Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Ц

Улсын  яллагч Г.Х

Хохирогч Э.М

Хохирогчийн өмгөөлөгч Д.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О холбогдох 2022000340071 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Ж овгийн Ц-ийн О гэв.

Шүүгдэгч Ц.О нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ ...2020.01.11-нээс 12-ны шилжих шөнө Г сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэр, “М” гэх газраас иргэн Э.М-ны 12 тооны бог малыг тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсаны улмаас бусдад 1.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй, асуултанд хариулна” гэв.

- Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020.01.11-нээс 12-ны шилжих шөнө 12 тооны ямаа алдсан... Гэрээс маань 2 км орчим зайтай хороонд аваачиж тээврийн хэрэгсэлд ачсан мөр үлдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан... О гэх хүн нь манай саахалтын хүн, бид садан төрлийн хамааралгүй... Би О-аас 2.902.800 төгрөг нэхэмжилж байгаа үүнээс 1.920.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо өнөөдрийн унааны зардалтай нийлээд 1.014.800 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлоо барагдуулчихвал өөр гомдол саналгүй гэв.

2. Яллагдагч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...би 2020 оны 1 дүгээр сард Гурвансайхан сумын очоод харанхуй болж байхад сумаас зүүн тийш ойрхон байдаг М гэх айлд очсон. Тэднийд хүн байгаагүй, гэрийнх нь хойно мал нь хашаатай байхаар нь 10 эр ямаа гаргаж зүүн урд байх чулуун хороонд аваачиж хашаад Б-ныг айлд үлдээсэн 10 ямаагаа ачиж явах гэсэн юм гээд утсаар ярьж дуудсан. Б миний портер машиныг жолоодоод ирсэн. 10 ямаагаа амьдаар нь ачаад Чойрт очоод Б-д 1 ямаа өгч 9 ямааг зараад ир гээд явуулсан... ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх...”  гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/

3. Хохирогч Э.М-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020.01.11-ний өдөр эхнэртэйгээ өөрийн бог малаа хашиж орхиод 21 цагийн орчим сумын төв орж хоночихоод маргааш өглөө 08 цаг орчим эргээд хөдөө гэртээ ирсэн. Манай хорооноос мал гаргаад туугаад явсан мөр байсан учраас эхнэртэйгээ хамт тоолоод үзэхэд 1080 мал байсан. Тэгээд 12 тооны ямаа дутсаныг мэдсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгч дуудсан... Би Ц.О, Э.Б нарыг танина, надад тэдэнд өгөх өр авлага байхгүй.. Би гомдолтой байна, хулгайд алдсан 12 ямаагаа төлүүлнэ  ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

4. Гэрч Э.Б-ны: “...Би Говьсүмбэр аймгийн төвд оршин суудаг юм. Гэтэл манай үеэл дүү Ц.О 2020 оны 01 сарын 11-нд утсаар залгаад миний ачааны машиныг Говьсүмбэр аймгийн автозасвараас аваад ирээч. Гурвансайханд айлын малд манайхаас 10 ямаа үлдсэн байна, түүнийг авч явах ажил байна гэсэн. Намайг Гурвансайхан суманд ирэхэд 23 цаг орчим болж байсан, хашаанд 10 эр ямаа хашаатай байсан. Ямааг машин дээрээ ачаад шууд Говьсүмбэр аймагруу гарсан,  өглөө 7 цаг орчимд ирээд манай гадаа очиж зогсоод 1 ямааг хүнсэндээ хэрэглээрэй гэж манайд өгсөн. Харин үлдсэн ямааг намайг зараад өгөөч гэхээр нь би ченж Т-д өгөөд 940000 төгрөг болсон... Би О-аас 460.000 төгрөгийн авлагатай байсан учраас тэрийгээ аваад үлдэгдэл 480000 төгрөгийг О-ын дансанд хийсэн...О надад 10 ямааг манай мал байгаа юм гэж хэлсэн, би хулгайных гэж мэдээгүй. О удаан ярьвал асуудалгүй бусадтай ойлголцож чаддаг ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32/ 

5. Гэрч Г.Т-ийн: “...2020.01.12-ны өдөр Б гэх хүн надруу ............... дугаараас залгаад ямаа авах уу гэрийн чинь гадаа ирчихлээ гэж миний утасруу залгасан. Тэгээд би 2 ямааг тус бүр 120000 төгрөгөөр тооцож үлдсэн ямааг 100000 төгрөгөөр тооцож 940000 төгрөг Б гэх хүний ................ гэх дансруу “ямаа” гэсэн утгатай мөнгө шилжүүлсэн... Би хулгайн мал гэж мэдээгүй, тэр хүн цаашаа өөр нэг хүнтэй утсаар яриад ямааг чинь 940000 төгрөгөөр өгчих юмуу гээд ярьж байсан.... Ногоон цэнхэр өнгөтэй пронтер маркийн машин байсан. Улсын дугаарыг санахгүй байна,  ........сертэй байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 36/

6. Гэрч Ц.Ц-ийн: “...би 2020.01.12-ны өглөө 9 цагийн үед хөдөө гэртээ очиход хашаатай байсан малаас 12 тооны ямаа гаргаад туугаад явсан мөр байсан, зүс болон тоогоор 12  ямаа дутаж байгаа... 2 км орчим туусан мөр байсан, тэр хугацаанд 2-ыг нь алдсан байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10/

8. Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2020.01.20-ны өдрийн №01 дугаартай акт /хх-ийн 51-52/

9. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн 2020.02.20-ны өдрийн 217 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 61-63/

10. Яллагдагч Ц.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа  /хх-ийн 69/

11. Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-74-49/

12. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон  шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.О нь 2020.01.11-ээс 12-нд шилжих шөнө Гурвансайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, “М” гэх газраас иргэн Э.М-ы 12 тооны бог мал /ямаа/-г тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж, Говьсүмбэр аймгийн төвд аваачин зарж, борлуулсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.О-н дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.   

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн  17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр, мөн зүйлийн  тайлбар хэсэгт 8 богоос дээш тооны малыг олон тооны малд оруулан тооцохоор  заасан байна. Гэвч энэхүү заалт нь  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай  2020 оны 01 сарын 16-ны өдрийн  хуулиар өөрчлөгдөн нэмэгджээ. Шүүгдэгч Ц.О-ыг гэмт хэрэг үйлдэх үед буюу 2020 оны 01 сарын 12-нд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн тайлбар хэсэгт олон тооны мал гэдгийг “хорин дөрвөн бог, найман бодоос  дээш малыг ойлгоно ” гэж заасан бөгөөд мөн зүйлд мал хулгайлах гэмт хэргийг машин, механизм ашиглан үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилаагүй байсан байна.

Эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О-ыг бусдын 12 тооны бог мал /ямаа/-г тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.О нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасан үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

 Иймд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын дагуу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

Мөн прокурорын саналд заасны дагуу шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар “оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.920.000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч Э.М нь шүүгдэгчээс 1920.000 төгрөг хүлээн авсан, одоо  1.014.800 төгрөгийг нэхэмжилнэ гэснийг судалж үзээд шүүгдэгч Ц.О-аас 202800 /хоёр зуун хоёр мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, хохирогч Э.М-ны нэхэмжлэлээс 192000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 620000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Учир нь: Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 620.000 төгрөгийн нэхэмжлэлд өмгөөлөгчийн  хөлс 500.000 төгрөг, ямааны үнэлгээний зөрүү 120.000 төгрөг  хамаарч байгаа болно.  Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч  авах эрхтэй  бөгөөд энэ  эрхээ эдэлж өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа төлсөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй юм. Мөн хохирогч нь ямааны үнэлгээний зөрүү 120.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор шинжээч томилж үнэлгээ гаргуулсан бөгөөд Гурвансайхан сумын үнэлгээний комиссын 2020 оны 1 сарын 20-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтээр  ямаа нэг тус бүрийг 160.000 төгрөгөөр буюу 12 ямааг нийт 1.920.000 төгрөгөөр үнэлсэн болох нь хэргийн 52-р авагдсан байх тул ямааны үнэлгээний зөрөө гэх 120.000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал 500.000 төгрөг буюу нийт 620.000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хохирогчоос ирүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан гэх зардлын баримтуудыг судалж үзээд хэргийн 135, 136, 138, 140-рт авагдсан нийт 202800  төгрөгийн зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан болох нь нотлогдсон тул шүүгдэгчээс гаргуулах, бусад 192000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарсан гэдэг нь нотлогдохгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

Хохирогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад танилцуулсан хохирлын үнэлгээ солигдсон гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэлээ. Мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт сольсон гэх гомдлоо хохирогч Э.М нь Цагдаагийн байгууллагад гаргаж, шалгуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.О нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн “KIA FRONTIER” маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслийг прокурорын 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор хураасан байна.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан KIA FRONTIER” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасан байх тул хураан авсан KIA FRONTIER” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, уг орлогоос шүүгдэгч Ц.О-с гаргуулахаар шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 202800 /хоёр зуун хоёр мянга найман зуун/ төгрөгийг хохирогчид олгож, үлдсэн хэсгийг нь улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ж овгийн Ц-ийн О-г тээврийн хэрэгсэл ашиглан бусдын 12 /арван хоёр/ тооны бог малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Ерөнхий ангийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-д 2015 оны Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.О-д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас хохирогчид 1920000 /Нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас 202800 /хоёр зуун хоёр мянга найман зуун/ төгрөгийг гаргуулан хохирогч Э.М-д олгож, хохирогч Э.М-ны нэхэмжлэлээс 192000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 620000 /зургаан зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.М нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.О-с нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан .......... улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлогод шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын орлогод шилжүүлсэн ............... улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, уг орлогоос хохирогч Э.М-д 202800 /хоёр зуун хоёр мянга найман зуун/ төгрөгийг олгож, үлдсэн хэсгийг улсын орлого болгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХБАТ