Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 363

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, Халгайтын 5-5 тоотод оршин суух Тайж овгийн Цэдэв-Ишийн Алтанхуягт холбогдох зээл, зээлийн хүү 5380499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн дарга Б.Лхагвамандал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2011 оны 134-р тогтоолын 1-р хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу 2012 оны 10 сарын 22-ны өдрийн Орон тооны бус зөвлөлийн №01 хуралдаанаар 7-р багийн иргэн Цэдэв-Ишийн Алтанхуягт “Модон эдлэлийн үйлвэрлэл”-ийн зориулалтаар 5 сая төгрөгийг олгосон. Ц.Алтанхуяг нь 2015 оны 06 сараас хойш эргэн төлөлт хийгээгүй явсаар зээлийн хугацаа гэрээний дагуу 2015 оны 10 сарын 23-нд эргэн төлөлтийн хугацаа дууссан. 2016 оны 09 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3419779 төгрөг, зээлийн хүү 167220 төгрөг, алданги 1793500 төгрөг, нийт 5380499 төгрөг байна. Иймд зээлийн төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, алданги, нийт 5380499  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн дарга О.Буянбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ:Тус сумын 7-р багийн иргэн Цэдэв-Иш овогтой Алтанхуягийн Сум хөгжүүлэх сангаас зээл авч хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй талаар хэрэгтэй танилцсан. Засгийн газрын 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 153 тоот тогтоолын 3.3.1, 3.3.2-д заасны дагуу шинээр байгуулагдах Сум хөгжүүлэх сангийн зөвлөлөөр энэ асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болоод байна. Иймд Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн Ц.Алтанхуягт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан” нь Ц.Алтанхуягт холбогдуулан зээл, зээлийн хүү 5380499 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын 2016 оны 12 сарын 14-ний өдрийн 128 дугаар албан бичгээр тус шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, Ц.Алтанхуягт холбогдох зээл, зээлийн хүү 5380499  /таван сая гурван зуун наян мянга дөрвөн зуун ерэн есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.УРАНЧИМЭГ