Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 76

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Ж

Улсын  яллагч М.О

Хохирогч Ч.Ж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ч

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох 2022001650094 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Б овгийн Б.Э гэв.

Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ ...2020.05.22-ны өдөр  Д аймгийн Э сумын ............. дугаар баг “А” гэх газраас иргэн Ч.Ж-ны 2 тооны хонь хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах  нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2020.05.22-ны өдөр өглөө эхнэр төрөх гээд Д аймагруу шууданд сулгаж явуулсан, орой нь 20 цагийн үед явган хонио хараад явж байтал хэсэг тасарсан айлын хонь байхаар нь тууж очиж хашиж байгаад 2 хонийг нь бариад гэртээ авч очоод муулсан бусдыг нь гаргаад явуулсан... тухайн үед Ж-ы хонь гэж мэдээгүй... тухай 2 хонийг жирэмсэн эхнэртээ шөл хийж өгөх гэж авсан... 2 эр хонь авсан... манайх эр хоньгүй... арьс ширийг нь гэрээсээ холдуулж хаясан” гэв.

2. Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх 2020.05.22-ны өдөр 200 гаран хонио таслаад алдчихсан юм гэтэл маргааш нь 100 гаран хонь олсон 60 гаран хонь дутсан гэртээ ирээд байж байтал 19 цагын үед Б гэх хүн надруу залгаад танай имтэй 2 толгой арьстайгаа байна  гэсэн шууд хүрээд очитол манай имтэй хоньны толгой байсан... 2 малын 600000 төгрөгийн хохиролыг барагдуулсан тухайн үед манайхаас 60 орчим мал алга болсон олдохгүй байгаа учраас гомдолтой байна Б.Э  үймүүлж бутраасан асуудлаас болж алга болсон гэж бодож байна. Мөн мал хайх зардал 300000 төгрөгийн шатхуун авсан надад гаргаж өгөх баримт байхгүй байна. 60 орчим малыг бол Б.Э төлнө гэсэн одоо 50%-тай төлж байгаа.

3. Гэрч Б.Ж-ын “...Би 2020.05.23-ний өглөө манай хоньны зарим хэсэг нь хөдөө хээр хоносон. Би хонио харах гээд хойд овоон дээр гарчаад хонио эргүүлээд харих замд Д овооны арын бууцны баруун талд замын хойно шувуу суугаад эргэлдээд байсан.Би үхсэн мал байгаан болуу гэж бодоод хүрээд очсон чинь “бор халзан, шар толгойтой хоёр хоньны толгой, арьс байсан би имийг нь харахад танихгүй айлын хоёр хонины толгой арьс байсан. Би тэгээд гэрлүү харисан. Тэгээд орой хонио цуглуулах гээд явж байгаад Д Овооны бууцан дээр Б-тай таарсан. Би Б баруунтаа замын хойно хоёр толгой, хоёр арьс хаячихсан байна гэж Б хэлсэн. Тэгсэн Б, Ж-ы хонь байж мэднэ гэж хэлж байсан. Бид хоёр очиж үзсэн Тэгсэн Б энэ хоёр хонь Ж-ны хонь мөн байна гэж хэлсэн. Бид хоёр тэгээд гэр гэрлүүгээ явсан... Тэгээд гэртэй байж байтал Ж ирсэн. Би Ж-ныг дагуулаад толгой арьсан дээр очсон. Тэгсэн Ж манай хонь мөн байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/ 

4. Гэрч Ц.Б-ын: “...Би 2020.05.23-ний өглөө Ж-ы хонь манай хоньтой нийлээд манай надаа хэвтэж байсан. Би Ж-руу залгаад хонь чинь манай гадаа байна гэж хэлсэн,Тэгсэн хүрээд ирээд хонио ялгаж аваад явсан. Би хониндоо явж байгаад Д арийн бууцанд дээр Ж-тай таараад баруун замын хойно 2 малын толгой, арьс гэдэс хаясан байна 2-лаа очиж үзий Ж-ных байж магадгүй гээд очсон. Тэгээд хүрээд очсон чинь Ж-ны имтэй бор халзан. шар толгойтой хоёр хонины толгой арьс байсан Тэгээд Ж бид хоёр гэр гэрлүугээ явсан. Гэртэй очоод Ж-руу утсаар залгаад хэлсэн” гэх мэдүүлэг / хх-ийн 21/

5. Гэрч Б.С-гийн: “....Би 2020.05.22-ний өдөр 5 дахь өдрийн шуудангаар аймаг явсан. Э намайг өглөө шууданд хүргэж өгсөн... Надад Э утсаар гэрлүү харих замдаа хажуу айл болох Б гэх хүнээс шөлний хонь гуйсан гэж байсан. Тэгсэн тэр айл байхгүй гэж хэлсэн гэж надад хэлсэн.Э намайг явсаны орой айлын хонь явж байхаар нь 2 хонь хийсэн талаар утсаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

6. Гэрч Н.О-ийн “....Би 2020.05.24-ний гэртзй байж байсан чинь орой 20 цагийн үед Э надруу утсаар яриад эхнэртэй шөлний мах өгч явуулая гээд ярисан. Би аймаг явах ажилтай байсан юм. Тэгээд гэртэй байсан чинь Э хүрээд ирсэн. Э эхнэртэй нэг гуя, нэг ха хоёр өгчөөд хоёр хүүхэд орхичихсон гэж хэлээд яваад өгсөн.Би маргааш нь шуудангаар аймаг орсон. Э-ын төрсөн дүү Э шуудангаас мах тосож авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7/

8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-11/

9. Эрдэнэдалай сумын үнэлгээний комиссын 2020.05.28-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 27/

10. Яллагдагч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа  /хх-ийн 46/

11. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2020.05.22-ны өдөр  Д аймгийн Э сумын ............дугаар баг “А” гэх газраас иргэн Ч.Ж-ны 2 тооны хонь хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Э-ын дээрхи үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э нь иргэн Ч.Ж-ны 2 тооны хонь хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-рт Эрүүгийн хуулийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д зааснаар “оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 600000 төгрөг төлсөн  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар зүйлд зааснаар прокурорын 2020.06.11-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор хураан авсан .............. улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл, 02284131 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-т буцаан олгох нь зүйтэй гэж үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Б.Э-ыг бусдын 2 /хоёр/ тооны эр хонийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Э-т тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас хохирогчид 600000 /Зургаан зуун мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар зүйлд зааснаар прокурорын 2020.06.11-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор хураан авсан ..................... улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл, 02284131 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-т буцаан олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.МӨНХБАТ