалдах-худалдан авах гэрээнд байдаг онцлогуудын нэг юм. Гэтэл нэхэмжлэгчээс тухайн үед үйлчлүүлэгч К.Бахытжанд зарсан гэх өлөн гэдэсний үнийг нотолж чадаагүй юм. Анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Тилеубай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат нарын давж заапдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчээс хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй талаар хариуцагчийн өмгөөлөгчөөс тодруулахад, хариуцагчийн өмгөөлөгч Үйлчлүүлэгч маань хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа. Энэ талаар эмнэлгийн бичиг байгаа. Иймээс шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гээд хүсэлтээ эмнэлгийн магадалгааны хамт шүүх хуралдаанд гаргаж өгч хүсэлтээ тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх хуралдаан эхлэх үед хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагч К.Бахытжан нь өвчтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах замаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд хариуцагч К.Бахытжан өвчтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт болон эмнэлгийн магадалгааг хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргаж өгсөн боловч энэ нь эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэснийг нотлох баримт болохоос шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, шүүх хуралдааныг хариуцагчийг оролцуулахгүйгээр үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т нийцээгүй байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан хүсэлтийг шүүх хуралдаанаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн зүйлийн 168.3.-т зааснаар хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81392 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Х.Тилеубайд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 733 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81392 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч Х.Тилеубайд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ