| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0077/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2020-07-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Батцэцэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Ж
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г холбогдох эрүүгийн 2022000000093 тоот хэргийг 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Т овгийн Э. Г
Шүүгдэгч Э.Г нь /яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2020.05.25-ны өдөр Д аймгийн Д сумын ........... дүгээр баг “Ү” гэх газарт Ж.Д-ын биед халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2020.05.25-ны өдөр хавар уруудсан адуугаа авах гэж “Ү” гэх газар аав, ээж дээрээ ирсэн. Тэр үед ээж олгой ургачихсан, аав ганцаараа байсан. Ж.Д-ыг жоохон зайтай буучих гэж хэлсэн болохоос зодъё гэж бодоогүй очоод мэндэлсэн чинь намайг эхлээд мөргөж, 1 удаа цохисон. Би нүүрэнд нь 2-3 цохиод, 2 удаа бөгсөн дундуур нь өшиглөсөн... Би хүний биед хохирол учруулсандаа гэмшиж байна, миний буруу... Хохирол төлбөрт 1800000 төгрөг төлсөн...” гэв.
2. Яллагдагч Э.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ж.Д манай аавын хонийг булагын дэрснээс хөөгөөд өөрийнхөө хонийг оруулсан байсан. Тэгэхээр нь би хонийг нь дэрснээс гаргах гээд хөөтөл Ж.Д ирээд мод бариад буугаад ирсэн. Тэгээд бид заамдалцаад би Д-ыг 2 удаа мөргөсөн, 2-3 удаа нүүрлүү нь цохисон, тэгээд аавынд очоод бөгсрүү нь 2-3 өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
3.Хохирогч Ж.Д-ын “...Би 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 18 цагийн орчим гэртээ байж байхад манай хонийг цэнхэр өнгийн портер машин хөөгөөд байхаар нь би гэрээсээ гараад хонин дээрээ очоод урд талаар нь ороод эргүүлээд байж байтал нөгөө хонь хөөж байсан машин давхиад ирсэн. Тэгээд Г машинаасаа буугаад ирсэн, тэгэхээр нь мотоциклиосоо буугаад очтол Г намайг шууд заамдаж авсан. Тэгээд намайг боогоод би муужраад газар унасан. Тэгсэн Г намайг татаж ирээд нүүрэнд мөргөсөн. Тэгээд миний дээр суугаад миний толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгээд би Г-ыг өөрөөсөө жоохон түлхэж холдуулаад чи намайг яаж байгаа юм бэ, миний нүд харахгүй байна гэсэн чинь хуц, пизда минь гээд цохиж өшиглөөд байсан. Тэгээд би танай аав чинь өнгөрдөг намар манай үхрийг хөөгөөд явж байсан гэж хэлсэн чинь тэгвэл аавтай очиж уулзана гээд Г миний мотоциклийн унаад намайг сундлаад аав Э гэх айл руу явсан. Араас Х.А машинтай явсан. Тэгээд намайг аав Э-гийндээ авч ирсэн. Тэгээд Г ааваасаа та айлын үхэр хөөгөөд явж байсан юм уу гэж асуугаад намайг орны хажууд сууж байхад миний толгой, нүүр хэсэгт цохиод бөгс, ахар сүүлний хавьд 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Г намайг алаад булчихна шүү гээд байсан. Тэгээд миний хамар, амнаас цус их гарсан. Тэгсэн Э.Г намайг чи одоо яв пизда минь гэсэн. Тэгэхээр нь би миний нүд юм харахгүй байна, хүргээд өгчих гэсэн чинь өөрөө яв гээд миний мотоциклийг хойшоо харуулж өгсөн. Тэгээд би мотоциклио унаад 1-р араандаа хийгээд зөөлөн явж байгаад С.Э-ийн хойд дээр гарч зогсоод нүд юм харахгүй байхаар нь нүдээ хүчээр нээгээд ойр орчноо харж байгаад гэр лүүгээ зөөлөн яваад харьсан. Би гомдолтой байна. Хохирлоо Э.Г-аас нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6-р хуудас/
4. Гэрч С.Э-ийн “...Манайд ирсний дараа манай хүү Г нь манай аав хулгай хийчихээр харагдаад байна уу гээд Ж.Д-ыг толгой, нүүр хэсэгт нь цохиж аваад бөгс рүү өшиглөсөн. Ж.Д манайд ирэхэд нүүр нь нилээд хавдсан бас нүд нь хавдсан байсан...’’ гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
5. Гэрч Х.А-ны ‘’... Би 2020 оны 05 сарын 25-ны өдөр Э.Г-тай хамт Төв аймгийн Алтанбулаг сумаас нутаг руугаа гүйсэн адуугаа авах гэж ирсэн. Дэлгэрцогт сумаас баруун хойш ............. гэх газар адуу байсан. Адуугаа үзчихээд явж байхад Ү булагийн дэрсэнд Ж.Д-ын хонь байсан. Тэгэхээр нь хонийг нь Э.Г бид хоёр машинтайгаа хөөгөөд дэрснээс гаргаж байтал Ж.Д мотоцикльтой давхиж ирээд хонио дэрс рүү эргүүлсэн. Тэгээд Ж.Д мотоцикльтойгоо давхиж ирээд мотоциклио данхраадаад буугаад ирсэн. Тэгсэн надтай хамт явсан Э.Г машинаас буугаад тэр хоёр заамдалцаад барилцаад авсан. Тэгээд Э.Г ганц нэг цохиод авах шиг болсон. Би машинд сууж байсан болохоор сайн харагдаагүй. Тэгээд би машинаас бууж очоод тэр хоёрыг боль гээд салгасан. Тэгээд Э.Г Ж.Д-ын мотоциклийг унаад өөрийг нь сундлаад аавынхруугаа явсан. Би араас нь машин унаад Э.Г-ын аавынд очсон...Тэгээд Э.Г манай аав хулгай хийчихээр байна уу гээд Ж.Д-ын нэг цохиод өшиглөсөн. Тэгээд Э ах бид хоёр боль гэж салгаад удалгүй Ж.Д мотоцикльтойгоо явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/
6. Гэрч Б.А-гийн “.... Би 05 сарын 25-ны үдээс хойш эм хониндоо явж байгаад гэрт ирэхэд манай сувай хонийг машинтай хүмүүс хөөж байгаа харагдсан. Тэгээд манай нөхөр хонь руугаа явж байгаа харагдсан. Тэрнээс 1 цаг орчимын дараа манай нөхөр мотоцикльтойгоо урд зүгээс зөөлөн яваад байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь тосоод очиход манай нөхрийн нүүр нь хавдаж цус их гарсан, дээлийнх нь энгэрийг дагаад цус гойжиж байсан. Тэгээд сумын эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
7. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаартай “...Ж.Д-ын биед хацар ясны хугарал, ахар сүүл ясны 2-р нугалмын хугарал, ахар сүүл ясны 1, 2-р нугалмын мултрал, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины цус хуралт, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, хацар, хүзүү, цээж, хэвлий, хонго, гуяны арьсанд цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрхи гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хацар ясны хугарал, ахар сүүл ясны 2-р нугалмын хугарал, ахар сүүл ясны 1, 2-р нугалмын мултрал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины цус хуралт, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-23-р хуудас/
8. Шинжээч эмч М.Б-ийн “...Ж.Д-ын биед хацар ясны хугарал, ахар сүүл ясны нугалмын хугарал, ахар сүүл ясны 1,2-р нугалмын мултрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/
10. Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 44-46/
11. Яллагдагч Э.Г-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-58-65/
12. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч Ж.Д нь 2020 оны 05 сарын 25-ны өдөр бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хацар ясны хугарал, ахар сүүл ясны 2-р нугалмын хугарал, ахар сүүл ясны 1, 2-р нугалмын мултрал, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний ухархайн доод хананы хугарал, хамар ясны хугарал, нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины цус хуралт, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, хацар, хүзүү, цээж, хэвлий, хонго, гуяны арьсанд цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл учирсан болох нь тогтоогдож байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “...хацар ясны хугарал, ахар сүүл ясны 2-р нугалмын хугарал, ахар сүүл ясны 1, 2-р нугалмын мултрал...” гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хүндэвтэр зэрэгт, “...баруун нүдний нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, нүдний эвэрлэгийн цус хуралт, зовхины цус хуралт, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь...” нь тус бүртээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 137 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Хохирогч Ж.Д учирсан дээрхи олон тооны гэмтлийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.Г учруулсан болох нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Г нь хохирогч Ж.Д-т 1.800.000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Гэвч шүүгдэгч нь хохирогчийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарах 3 тооны гэмтэл, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах 6 тооны гэмтэл учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нь гэр бүлийн хамт мал аж, ахуй эрхлэн амьдардаг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч Ж.Д-т хохирол 1.800.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирогч Ж.Д-ын эрүүл мэндэд олон тооны гэмтэл учирсан бөгөөд цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлаа нэхэмжилнэ гэсэн хүсэлтийг шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гаргасан байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овгийн Э-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Э.Г-д 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Д нь өөрийн эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ