Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

       С.Ө, Д.Э нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

           

прокурор Б.Эрдэнэбаатар,

шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ц.Мандал,

хохирогч О.Б, түүний өмгөөлөгч С.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Д.Э, хохирогч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Ө, Д.Э нарт холбогдох 2014250007216 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Дөлгөөн овгийн Сүхбаатарын С.Ө, Улаанбаатар хотод 1974 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13 дугаар гудамжны 229 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ХИ74082470/

 

2. Хуацай овгийн Долгорын Д.Э, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1978 оны 8 дугаар сарын 7-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, “Чулуут” амины орон сууцны 5-156 тоотод оршин суух хаягтай,

2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан. /регистрийн дугаар: ЖЮ78080770/

 

Д.Э, С.Ө нар нь Б.Ганзоригтой бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн урд байрлах “Сайн малчин” дэлгүүрийн гадна байрлуулсан О.Бгийн өмчлөлийн “Старекс” загварын, 89-82 УНЧ улсын дугаартай автомашинаас бэлнээр 27,100,000 төгрөг болон 145,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлж ноцтой хохирол учруулсан,

С.Ө нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах морь барианы газарт Н.Нарангаравын эзэмшлийн 53-55 ӨМӨ улсын дугаартай “Тоёото-Виш” загварын автомашинаас 458,300 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар,

Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Өыг бусдын эд хөрөнгө хулгайлах, мөн бусдын эд хөрөнгө хулгайлж ноцтой хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон, Д.Эыг бусдын эд хөрөнгө хулгайлж ноцтой хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

С.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял,

Д.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Өад оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч С.Ө, Д.Э нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Эын цагдан хоригдсон 465 хоног, С.Өын цагдан хоригдсон 121 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт битүүмжилсэн “Тоёото приус-11” загварын, 47-29 УМЛ улсын дугаартай автомашин, ЕА75121208 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэг, 0224021 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ 1 ширхэг, 00768142 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигч Б.Эрдэнэсувдад буцаан олгож,

хохирогч Н.Нарангаравт шүүгдэгч С.Ө 430,000 төгрөг, хохирогч О.Бд шүүгдэгч С.Ө 5,500,000 төгрөг, шүүгдэгч Б.Ганзориг 1,800,000 төгрөг, яллагдагч Ц.Баяраа 4,500,000 төгрөг төлсөн, үлдэх 15,445,000 төгрөгөөс 9,945,000
төгрөгийг хохирогч О.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуульд заасан журмын дагуу гэм буруутай бусад этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг
тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн
510.1 дэх хэсэгт зааснаар Д.Эаас 5,500,000 төгрөг гаргуулж хохирогч О.Бд олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий “СД”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Д.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тухайн үед би тамхи аваад буцаж явахад, Ганзориг миний өөдөөс цүнхтэй зүйл барьсаар ирсэн. Ганзориг надад хэлэхдээ цүнхтэй зүйл олсон гэж хэлж байснаа дараа нь хулгайн мөнгө болохыг хэлсэн. Намайг чимээгүй бай гэж 5,500,000 төгрөг өгсөн. Би хулгайн мөнгө болохыг мэдсээр байж үрж, шамшигдуулсандаа харамсаж байна. Хохирогчид өөрийн эзэмшлийн барилгын замаск үйлдвэрлэдэг жижиг оврын шинэ машин, төхөөрөмж өгч хохирол барагдуулах гэсэн боловч хүлээж аваагүй. Миний бие Ганзоригтой үгсэн тохиролцож хулгайн гэмт хэрэгт оролцоогүй. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

            Шүүгдэгч С.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх миний гэм буруугийн асуудлыг хэт өрөөсгөл байдлаар дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг шалгаж өгөөгүй.

Анхан шатны шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд Д.Э нь хэрэгт холбоотой нөхцөл байдал бүрийг үнэн зөвөөр мэдүүлж байсан. Түүнийг үл харгалзан хэтэрхий өрөөсгөл байдлаар үнэлэлт дүгнэлт өгч, цаг хугацаанд баригдан, ажлын үзүүлэлт болгож прокурор, мөрдөгч нар мөрдөн шалгах үйл ажиллагааг гүйцэдүүлсэн. Хуулийн дагуу үнэн зөвийг тогтоолгох хүсэлтэй байна.

Хохирогч О.Б нь гэмт хэрэг гарах үед биечлэн байсан болон “машины хойно зогсч байсан гэмт этгээдийг бүрэн таньж мэдэж, харсан” болно. Тухайн гэмт хэргийн хугацаа нь 3 жил болж байгаа боловч одоог хүртэл эзэн холбогдогчийг нэг бүрчлэн шалгаж тогтоож өгөөгүй. Зөвхөн дуу хоолой болон тухайн мөнгийг зээлж авсан зэрэг бодит байдлыг л энэхүү гэмт хэрэгт холбоотой болгон үнэлэлт дүгнэлт өгч, хэлмэгдүүлж байгаад гомдолтой байна.

Камерын бичлэгт 2 этгээд тусгагдсан байдаг бөгөөд миний бие энэхүү бичлэгт  хамааралгүй болно. Мөн хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын шатанд гэмт этгээдийг харвал танина гэж мэдүүлсэн атлаа 2015 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, хошууч Батдэлгэрийн таньж олуулах ажиллагаанд 4 номертой залуу гэсэн байдаг боловч энэ нь царай зүс хараагүй атлаа сэтгэлийн өнгөцхөн төдий үйл хөдлөлөөр дүгнэлт өгсөн асуудал тул гэм буруутай этгээдийг олуулан шалгуулах хүсэлтэй байна.

Хэргийн газарт үзлэг хийсэн болон хурууны хээ гэх зэргийг шинжлэн судлуулах, гэрч, хохирогч, гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд өөрчлөгдсөн тул нэг бүрчлэн шалгуулах хүсэлтэй байна.

Миний бие буруу аргаар олсон мөнгө гэдгийг мэдсэн тул гэмт хэрэгт холбогдож асуудалд орохоос урьдчилан сэргийлж, 2015 оны хавар мөрдөн байцаагч Батдэлгэрт Ганзоригоос зээлсэн 5,500,000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгийг тэр дор нь хулгайн мөнгө байсныг мэдсэн бол Ганзоригоос зээлж авахгүй байсан юм. Миний хувьд мөнгө зээлж авсандаа маш их харамсаж байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг нь шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэсэн заалтуудтай зөрчилдөж байгааг анхаарч үзэж, эрх зүйн байдлыг минь дээрдүүлсэн хуулийн хэрэгжилтээр ханган өгч, мөрдөн байцаалтын ноцтой зөрчил бүхнийг судлан авч үзнэ үү. Мөн гэрч О.Баярааг огт хүлээн авч хэлэлцээгүй, түүний мэдүүлгийг анхаарч үзэхгүй байна.

Үйлдээгүй гэмт хэрэгт яллагдах болсондоо харамсалтай байна. Гэм буруутай үйлдэлд тохирох хуулийн хариуцлагыг оногдуулж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч С.Өын өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх С.Өыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Нарантуул” захын урд замд байрлах “Сайн малчин” дэлгүүрийн авто зогсоол дээр зогсч байсан “Старекс” загварын, 89-82 УНЧ улсын дугаартай машин дотроос  27,000,000 төгрөг бусадтай бүлэглэн хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

С.Өын дээрх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйл таньж олуулах ажиллагааны журам зөрчсөн, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгөөгүй зэрэг хангалттай үндэслэл байхгүй, бодит баримтад тулгаарласан нөхцөл тогтоогдоогүй байхад С.Өад ял шийтгэл ногдуулсан.

С.Өыг 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан хулгайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцохдоо дараах нотлох баримтыг үндэслэсэн байна. Үүнд: камерын бичлэг, хохирогч О.Б, гэрч Ц.Баяраа, таньж олуулах ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хураан авч хэрэгт хавсаргах тухай 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн тогтоол, Цэлмэг Алтай дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн байцаагчийн тэмдэглэл зэрэг болно. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2-д шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: 2.3-д “шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж үзсэн... өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, ... ыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-д “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” гэсэн шаардлагыг хангаагүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Тухайлбал:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-д “гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан, түүнчлэн гэмт хэрэг үлдсэн хүн... илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох... цахим баримт бусад эд зүйлийг” эд мөрийн баримтад тооцно гэжээ. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр
зүйлийн 9-д “хэрэгт ач холбогдолтой цахим баримтыг хуулбарлан авах” гэснийг үндэслэн “Цэлмэг Алтай” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авсан тухай ямар нэг тэмдэглэл байхгүй, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол үйлдээгүй, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ эд мөрийн баримтыг шүүхэд ирүүлээгүй талаар шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, магадлал байхад үүнд дүгнэлт өгөөгүй.

2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн мөрдөн байцаагчийн тэмдэглэлд “эрүүгийн цагдаагийн газрын хуулбарлаж архивласан анхны бичлэгээс дахин хуулбарлаж, СД-д буулган үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон болохыг тэмдэглэл болгон бичлээ” гэсэн, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Цэлмэг Алтай” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “үзлэгийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэсийн 206 тоот өрөөнд 12.10 цагт эхэлж 13.40-д дуусгав” гэсэн шүүхийн нотлох баримт үнэлсэн баримтууд нь эрүүгийн цагдаагийн газарт хуулбарласан гэх “СД” бичлэгийг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр ямар цаг хугацаанд хэний эзэмшил, хамгаалалтад байсан бичлэгийг, ямар цахим техник ашиглаж хуулбарлаж авсан болох талаар тэмдэглэл байхгүй, тухайн ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг зурагдаагүй, “Цэлмэг Алтай” дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн камерыг эзэмшиж байгаа хэн гэдэг хүнийг байлцуулан үзлэг хийсэн тухай бичигдээгүй, камерын бичлэг эсвэл камерын бичлэгийг хуулбарлан авсан “СД”-д үзлэг хийгээд байгаа нь ойлгомжгүй байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан нотлох баримт гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “СД” бичлэгийг шүүх хуралдаанаар шинжлэн судлахад С.Ө нь хулгайн гэмт хэрэгт оролцсон болохыг нотолсон ямар нэг дүрс байхгүй байсан.

2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 667 дугаар магадлалын хянах хэсэгт “хохирогч О.Бгийн мэдүүлгээс үзэхэд 165-170 см өндөртэй 40 орчим насны бараан жижгэвтэр царайтай бараандуу хувцастай хүн... хэн байсныг олж тогтоох ажиллагаа огт хийгдээгүй гэсэн дүгнэлтийг хийж Б.Ганзориг, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан.

Мөрдөн байцаагч хэргийг хүлээн аваад 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хохирогч О.Бгийн мэдүүлэгт дурьдсан хүнийг олж тогтоох зорилгоор хүн таньж олуулах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад буюу С.Өыг өөрийн биеэр байсаар байтал зургаар хүн таниулах ажиллагаа хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2-д “хохирогч... хүн... -ийг ямар шинж тэмдэг онцлогоор таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэснийг зөрчсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзсэн. Энэ тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолд дурьдаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч хохирогчийн мэдүүлэгт дурьдсан этгээдийг олж тогтоох ажиллагаа хийгээгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-д “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах... нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн байхад шүүх шинжлэн судалсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу шалгалгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй. Тухайлбал: гэрч Ц.Баяраагийн “2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед... танил Ганзориг утсаар залгаад зах дээр хүрээд ир гээд... очиход би сая Баясааг машинтай нь дуудчихлаа гээд найз Асраа гэдэг залуутай байж байсан. Тэгээд нилээн хүлээлгэж байгаад Баясаа ирсэн... бүгд машинд суугаад... Баясаагийн машинд бензин хийгээд... хотоос зайдуу гаръя гээд... Гачууртын тэнд хүн тавьдаг газар очоод Ганзориг ууттай мөнгө гаргаад ирэхээр нь юун мөнгө бэ гэсэн чинь олсон юм, санаа зоволтгүй” гэсэн мэдүүлгээс үзэхэд С.Ө нь дуудагдаж ирсэн болохыг нотлож байхад гэрчийн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй. Гэрч Ц.Баяраагийн мэдүүлэгт дурьдснаар Б.Ганзориг С.Өыг дуудсан ба С.Өыг очиход Ц.Баяраатай Б.Ганзориг, Д.Э нар хамт байсан, хүн тавьдаг газарт очоод Б.Ганзориг нь ууттай мөнгө гаргаж ирсэн талаар ярьсан байхад шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох энэ байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан.

4. 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хулгайн гэмт хэрэгт 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн байдаг. Шүүх 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хурлаар тэдний асуудлыг хэлэлцэж, шийтгэх тогтоол гарах хүртэл Б.Ганзориг, Д.Э нар нь С.Ө хулгайн гэмт хэрэгт оролцсон талаар мэдүүлж байгаагүй. Тэдний мэдүүлгийг үгүйсгэсэн гэрч Ц.Баяраа, С.Ө нарын мэдүүлгийг үнэлэлгүй орхигдуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурьдсан заалтуудыг зөрчсөн эргэлзээтэй нотлох баримтуудаар С.Өад ял шийтгэл ногдуулсан.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 778 дугаартай шийтгэх тогтоолоор С.Өад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хохирогч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Сайн малчин” дэлгүүрийн зогсоол дээр байсан нөхөр М.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 89-82 УНЧ улсын дугаартай, “Старекс” загварын авто машины урд суудлын дундаас цагаан өнгийн цүнхтэй 27,100,00 төгрөг болон 145,000 төгрөгийн эд зүйлийг хулгайд алдсан. Энэхүү мөнгөний дийлэнх нь миний мөнгө биш, хүний дайвар мөнгө байсан. Миний бие Төв аймгийн Заамар суманд нөхөр, хүүхдүүдийн хамт амьдарч хүнсний найман нэрийн дэлгүүр ажиллуулж, амьдарлаа авч явдаг жирийн нэгэн эмэгтэй байсан. Энэхүү хулгайн улмаас хүнсний дэлгүүрээ ажиллуулах боломжгүйд хүрч хүний мөнгө хүргэж өгөх гэж авч яваад алдсан тул байнгын мөнгөө нэхсэн хүний дарамт болон амьдралынхаа эх үүсвэрээс салсан тул сэтгэл санаагаар унаж өнөөдөр эрүүл мэнд сайнгүй байна.

Миний бие гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлоос барагдуулаагүй үлдсэн мөнгө болох 15,445,000 төгрөгийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдээс гаргуулах, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 19,756,249 төгрөг нийт 35,201,249 төгрөг нэхэмжилсэн. Үүнд: 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар олох ёстой байсан орлого болох 19,506,249 төгрөг /Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Дэлгүүрийн фото зураг болон эвдэрсэн сейфний зураг, орлогын тэмдэглэл, дэлгүүрийн үйл ажиллагаа явагдахгүй байгааг нотлох гэрэл зураг, хүчингүй болсон дэлгүүрийн тусгай зөвшөөрлүүд, 000169491 дугаартай О.Б миний Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “ХААН” банкнаас авсан зээлийн гэрээний хуулбар, ТӨД0000945 дугаартай тохирлын гэрчилгээ, архи болон тамхи зарах тусгай зөвшөөрлүүд/-ийг баримт болгон цагдаа прокурор болон шүүхийн шатанд өгч байсан.

Гэмт хэргийн улмаас сейфний түлхүүр алдсан /цүнхэнд байсан/ бөгөөд уг сейфийг эвдэж онгойлгохоос өөр аргагүй болсон бөгөөд уг сейфийг засуулахад 50,000 төгрөг зарцуулсан. Иймээс энэ мөнгийг нэхэмжилсэн. Энэ гэмт хэргийн улмаас өмгөөлөгчөөс зөвлөгөө авч 200,000 төгрөгийн хөлс төлсөн. Би хохирогч болоогүй байсан бол энэ мөнгийг зарцуулахгүй л байх байсан. Хэргийн улмаас 27,100,000 төгрөг бэлнээр алдсан. Энэ мөнгийг Д.Э, Б.Ганзориг, С.Ө нар хулгайлан хувааж авсан байдаг.

Гэвч өнөөдөр энэ мөнгөнөөс 11,800,000 төгрөгийг байцаагчаар дамжуулан авсан. Үлдэх 15,300,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх тогтоолынхоо тогтоох хэсгийн 9, 10-д 5,500,000 төгрөгийг нь Д.Эаас гаргуулахыг үлдэх хэсгийг гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн байгаа нь ойлгомжгүй хэнээс хэдэн төгрөг гаргуулж ав гэж байгаа нь тодорхойгүй шийдвэр болжээ. Гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэн ав гэсэн нь ойлгомжгүй байна. Б.Ганзоригийн үйлдлийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 201725012098 дугаартай Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125-ийг үндэслэн тусгаарласан байдаг боловч Б.Ганзориг нь олон удаагийн шүүх хурал болон мэдүүлгүүдээрээ уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрч болон гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдүүдийнх нь мэдүүлгээр нотлогдсон тул энэхүү хэргийг үйлдээгүй гэх үндэслэл байхгүй. Энэхүү шийтгэх тогтоол Д.Э, С.Ө нарт хамааралтай боловч Б.Ганзориг мөн үйлдсэн /гэм бурууг нь хуулийн дагуу зохих шийтгэх тогтоолоор тогтоох нь гарцаагүй/. Яагаад шүүх гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирол болох 27,245,000 төгрөгийг дээрх 3 этгээдэд тэнцүү хуваахгүй шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Зүй нь эдгээр этгээдүүд тус бүр 9,081,667 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нөхөн төлөх ёстой байх.

С.Ө 5,500,000 төгрөг төлсөн тул үлдэх 3,581,667 төгрөг, Д.Э нэг ч төгрөг төлөөгүй тул 9,081,667 төгрөг тус тус надад өгөх ёстой болов уу. Гэм хорын хохиролд нэхэмжилсэн 19,756,249 төгрөгийг ч мөн эдгээр 3 гэм буруутай этгээдээс хувь тэнцүүлэн гаргуулж өгөх ёстой байсан гэж үзэж байна.

Миний бие гэмт хэрэг болсноос хойш 4 дэх жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд багагүй зовлоо. Ядаж алдсан мөнгөө, боломжтой бол гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дагаж амьдралд минь үүссэн хор уршигийг шүүх тооцон үзэж бага ч гэсэн амьдралд минь тус болоосой гэж хүсэж гомдол гаргаж байна.” гэв.

 

Хохирогч О.Бгийн өмгөөлөгч С.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлууд нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хохирогч 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 27,100,000 төгрөг, 145,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлтэй цүнхээ хулгайд алдсан байдаг. Түүний 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт “165-170 см өндөр нуруутай, 40 орчим насны, бараан жижгэвтэр царайтай, бараандуу хувцастай байсан” гэж, дараагийн мэдүүлэгтээ машиных нь ард анхаарлыг нь саринуулсан хүнийг тодорхойлохдоо “30 гаруй настай, намхандуу нуруу, бараан царайтай эрэгтэй хүн байсан, чанга дуутай дээрэнгүй хоолойтой хүн байсан” гэж мэдүүлсэн байдаг. 2015 оны 10 дугаар сард болсон таньж олуулах ажиллагаанд хохирогч өөрөө биечлэн оролцож, 5 этгээдээс 4 дугаартай этгээд нь миний машины ард байсан хүн байна гэж С.Өыг таньсан... С.Ө сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй байх үед хохирогч тухайн хүний дүрс байдал, нас, царайны төрөхийг анхны мэдүүлгүүддээ тодорхойлсон. Ийм учир С.Ө нь гэмт хэрэгт оролцсон хамжигч байсан гэдгийг баталж байна гэж үзэж байна. Хохирогч 27,100,000 төгрөг болон 145,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдсан. 145,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл алдсан асуудлыг анхан шатны шүүх шийдээгүй орхисон. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч шүүх хуралдааны үед нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээр өмгөөлөгчийн зардал, сейфны түлхүүр алдагдсанаас болж сейф эвдэх зардал, 145,000 төгрөгийн эд зүйл зэрэг зардлуудыг нэхэмжилсэн. 19,506,249 төгрөгийг дэлгүүрээ ажлуулж чадаагүй хугацаанд олох байсан орлого гэж нэхэмжилсэн байгаа. Тухайн үед гаргасан нэхэмжлэлийн нийт дүн нь 19,756,249 төгрөг. Энэхүү нэхэмжлэлийн асуудлыг анхан шатны шүүх огт хянан хэлэлцэхгүй орхисон, үүнтэй холбоотой бүх нотлох баримтууд хэрэгт авагдсан. О.Бгийн дэлгүүрээ ажлуулахгүй байсныг нотлох баримт нь Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандсан тодорхойлолтоор 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн амьжиргааны баталгаажих эд хөрөнгө болох мөнгөө алдсаны улмаас үйл ажиллагаагаа зогсоож, дэлгүүрийн бичиг баримт нь цуцлагдсаны улмаас амьжиргааны баталгаажих эх үүсвэр үгүй болсныг нь тодорхойлсон. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн нийгмийн даатгалын дэвтрээр хэрэг үйлдэгдсэнээс хойш нийгмийн даатгал төлөгдөөгүй гэдэг нь харагдах ба ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, орлого олоогүй гэдгийг нотолж байгаа. 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ хохирогч өөрийнхөө олох байсан өдөр бүрийн орлого, зарлагын дэвтрээр тооцоолсон байдаг. Өдөр бүрийн орлого зарлагын дэвтрээ эх хувиар нь өгөх боломжгүй байсан. Яагаад гэвэл тухайн дэвтэр нь цүнхэн дотор явж байгаад хэргийн улмаас шатсан. Хэрэг гарахын өмнө буюу 11 дүгээр сарын 4-ний өдөр “ХААН” банкнаас зээл авахдаа бүрдүүлж өгсөн орлого, зарлагын дэвтрийн хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэхүү баримтаар 2013 оны 6 дугаар сар гэхэд 9,163,980 төгрөгийн орлоготой, 2013 оны 7 дугаар сард 9,387,300 төгрөгийн орлоготой гэх мэтчилэн дунджаар орлого, зарлагыг нь тооцож үзэхэд 6,502,083 төгрөгийн орлогыг тухайн дэлгүүр сард олдог байсан. Энэхүү дэлгүүрийн орлогын 15 хувийг жижиглэн худалдаанаас ашиг болгон олдог байсан. Үүнийг нь нэмж тооцож 20 сард үржүүлж үзэхэд 19,506,249 төгрөгийн ашгийг олох байсан. Уг ашгийг нэхэмжилсэн. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санаагаар унаж, дэлгүүрийнх нь үйл ажиллагаа зогсч, бусдад өр төлбөртэй үйлдэж, шүүгдэгч нар өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч олон жил боллоо. 27,100,000 төгрөг байсан байгаагүй гэдэг асуудлыг шүүгдэгч нар их ярьдаг. 27,100,000 төгрөгийг тухайн үед алдсан гэдгийг хэрэгт буй тухайн өдрийн О.Бгийн 5005122869 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлоно. Б.Ганзоригийн мэдүүлгүүдийг судалж үзэхэд 3 янзын зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Нэг дэх мэдүүлэг нь “4 хүн тус бүр 5,500,000 төгрөгөөр хувааж авсан” гэдэг, хоёр дахь мэдүүлэг нь “бусад гурав маань 5,500,000 төгрөг авсан, би 6,500,000 төгрөгийг авсан” гэх мэдүүлгийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд өгсөн байдаг. Гурав дахь буюу 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Цагдан хорих 461 дүгээр ангид өгсөн мэдүүлэгтээ “би 8,500,000 төгрөг авсан, бусад нь 5,500,000 төгрөгийг авсан” гэсэн. О.Баяраа 5,500,000 төгрөгөөс гадна 2,000,000 төгрөгийг авсан гэдэг мэдүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хэлж байсан байдаг. Нийлүүлж үзэхэд 27,000,000 төгрөг цүнхэнд нь байсан гэдэг нь харагддаг. Миний үйлчлүүлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хохирол нэхэмжилж байгаа. Гэмт хэргийн улмаас шууд учирсан 27,100,000 төгрөгийн үлдэгдэл болох 15,300,000 төгрөг, тухайн цүнхэнд байсан 145,000 төгрөгийн үнэлгээгээр тогтоогдсон эд зүйл, 50,000 төгрөгийг сейф янзлуулахад, өмгөөлөгчид 200,000 төгрөгийг төлсөн, олох ёстой байсан орлого 19,506,249 төгрөг гээд нийт 35,201,249 төгрөгийг хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүх шийдвэрлэх боломжтой байсан, үүнийг нэхэмжилж байна. Анхан шатны шүүх Д.Эаас 5,500,000 төгрөгийг гаргуулна бусдыг нь гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдсэн. Энэхүү шийдвэрт 145,000 төгрөгийг асуудлыг тусгаагүй.” гэв.

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ц.Мандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн зүйлчлэл анхнаасаа буруу явсан гэж үзэж байна. Яагаад гэвэл ноцтой хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтаар зүйлчилсэн. Энэ зүйл заалт нь эд хөрөнгийн эрхэд халдсан гэж байгаа. Эд хөрөнгийн эрх гэдэг хувьцаа, газар эзэмших, компаний эрх зэрэг зүйлүүдийг заасан байгаа. Үлэмж хэмжээний хохирол гэдэгт 10,000,000-50,000,000 төгрөгийг тодорхойлсон. Үүгээр зүйлчилбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр харагддаг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн баримтууд хавтаст хэрэгт байгаа. Д.Э нь энэ хэргийг гардаж хийгээгүй нь камерын бичлэг дэх үйл явц буюу “Ганзориг цүнхийг аваад ирж байхад нь урдаас нь тосож очиж уулзаад, бичлэгээс гарч буй” дүрс байдаг. Гардаж хийгээгүй машин дотор мөнгө байна авна гэж тохиролцсон зүйл байхгүй, зам гарахад нь тамхи авах гэж хоцорсон байдаг. Хавтаст хэрэгт зам хөндлөн ганцаараа гарч байгаа зураг нь байдаг. Ганзориг нь Д.Эад 5,500,000 төгрөгийг хэргийг нуун далдлах зорилгоор өгсөн гэж ойлгож байна. Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт оролцсон оролцоо нь гэмт хэргийг нуун далдалсан. Уг үйлдэл 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй Зөрчлийн хуулиар зохицуулагдаж байгаа. Хохирол төлөх тухай оролдлого хийсэн. Өөрөө орон гэргүй ял шийтгэл эдэлж байгаад гарсан. Олдсон туслах ажлыг хийж явдаг. Өмгөөллийн хөлс төлж чадахгүй төлбөрийн чадваргүй учир улсын өмгөөлөгчийн зүгээс туслалцаа үзүүлж байгаа.” гэв.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт өмгөөлөгч нарын ярьсан “СД”-ийн бичлэг 3 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудаст байгаа. Уг бичлэгт үзлэг хийсэн ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Тулгаа, Энхбаатар нарыг оролцуулсан байгаа. Тухайн үед “СД” байгаагүй. Хэрэг шүүхэд шилжиж ирэхэд “СД” хугарсан ашиглах боломжгүй байсан тул Эрүүгийн цагдаагийн газраас хуулбарлан авсан гэдэг тайлбарыг мөрдөн байцаагч тэмдэглэл болгон бичиж хавтаст хэрэгт хавсаргасан. Таньж олуулах ажиллагаагаар хохирогч С.Ө гэдэг хүний дүр төрхөөр нь таньж, үүнийгээ анхны мэдүүлгээрээ тодорхойлж хэлж байсан байдаг. Дуу хоолойны хувьд мөн сөөнг хоолойтой гэснийг хэлж байсан байдаг. Камерын бичлэгийн талаар өмгөөлөгч нар зөрүүтэй ойлголттой байна. Д.Э зам гарч ирээд, Б.Ганзоригтой ярьж тохиролцоод явж байгаа. Камерын бичлэгээс харахад Б.Ганзориг машиныг харж байгаад гүйгээд цагаан цүнх бариад Д.Этай хамт алхаад явдаг. Д.С.Ө автомашины ар талд байгаа нь дүрс бичлэгт байхгүй байна гэж хэлж байгаа боловч мэдүүлгүүдээр үйлдэл нь тохирч байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Д.Э, Б.Ганзориг нарын мэдүүлэг байдаг. С.Ө надаас түрүүлж очоод байж байсан. Машинд цүнх байна, энэ эмэгтэйг би буулгахаар цүнхийг нь авчих гэж хэлсэн их хэмжээний мөнгө байгааг мэдээгүй гэж Б.Ганзоригийн өгсөн мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд автомашиныг цохьсон хүн бол С.Ө байна гэдэг дүгнэлтэд хүрч байгаа. Таньж олуулах ажиллагааг зургаар хийгээгүй хохирогчийг өөрийг нь оролцуулан хийсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Э, С.Ө нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

1. Д.Э, С.Ө нар нь Б.Ганзоригтой бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Нарантуул” Олон Улсын Худалдааны төвийн урд байрлах “Сайн малчин” дэлгүүрийн гадна байрлуулсан О.Бгийн өмчлөлийн “Старекс” загварын, 89-82 УНЧ улсын дугаартай автомашинаас бэлнээр 27,100,000 төгрөг болон 145,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлж ноцтой хохирол учруулсан болох нь:

 

- хохирогч О.Бгийн “... 2014 оны 11 дүгээр сарын 16 цагийн үед Нарантуул захын урд талын төв хаалганы талдаа “Старекс” загварын, 89-82 УБЧ улсын дугаартай автомашинтай ертөнцийн зүгээр урагшаа Малчин компаний өөдөөс хараад зогссон. Манай нөхөр Нарантуул зах руу орсон ба би машин дотор жолоочийн хажуу талын суудал дээр суугаад үлдсэн... Нөхрийг явснаас 3-4 орчим минутын дараа машины ар талын багажны хаалгыг хүчтэй татаж, нүдээд байсан. Энэ үед 16 цаг 16 минутад над руу найз Амараа залгахаар нь утсаа аваад түүнтэй ярингаа машинаасаа буусан. Би утсаар ярингаа машины ард очоод машиныг нүдэж байгаа хүн дээр очоод “яасан бэ?” гэхэд тэр хүн “89-82 УБЧ гэсэн машинаас гэрийн цагаан бүрээс ирнэ гэсэн. Авах гэсэн юм” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд машиндаа ороод суусан. Тэр хүн зүүн тийш чиглээд алхах шиг болсон. Би машинаас эхлээд буухдаа машинаа цоожлоогүй, цүнхээ жолоочийн суудлын дунд тавьсан байсан. Ингээд буцаад машиндаа суухад жолоочийн хажууд тавьсан байсан цүнх байхгүй байсан... Миний машины ард зогсч байсан эрэгтэй хүн нь 165-170 см орчим өндөр нуруутай, бараан жижгэвтэр царайтай, бараандуу хувцастай... сул дуутай хүн биш байсан, нилээн чанга дуутай, дээрэнгүй хоолойтой хүн байсан... Цагаан цүнхтэй 27,100,000 төгрөг алдагдсан... Цүнхэн дотор байсан “ХААН” банк гэсэн бичигтэй саарал өнгийн гялгар уутан дотор байсан 27,100,000 гаруй төгрөг, улаан өнгийн хэтэвч, дотор нь миний иргэний үнэмлэх, 20,000-тын дэвсгэрт 3-4 ширхэг, 10,000-тын дэвсгэрт 1-2 ширхэг зэрэг эд зүйлс байсан...” /1-р хх-30-32, 33/,

- гэрч Д.Лхагвасүрэнгийн “... эхнэр Баянхошууны эцсийн “ХААН” банкнаас өөрийнхөө данснаас 27,000,000 төгрөг авсан. Энэ мөнгөөр бид хоёр хүмүүст өр ширээ дарах зорилготой байсан. Бид “Старекс” ачааны машинтай Нарантуул захын урд байдаг “Сайн малчин” дэлгүүрийн гадаа ирж зогсоод, би ганцаараа зах руу орсон... О.Б над руу залгаад “мөнгөө алдчихлаа” гэсэн. Би юу болсон талаар асуухад “машины арын багаажны хаалгыг нүдээд байхаар нь гайхаад буугаад очтол, нэг эрэгтэй хүн хөдөөнөөс гэрийн цагаан бүрээс явуулна гэсэн, энэ машин мөн үү гэж асуухаар нь манай эхнэр юу яриад байгаа юм, тийм юм байхгүй гэж хэлчихээд эргээд машиндаа суутал машины голын суудал дээр байсан цүнхтэй 27,000,000 гаран төгрөг нь алга болчихсон” гэж байсан...” /1-р хх-46-47/,

- гэрч Д.Чин-Оюуны “... “ХААН” банкнаас О.Б “26,000,000 төгрөг авлаа” гээд 2 саарал ууттай мөнгө гэрт оруулж ирээд, сэйф рүү хийгээд гарахдаа аваад, зах руу нөхөртэйгээ явсан. Орой нь над руу залгаад мөнгөө хулгайд алдчихлаа гээд утсаар ярьсан...” /1-р хх-34-35/,

- гэрч Б.Эрдэнэсувдын “... компьютер дээрх 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цаг 19 минутад Камер 04-д бичигдсэн... бичлэгээс улаан өнгийн куртиктэй хүнийг хараад танихгүй байна. Хар бараан хувцастай нь Асраа гээд Дорнод аймгийнх, Нарантуул захын хойд хаалган дээр архи уугаад яваад байдаг хүнтэй төстэй байна...” /1-р хх-41-42/,

- гэрч Э.Ариунболдын “... 2014 оны 11 дүгээр сарын 14-ний орой ажлаа тараад 84 дүгээр сургуулиас хүүхдээ авахаар явж байсан чинь Б.Ганзориг “уулзах хэрэгтэй байна” гэж залгасан... тэгээд цагаан өнгийн жижиг машинтай... Баяраа, Ганзориг... нар ирээд орой уулзана гээд явсан. Тэр цагаан өнгийн машин хар теньтэй, гадаа гэгээ тасарсан байсан учир өөр хүн машин дотор байсан, үгүйг мэдэхгүй... Ганзориг халааснаас 20,000 төгрөгийн дэвсгэртээр 2 боодол буюу 4,000,000 төгрөг гаргаж ирээд надад 2,000,000 төгрөгийг нь манай эхнэрт өгчих гээд надад өгсөн... Тэгээд дахин таксинд суугаад хорооллын Номин их дэлгүүрийн үүдэнд очоод буухад надад дахин 50 ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт буюу 1,000,000 төгрөг өгөхөөр нь би “танай эхнэр Нандинцэцэгт өгөх юм уу” гэсэн чинь “үгүй, 2,000,000 төгрөгийг нь өг, чи 1,000,000 төгрөгийг нь хадгалж бай, би маргааш авна” гэж хэлээд явсан. Тэгээд би Нандинцэцэгт 2,000,000 төгрөгийг нь өгсөн...” /1-р хх-51-52/,

- гэрч Б.Нандинцэцэгийн “... 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр манай нөхрийн найз Ариунболд утсаар дуудаад төрсөн өдрийн бэлэг өгнө гэсэн... Ариунболд 20,000 төгрөгийн боодол мөнгийг “тоолоод аваарай” гээд өгсөн...” /1-р хх-64-66/,

- гэрч Ц.Баяраагийн “... 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн үед нутгийн танил Ганзориг “зах дээр хүрээд ир” гэж утсаар ярьсан. Ганзориг захаас нилээн зүүн талд явж байсан... Тэгэнгүүт нь “машинд суучих” гээд бүгд машинд суугаад зүүн тийшээ явж байгаад Гачууртын тэнд хүн тавьдаг газар очоод Ганзориг ууттай мөнгө гаргаад ирэхээр нь “юун мөнгө юм” гэсэн чинь “олсон юм санаа зоволтгүй, би чамаас мөнгө зээлсэн, түүнийгээ 5,500,000 төгрөг болгоод өгье” гээд мөнгө тоолж өгөөд “одоо өр цайрсан шүү” гэж хэлээд машин дотор архи уусан... би нэг хүнтэй уулзах гээд яараад хот руу орж, ирээд 13-ын хавьцаа буугаад Асраа, Баясаа хоёр цуг яваад өгсөн...” /1-р хх-67-68, 161-162/ гэсэн мэдүүлгүүд,

- Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цэлмэг Алтай” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-99-101/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-13-20/,

- Таньж олуулах ажиллагаагаар автомашины ар талыг цохиж, хохирогчийг автомашинаас буулгасан хүн С.Ө мөн гэж хохирогч О.Б таньсан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-222-225/,

- Б.Ганзориг, Д.Э нарын мэдүүлгийн дагуу хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-96-98/,

- Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Ж.Батдэлгэрийн “Эрүүгийн 2014250007216 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад камерын анхны бичлэг СД-тэйгээ хугарч ашиглагдах боломжгүй болсон тул анхны бичлэгийг эрүүгийн цагдаа хуулбарлаж, архивласан байснаас 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газрын хуулбарлаж архивласан анхны бичлэгээс дахин хуулбарлаж СД-н дээр буулган үзлэг хийж эд мөрийн баримтаар тооцсон болохыг тэмдэглэл болгон бичлээ” гэх тэмдэглэл /6-р хх-159/,

- Төв аймгийн Заамар сумын засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/153 дугаар “Тус багийн иргэн Ойдов овогтой О.Б нь РД:И374050308-тай. Ам бүл 4. Цагаан булаг 1-9 тоотод оршин суудаг бөгөөд “Эрдэнийн ундарга” 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 2010-2014 оны 11 сарын 14 хүртэл үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байсан боловч 2014 оны 11 сарын 14-ний өдрөөс эхлэн амьжиргааны баталгаажих эд хөрөнгө болох бэлэн мөнгөө алдсны улмаас үйл ажиллагаа нь зогсч дэлгүүрийн бичиг баримт нь цуцлагдсаны улмаас амьжиргааны баталгаажих эх үүсвэр үгүй болсон нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт болон холбогдох баримт бичгүүд /5-р хх-49-67/,

- Эд зүйлсийн үнэлгээ /2-р хх-241/,

- Д.Э, Б.Ганзориг, С.Ө нарын сэжигтэн, яллагдагчаар татагдахдаа өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

2. С.Ө нь 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байрлах морь барианы газарт Н.Нарангаравын эзэмшлийн 53-55 ӨМӨ улсын дугаартай “Тоёото-Виш” загварын автомашинаас 458,300 үнэ бүхий эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

- хохирогч Н.Нарангаравын “... 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тэмээний баярт зориулж манай ээж морь барианы газарт гуанз ажиллуулсан юм. Тэгээд би өөрийнхөө хар өнгийн 53-55 ӨМӨ улсын дугаартай, “Тоёота виш” загварын машинтайгаа гэрийнх нь гадаа зогсоод, гэрт орж дээлээ тайлаад 5 орчим минут ээждээ тусалсан. Тэр хооронд гэрээс гараад машиндаа орж хувцасаа аваад эргэх гэхэд машинд байсан хар өнгийн хүрэм машины шалан дээр унаад тоос болсон байхаар нь гайхаад хянахаа харахад нэг хаалга нээлттэй байсан. Тэгэхээр нь хаалгаа шалгаад үзэхэд жолоочийн эсрэг талын хаалга нээлттэй байсан ба өмнө талын суудал дээр байсан миний хар цүнх байхгүй байсан. Тэгэхээр нь би машинаа цоожлоод гэрт ороод ах нараасаа цүнхээ сурахад мэдэхгүй, машинд байсан гэж хэлсэн. Тэр хооронд манай ах машинаас эд зүйл аваад цоожилсон гэж хэлж байсан... Миний цүнхэнд ногоон өнгийн арьсан материалтай хэтэвч, бор өнгийн гялгар материалтай гоо сайхны кошлок, албаны үнэмлэх, хэтэвчинд 380,000 төгрөг, иргэний үнэмлэх, Төрийн бакны виза карт зэрэг эд зүйлс байсан. Хохиролд нийт 430,000 төгрөг бэлнээр өгч хохирол барагдуулсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй...” /3-р хх-212-214/ гэх мэдүүлэг,

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-162-172/,

- С.Өын яллагдагчаар мэдүүлсэн “... нэг гэрийн гадаа суудлын жижиг хар автомашин зогсч байхаар нь очоод шилэнд нь хараад үсээ янзлаад байж байтал уг автомашин дотор урд талын суудал дээр нь жижиг хар цүнх харагдсан. Тэгэхээр нь би жолоочийн хажуу талын урд хаалга буюу зүүн урд талын хаалгыг нь татаад үзсэн чинь онгойсон. Тэгээд тэр цүнхийг авчихсан... цүнхийг онгойлгосон чинь ногоон өнгөтэй түрүүвч, дотор 210,000 төгрөг гарч ирсэн...” гэж үйлдсэн хэргээн хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож, тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан. Шүүхээс бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.

 

Анхан шатны шүүх, С.Ө, Д.Э нарыг бүлэглэн бусдын хөрөнгийг хулгайлж ноцтой хохирол учруулсан, С.Өыг бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Бгийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа зогсч санхүүгийн хувьд хүнд байдалд орсон болох нь хохирогчийн мэдүүлэг, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1/153 дугаар албан бичгээр гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдсон болно.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт “... хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан ... бол” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Энэ гэмт хэргийг/-ийн 2.3 дахь заалтад “ноцтой хохирол учруулж үйлдсэн бол...” гэж тус тус заасан хохирлын шинж чанар нь хулгайлсан зүйлийн хэмжээ, үнээр бус, хохирогчийн амьдралд уг зүйлийн гүйцэтгэж байсан эдийн засгийн ач холбогдлоор тодорхойлогдох учир “хулгайлах гэмт хэргийг ноцтой хохирол учруулж үйлдсэн”-ээр хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсноос гадна энэ хэрэгт шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэсэн хэмээн дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг шийдвэр гаргахдаа баримтлаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт зохих өөрчлөлт оруулах байдлаар нөхөн шийдвэрлэсэн болно. 

“... С.Ө нь Д.Э, Б.Ганзориг нартай бүлэглэн хохирогч О.Бгийн эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй, энэ талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, камерын бичлэг нотлох баримтын шаардлага хангахгүй, таньж олуулах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж явуулсан, гэрч Ц.Баяраагийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй” талаар шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарын, “... хулгайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй...” талаар Д.Эын гаргасан давж заалдах гомдлуудын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд,

Хохирогч О.Бгийн “... автомашины арын хаалгыг хүчтэй татаж, нүдээд байсан. Би утсаар ярингаа автомашинаасаа буугаад автомашиныг нүдэж байгаа хүн дээр очиход “89-82 УБЧ гэсэн машинаас гэрийн цагаан бүрээс ирнэ гэсэн, авах гэсэн юм” гэхээр нь би “үгүй” гэж хэлээд буцаад автомашиндаа суусан. Тэр хүн зүүн тийш чиглээд алхах шиг болсон. Ингээд буцаад суухад жолоочийн хажууд тавьсан байсан цүнх байхгүй байсан... миний машины ард зогсч байсан эрэгтэй хүн нь 165-170 см орчим өндөртэй, бараан жижгэвтэр царайтай, бараандуу хувцастай... сул дуутай хүн биш байсан, нилээн чанга дуутай, дээрэнгүй хоолойтой хүн байсан... ” /1-р хх-31, 32-33/ гэсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаагаар уг хүнийг С.Ө байсан гэж таньсан болохыг бэхжүүлсэн тэмдэглэл /2-р хх-223-225/ болон яллагдагч Б.Ганзоригийн “... С.Ө бид хоёр түрүүлээд алхаж байтал “Сайн малчин” дэлгүүрийн үүдэнд зогсч байсан цагаан өнгийн “Старекс” автомашиныг заагаад “би энэ машинд сууж байгаа хүүхнийг буулгана, чи цүнхийг нь авчих” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд... машинд сууж байсан эмэгтэй буухаар нь машины жолооч талын хаалгыг онгойлгоод хоёр суудлын голд байсан цагаан өнгийн эмэгтэй хүний цүнхийг аваад зүүн тийшээ явсан... С.Өыг асуусан чинь С.Ө замын эсрэг талаас ирж байсан...” /2-р хх-232-233/ гэсэн мэдүүлэг, яллагдагч Д.Эын “... С.Ө, Ганзориг хоёр зам гараад яваад өгсөн... араас нь алхаж байтал Ганзориг гартаа цүнх барьчихсан, С.Ө араас ирж байгаа гэсэн... тэгээд зогсч байтал С.Ө ирээд бид гурав автобусны буудлын хажуу талын буланд цүнхийг үзэхэд их хэмжээний мөнгө байсан...” /2-р хх-236-237/ гэсэн мэдүүлэг, “... Хэргийн газарт С.Ө, Ганзориг бид гурав байсан. С.Ө хохирогчийг автомашинаас нь буулгасан. Энэ нь камерын бичлэгт ороогүй байна...” /3-р хх-134/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар С.Ө нь автомашины арын хаалгыг нүдэж, “уг автомашинаас гэрийн бүрээс авах ёстой” гэж хуурч хохирогч О.Бг автомашинаас нь буулган анхаарлыг нь сарниулах үед Б.Ганзориг автомашины урд хэсэгт байсан бэлэн мөнгө бүхий цүнхийг хулгайлсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогджээ

Мөн яллагдагч нарын мэдүүлэг болон Б.Ганзориг хохирогчийн цүнхийг хулгайлан ертөнцийн зүгээр зүүн тийш явж байхад нь Д.Э өмнөөс нь тосон очиж байгаа байдлыг бэхжүүлсэн камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд Д.Э нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр Б.Ганзориг, С.Ө нартай санаа зорилгоор нэгдэж, хамтран оролцсон байна.

“Цэлмэг алтай” дэлгүүрийн гаднах хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж авсан диск гэмтэж ашиглах боломжгүй болсон тул бичлэгийг дахин дискэнд хуулбарлаж хэрэгт хавсаргасан тухай мөрдөн байцаагч тэмдэглэл үйлдсэн /6-р хх-159/, бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож, хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан дахин үзлэг хийн бэхжүүлсэн /3-р хх-99-101/ зэрэг нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчөөгүй байх тул уг эд мөрийн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Мөрдөн байцаалтын шатанд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан, нэр бүхий 4 хүнийг биеэр оролцуулан, хохирогч О.Бд мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгөхөд хүлээлгэх хариуцлагыг сануулж, таньж олуулах ажиллагаа явуулсан нь тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 151 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахдаа “... С.Өтай гаднах байдлаараа адил төстэй хүмүүсийг оролцуулаагүй...” гэсэн үндэслэлийг заасан байх боловч уг ажиллагаанд оролцуулсан хүмүүсээс хэнийг хэлсэн нь тодорхой бус байгааг дурьдах нь зүйтэй.

 

Гэрч Ц.Баяраагийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэний дараа шүүгдэгч нартай уулзсан хүн учраас түүний мэдүүлэг шүүгдэгч С.Өын гэм бурууг нотолсон баримтуудыг няцаан үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч О.Бгийн хохирол төлбөрийн талаар гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой байна.

Тухайлбал: хохирогч О.Бд учирсан нийт 27,245,000 төгрөгийн бодит хохирлоос гэрч Ц.Баяраагийн төлсөн 4,500,000 төгрөгийг хасч, үлдсэн 22,745,000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тэнцүү хуваахад, шүүгдэгч С.Ө, Д.Э нар тус бүр 7,581,666.66 төгрөг төлөхөөр байна. Үүнээс С.Өын төлөх төлбөрөөс мөрдөн байцаалтын шатанд хохирогчид төлсөн 5,500,000 төгрөгийг хасч тооцлоо.

Хохирогч О.Бгийн гэмт хэргийн улмаас дэлгүүрийн үйл ажиллагаа зогсч олох ёстой байсан орлогод 19,506,249 төгрөг, сейфний цоож эвдэж онгойлгосон зардал 50,000 төгрөг нэхэмжилсэн боловч холбогдох баримтгүй. Түүнчлэн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 200,000 төгрөг нь гэрээний харилцаанаас үүдэн гарсан төлбөр бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй учир эдгээр зардлыг холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх нь зүйтэй.

            Яллагдагч Б.Ганзориг нь Монгол Улсын хилээр гарч явсан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 201725012098 дугаар Прокурорын тогтоолоор /7-р хх-149/ тусгаарлан шалгаж байгаа учир хохирогч О.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэх хэсэг нь Б.Ганзоригийн гэм бурууг шүүхээр хэлэлцэх үед шийдвэрлэгдэнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл, хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр хүндрүүлэн тогтоосны зэрэгцээ Эрүүгийн хуулиас давтан гэмт хэргийн тухай ойлголтыг халсан юм.

Эрүүгийн хуулиас халсан зохицуулалтын үйлчлэл хууль буцаан хэрэглэхэд сэргэх, үйлчлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Гэтэл анхан шатны шүүхээс С.Өын “хохирогч Н.Нарангаравын хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилбэл давтан гэмт хэрэг болно” гэж дүгнэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар шийдвэрлэсэн нь оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг зөрчсөн шийдвэр байна.  

Мөн С.Ө, Д.Э нарын бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа, тухайн хуулийг хэрэглээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимд нийцэхгүй.

Иймд С.Өын үйлдсэн “Н.Нарангаравын эд хөрөнгийг хулгайлсан” гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсгээр зүйлчилж, хөнгөн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ө, Д.Э нарт оногдуулсан ялаас тус бүр 2 жил хорих ялыг хасч шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Э нь өнөөдрийг хүртэл нийт 523 хоног цагдан хоригдсон тул шүүхээс оногдуулсан хорих ялыг бүрэн эдэлж дууссан үндэслэлээр түүнийг нэн даруй суллах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            А. “Прокуророос С.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, уг хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтыг баримтлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай” гэсэн,

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Ө, Д.Э нарт оногдуулсан хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, шүүгдэгч С.Өын биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар, шүүгдэгч Д.Эын биечлэн эдлэх ялыг 1 жил хорих ялаар тус тус тогтоосугай” гэсэн нэмэлт заалтууд оруулсугай.

Б. Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас С.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулсан хэсгийг, ял нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоосон 3 дахь заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосугай.

Г. Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч С.Ө, Д.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын дагуу тус бүр 3 жил хорих ял оногдуулсугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ө, Д.Э нарт оногдуулсан хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж,

10 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Өаас 2,081,666 төгрөг, Д.Эаас 7,581,666.66 төгрөг тус тус гаргуулж хохирогч О.Бд олгож, хохирогч өөрт учирсан бусад хохирлоо жич нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа, шүүгдэгч Д.Э, хохирогч О.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Д.Э өнөөдрийг хүртэл нийт 1 жил, 5 сар, 8 хоног цагдан хоригдсоныг дурьдаж, түүнийг ял эдэлж дууссан үндэслэлээр нэн даруй суллаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН