| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00371/И |
| Дугаар | 367 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 367
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрлах “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р баг, Хараатын 9-2 тоотод оршин суух Зоригт овогтой Нямд холбогдох 195000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэсэн иргэний хэрэгт гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ий дэд захирал Д.Басбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Ням нь 2015 оны 03 сарын 11-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 240000 төгрөгний үнэтэй ИР10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай, урьчилгаа 20000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр хуваарийн дагуу 20000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Одоогийн байдлаар 130000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд З.Нямаас үлдэгдэл төлбөр 130000 төгрөг, алданги 65000 төгрөг, нийт 195000 төгрөгийг гаргуулан өгч, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: А.Уранчимэг миний бие “Жи-Мобайл” ХХК-ий Дундговь аймаг дахь гэрээт салбарын захирлаар ажилладаг. “Жи-Мобайл” ХХК-аас намайг З.Нямд холбогдох хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон юм. Хариуцагч З.Ням нь манай нэхэмжилсэн 195000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь З.Нямд хариуцуулан 195000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Ням нь нэхэмжлэлийн шаардлага болох 195000 төгрөгийг бүрэн төлсөн байна.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6500 төгрөгөөс 3250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 3250 төгрөгийг, хариуцагчаас 3250 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороонд байрлах “Жи-Мобайл” ХХК-ий нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р баг, Хараатын 9-2 тоотод оршин суух Зоригт овогтой Ням /ЗМ85052706/-д холбогдох 195000 /нэг зуун ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6500 /зургаан мянга таван зуун/ төгрөгөөс 3250 /гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 3250 /гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг, хариуцагчаас 3250 /гурван мянга хоёр зуун тавин/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ