Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 365

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 113-1 тоотод оршин суух Харчин овгийн Төмөртогоогийн Сарангэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016  оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1961 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч байна. Би 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан юм. Тэр үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, баярын бичиг зэргийг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Сарангэрэл нь Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл операторчиноор ажиллаж байсан нь үнэн. Иймд Т.Сарангэрэлийг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.Сарангэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Т.Сарангэрэлийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 07  сарын 18-ны өдрийн 370 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Х.Цээсүрэнгийн:“...Бид хамт ажиллаж байсан юм. Т.Сарангэрэл нь 1977 оноос 1985 оны хооронд Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн Тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан. Би тус трестийн Тоосгон заводод гагнуурчинаар ажиллаж байсан ба 1985 онд тоосгон зовад нь хаагдаж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Оюуны: “...Т.Сарангэрэл нь 1977 оноос 1985 оны хооронд Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон зовадод операторчиноор ажиллаж байсан. Би тус зовадод өрлөгчинөөр ажиллаж байсан юм. Т.Сарангэрэл 1985 оны 05 сар хүртэл ажиллаж байгаад Дорноговь аймаг руу шилжсэн...” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Санждоржийн: “...Тоосгон зовад нь анх 1966 оны 05 сард байгуулагдсан юм. Т.Сарангэрэл нь Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн Тоосгон заводод 1977 онд орж, операторчиноор ажиллаж эхэлсэн. 1985 онд ажлаасаа гарч Дорноговь аймаг руу шилжсэн. Би уг заводод мастераар ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 07 сарын 18-ны өдрийн 370 дугаартай “..Төмөртогоо овогтой Сарангэрэлийн 1975 оны 07 сараас 1985 оны 09 сар хүртэл Тоосгон зовадод операторчиноор ажиллаж байсан тухай холбогдох материал нь тус аймгийн архивт байхгүй учир тодорхойлолт гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Нэхэмжлэгч Т.Сарангэрэлд Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн Тоосгон заводоос 1980 онд олгосон “Цалин тооцооны бүртгэл”,

4.Мөн нэхэмжлэгчид 1979 оны 12 сарын 27-нд Дундговь аймгийн Барилгын 6-р трестээс олгосон “Баярын бичиг” зэрэг болно.

Дээрх бичгийн баримтуудаар Т.Сарангэрэлийн 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овгийн Төмөртогоогийн Сарангэрэл /ЕЮ61112800/ нь 1977 оны 09 сарын 01-нээс 1985 оны 05 сарын 01-нийг хүртэл Дундговь аймгийн Барилгын 6-р трестийн харъяа тоосгон заводод операторчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ