| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0105/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
хохирогч С.А,
шүүгдэгч С.Б
нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт С.Бөд холбогдох эрүүгийн 2007002120107 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа том автомашины жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,
Урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ******* овогт С.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчим ************** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эхнэр С.Атай хардалтын улмаас маргалдан, улмаар боож унагаан нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, мөн зүүн талын гарын бугалга орчим 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдрөөс өмнө эхнэр хоёр хоног гадагшаа гараад гэртээ ирэхгүй байсан тэгээд хэрэг гардаг өдөр хоорондоо үл ойлголцож маргалдсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэв.
Хохирогч С.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр 2 ширхэг пиво хамт уусан ба нөхөр маань архи нээх хэрэглээд байдагүй хүн. Өмнө нь хардах асуудал бол байсан ч гар хүрч зодож байгаагүй. Тэр үед нөхөр маань өөрөө шокын байдалд орчихсон байсан. Ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэв.
Хохирогч С.А хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ буюу ээж, эгч, дүү нартайгаа хамт ******* хороо Тэрэлжид очиж амраад 2020 оны 05 дугаар сарын 03-ны орой ирсэн. Орой ирээд ээжийндээ байж байтал нөхөр С.Б нь намайг эм аваад ирээч гээд дуудахаар нь эмийн сангаас эм аваад гэртээ очсон. Гэртээ 23 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгэхэд С.Б намайг гадуур явлаа энэ тэр гээд хардаж эхэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Намайг гараараа хоолой боож газар унагаад амруу маань жижиг даавуу чихээд нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Мөн зүүн талын гарын бугалга орчим 2-3 удаа гараараа цохьсон. Тэр үед нь би ноцолдож байгаад салаад зугтаагаад гэрээс гарсан. Тэгээд утасгүй байсан тул гадаа явж байсан танихгүй эгчийг та цагдаа дуудаад өгөөч гэж гуйсан. Тэр үед С.Б араас гарч ирээд надтай зууралдаад гэртээ ор гээд байсан. ...Миний зүүн талын нүд, баруун талын нүд хөхөрсөн байсан, зүүн талын мөр орчимд, зүүн далан дээр хөхрөлт үүссэн байсан мөн хоолойд улайлт, зулгаралт үүссэн байсан. Эдгээр гэмтлүүдийг нөхөр С.Б нь учруулсан юм. Гараараа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дугаар хуудас/,
Шүүгдэгч С.Б гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр эхнэр С.А нь ах дүү нартайгаа Тэрэлжид амарна гээд явсан юм. Хоёр хоног ирээгүй байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой гэртээ ирсэн. Тэгээд ирэхээр нь ярилцаж байгаад учраа олоод эхнэр маань хоол хийсэн. Тэр хооронд дэлгүүр явж би пиво авчраад хоёулаа хувааж уусан. Тэгээд ярилцаж байгаад хоорондоо маргалдсан юм. Би зүүн гараараа хацар луу нь хоёр удаа алгадсан, цээж хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Тэгээд орилоод байхаар нь бүс даавуу амруу нь чихсэн юм. Тэгээд ярилцъя гэхэд зугтаагаад гараад явчихсан. Би араас нь гараад учраа ольё гэхэд орилоод байсан. Тэгээд удахгүй цагдаад ирсэн. Тухайн үед ямар ч гэмтэл анзаарагдаагүй. Маргааш нь харахад зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хүзүү нь улайчихсан зулгаралт үүссэн харагдсан юм. Би тухайн үед ноцолдож байхдаа хүзүү болон бусад хэсэгт нь хөхрүүлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар хуудас/,
Гэрч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна. Урьд нь маргалдаж муудалцлаа гэж хэлдэггүй. Тэр өдөр маргалдаад цагдаа дээр ирлээ гэхээр нь уурандаа охиныг маань зодсон гээд өргөдөл бичсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №08/шэ/296 дугаар:
“1. С.Аын биед нүүр, зүүн мөр, зүүн даланд цус хуралт, хүзүүнд зулгаралт, төвөнх, зүүн даланд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 67 дугаар хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 69 дүгээр хуудас/
зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчим ************** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эхнэр С.Атай хардалтын улмаас маргалдан, улмаар боож унагаан нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, мөн зүүн талын гарын бугалга орчим 2-3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдрөөс өмнө эхнэр 2 хоног гадагшаа гараад гэртээ ирэхгүй байсан. Тэгээд хэрэг гардаг өдөр хоорондоо үл ойлголцож маргалдсан. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч С.А хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.Б намайг гадуур явлаа энэ тэр гээд хардаж эхэлсэн. Тэгээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Намайг гараараа хоолой боож газар унагаад амруу маань жижиг даавуу чихээд нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Мөн зүүн талын гарын бугалга орчим 2-3 удаа гараараа цохьсон. ...Миний зүүн талын нүд, баруун талын нүд хөхөрсөн байсан, зүүн талын мөр орчимд, зүүн далан дээр хөхрөлт үүссэн байсан мөн хоолойд улайлт, зулгаралт үүссэн байсан. Эдгээр гэмтлүүдийг нөхөр С.Б нь учруулсан юм. Гараараа цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дугаар хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед би яагаад маргалдсан талаар мэдэхгүй байна. Урьд нь маргалдаж муудалцлаа гэж хэлдэггүй. Тэр өдөр маргалдаад цагдаа дээр ирлээ гэхээр нь, уурандаа охиныг маань зодсон гээд өргөдөл бичсэн юм” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн №08/шэ/296 дугаар дүгнэлт зэрэг болно.
Шүүгдэгч С.Бөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч С.Бөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, эхнэр С.Атай хардалтын улмаас маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх ба хавтаст хэрэгт С.А “Миний бие С.Бтэй хохирлын талаар маргаангүй, сайн дураар эвлэрч хамт амьдарч байгаа. Хохирлын талаар ямар нэгэн маргаангүй.” гэх хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт С.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бөд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бөд нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ