Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 58

 

                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Ө-нд холбогдох эрүүгийн 19220032000068 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И овогт С.Ө

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч С.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д аймгийн Г сумын ..... дугаар баг .......... тоотод иргэн Д.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн мал байдаг айлруугаа яваад эргэж ирээд О найзындаа очсон тэгээд О, О, Г болон өөр нэг зүс таних залуутай хамт 2 шил архи уусан. Би Г-ын аавтай найз байсан талаар ярихад чам шиг гуйлгачин, архичин миний аавыг дурсах болоогүй гээд надруу дайрахаар нь би хариуд нь “би чамаас юу гуйсан юм бэ” та гурав бол Дэнжийн гурван архичин гуйлгачин биз дээ гэж хэлээд бид маргалдсан. Би нүүрлүү нь нэг удаа алгадаж, хоёр удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Удаа дараа гэмт хэрэг үйлдэж бусдыг хохироож мөн ар гэрийнхнээ бусдын өмнө хүнд байдалд оруулж байгаадаа гэмшиж байна гэв.

 

Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2020 оны 11 дүгээр сарын 14-ний орой 20 цагийн орчим ............... сумын төвд О, О нарын гэрт Ш /хоч нь/ гэх хүнтэй хамт ирээд байж байтал С.Ө гаднаас орж ирээд архи хувааж уусан юм. Архи уугаад сууж байхдаа С.Ө надад хандаж “Довдон өвгөнтэй хамт архи ууж байсан юм” гээд ярихаар нь би С.Ө-нд хандаж “Чи үхсэн хүний нэрийг битгий өндөлзүүл” гэж хэлсэн чинь С.Ө босч ирээд намайг заамдаад авсан түүнээс хойш би юу ч санахгүй байна, гэнэт ухаан орсон чинь эмнэлэгт ирчихсэн байсан. Эмч нар миний уруул болон баруун нүдний хажуу талд оёдол тавьж байна гэж хэлсэн.“  гэх мэдүүлэг /хх-ийн 14-рт/

 

Гэрч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэрийн гадаа Б, Г нартай ярилцаад байж байтал гэрээс Ө гарч ирээд Г дайраад агсам тавиад байсан тэгэхэд Г юу ч дуугарахгүй чимээгүй байсан, би та 2 одоо боль, харьж амар гээд Б-тай хамт дэлгүүр явсан. 30 орчим минут болоод буцаад О-ынд ирсэн чинь Г гэрийн гадаа газар хэвтэж байсан. Д.Г уруул ам нь язарчихсан толгой нь хавдчихсан байсан. С.Ө намайг зодчихлоо гэж Г надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт/

 

Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний орой 21 цаг орчим гэртээ байж байхад манай хажуу талын хашаанд хүмүүс маргалдаад байх шиг байсан Г, С.Ө нар маргалдаад байж байсан ба Ө, Г хашгираад дайраад байсан... О-тэй хамт Г-ыг босгоод харсан чинь нүүр нь цус болчихсон байсан би гэртээ О-ийн хамт Г-ыг оруулаад цусыг нь цэвэрлэж угаасан боловч цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэг рүү авч явсан. Г-ын толгой хавдчихсан, уруул нь язарчихсан цус их гарч байсан. Г, Ө намайг зодчихлоо гэж байсан.” гэх мэдүүлэг /х-ийн 18-19-рт/

Гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г, Ө, О бид гурвыг дэнжийн архичин, гуйлгачин гээд хашхираад байсан. Ө уурлаад Г-ын хамарруу баруун гараараа алгадсан чинь цус гараад Г, Ө-нг зөрүүлээд толгойруу нь цохисон. Ө, Г нь тухайн өдөр сумын эмнэлэгт хүргэгдэж уруулдаа 9-н оёдол баруун нүдний орчимд 4 оёдол тавиулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-рт/

 

  • Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 155 дугаартай шинжилгээний дүгнэлтэд:

 

  1. Урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13976 тоот, нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлэгийн 24 тоот шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
  2. Д.Г-ын биед тархи доргилт, дух, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний салстад цус хуралт, баруун нүдний зовхинд няцарсан шарх, цус хуралт, үүдэн  зүүн доод 2 дугаар шүдний сулрал, уруулд няцарсан шарх, баруун шанаа, эрүү, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
  4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 37-43-рт/
  • Гэмтэл согог Үндэсний төвийн рентген зураг гэх баримт /хх-ийн 12-14-рт/
  • Лазер мед эмнэлэгийн компьютерт томографикийн шинжилгээ хийсэн тухай баримт /хх-ийн 86-77-рт/
  • Сумын эмнэлэгийн тодорхойлолт /хх-ийн 93-рт/
  • “Мөнгөн гүүр” эмнэлэгийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, өвчний түүхийн баримтууд /хх-ийн 95-111-рт/ гэх зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч С.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д аймгийн Г сумын .... дугаар баг ...... тоотод иргэн Д.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Г “ ...  хэрэгт баримтаар 1,740,000 төгрөгийн баримт өгсөн ба С.Ө нь уг мөнгийг төлж барагдуулсан иймд одоо гомдол саналгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй /хх-ийн 145-рт/ гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  С.Ө-д Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураасан болон битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч И овогт С. Ө-нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ө-нг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Ө-нд оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч        С.Ө-нд шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

  1. Шүүгдэгч С.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ө-нд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ