| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0115/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
хохирогч Ч.Б,
шүүгдэгч А.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт А.Ёт холбогдох эрүүгийн 2007002170112 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр З******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт *******,*******,******* тоотод оршин суух,
Урьд Завхан аймгийн сум дундын шүүхийн 1990 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1991 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Завхан аймгийн сум дундын шүүхийн 2002 оны******* дугаар сарын 04-ний өдрийн*******2 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
******* овогт А.Ё /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч А.Ё нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр **************ны гадна Ч.Бийг хөлөөрөө нурууны ахар сүүлний дээд хэсэгт 1 удаа дэвсэж, зүүн нүдрүү 1 удаа, зүүн шанааруу 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ё шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний найз Ганбаатар төрсөн өдрөө тэмдэглэж, 2 шил архи хувааж уусан. Маргааш нь буюу 05 дугаар сарын 04-ний өдөр найз маань хотруу явах гээд гаргаж өгч байна гээд дахиад 1 шил архи уусан. Нэлээн халамцуу харих гээд явж байхад “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны ажилчид*******ны урд талд гагнуур хийж байсан. , үйлчлэгч Цэвэлмаа нар ажлаа хийж байсан. Харин Ч.Б ажлаа хийхгүй ганцаараа хэвтэж байсан. Би нэгдүгээрт архи уусан, хоёрдугаарт “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлд байдаг болохоор “чи яагаад ажлаа хийхгүй байна вэ” гэж хэлэхэд Ч.Б “чамд хамаагүй амарч байна” гэж хэлсэн. Би архи уусан байсан. Ч.Бийн биед хүрсэн нь миний буруу, буруугаа хүлээж байна” гэв.
Хохирогч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би “Сууц өмчлөгчдийн холбоо”-нд ажилладаггүй, тэтгэвэрт байдаг хүн. “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны дарга ******* “хайс хийх гэсэн юм, гагнуур хийхэд туслаад өгөөч” гэж хэлсэн. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед ******* дарга хоол цай авчирсан. Би цай уучихаад гуайд нуруу өвдөөд байна гэж хэлээд, нуруугаа амраах гээд хайсан дотор доошоо хараад хэвтэж байсан. Би 78-79 дүгээр байрны “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлд А.Ё гуайг ажилладаг эсэхийг мэдэхгүй байна. А.Ё гуайг согтуу ирэхэд би “цайгаа уучихаад хэдэн минут амарч байна гэж” хэлсэн. Тэгсэн чинь А.Ё гуай ирээд “чи ажлаа хийсэнгүй” гээд миний нуруун дээр дэвссэн. ******* дарга гарч ирээд болиочээ гэж хэлсэн. Би босоод ажлаа хийх гээд явсан. , гагнуур хийж байсан залуу бид гурав ажлаа хийж байсан. Тэр үед А.Ё гуай тэр хавиар эргэлдээд яваад л байсан. Цуг гагнуур хийж байсан залуу би жаахан хийж байя гэхээр нь би саданд амраад сууж байхад А.Ё гуай ирээд юм яриад л байсан, би ойлгоогүй миний өмсөж байсан хүрэмнээс татахад хүрэм урагдсан би “та яаж байгаа юм бэ” гээд түлхэхэд, намайг түлхэж унагаагаад дээрээс ирж цохиж балбасан. Би босоод гуайд “харьлаа ******* даргад хэлээрэй” гэж хэлчихээд харихаар явсан. А.Ё гуай би чамайг алаад өгье гээд тэр хавиар яваад байсан” гэв.
Шүүгдэгч А.Ё гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би *******нд амьдардаг юм. 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр 79 дүгээр байранд Ганбаатар гэж найзтайгаа 0.5 граммын 2 шил архи хоёулаа хувааж уусан архиа ууж дуусчихаад тэднийхээс ганцаараа гараад гэр рүүгээ харихаар явж байхад “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны ажилчид*******ны урд талд гагнуур хийж байсан. Би өөрөө “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны удирдах зөвлөлд байдаг болохоороо Ч.Б гэгч гагнуураа хийхгүй хайсны гадаа газар сууж байхыг хараад очоод бос чи ажлаа хий гэхэд босож очоод холдоод хүнгүй газар хэвтээд өгсөн тэгэхлээр нь би архиныхаа халуунд эхлээд нэг цохисноо мэдэж байна. Тэгээд нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би шууд гэр рүүгээ яваад өгсөн. Маргааш өглөө нь босоод уучлалт гуйх гээд хайгаад олоогүй юм. Тэгээд хайгаад явж байтал эхнэр нь таарахаар нь цаадах чинь хаана байна гэж асуусан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн*******-13 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны дарга ******* нь 78, 79 дүгээр байрнуудын дунд хүүхдийн тоглоомын сааданд хайс барих тул намайг тэнд гагнуур хийж өгөөч гэсэн. 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгаад******* цагийн үед цай уучихаад 5 минут нуруугаа амраая гээд “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны хашааны саадан дотор доошоо хараад хэвтэж байтал, нэг танихгүй согтуу хүн ирээд “Хөөе чи муу ажлаа яагаад хийдэггүй юм, юу хийж байгаа новш вэ” гэхээр нь би “амраад хэвтэж байна” гэхэд “ажилгүй муу новш” гэж хэлээд хөлөөрөө нурууны ахар сүүлнээс жоохон дээр хэсэгт нэг удаа дэвссэн. Тэгэхлээр нь босоод “яаж байгаа юм бэ та” гэж хэлчихээд хашлага хийж байсан газар руугаа явсан. Тэнд очоод хайсаа гагнаад сууж байтал 15 цагийн үед нөгөө согтуу ах ирчихээд хэл амаар доромжлоод “Гуйлгачин минь та нар шиг муу сайн гуйлгачингууд ажлаа хий, би та нар шиг хүн биш” гэх зэргээр хэрүүл өдөөд байхаар нь “та согтуу байна цаашаа яв эсвэл гэртээ харьж амар” гэж олон удаа хэлсэн. Тэгтэл миний күртикнээс татаад чи ажлаа хийгээч гэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэхэд зүүн нүд рүү нэг удаа цохисон, зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан. Цохихын өмнө намайг күртикнээс татаад боль гэхэд түлхсэн тэр үед би хайс дамнаад унасан, зүүн гуянд болон шилбэнд зулгаралт үүссэн байсан. Би зугтаагаад гэр рүүгээ орсон. Тэр үед согтуу ах “чамайг ална” гээд намайг хөөгөөд байсан юм. Маргааш нь дахиад ажлаа хийх гээд иртэл нөгөө согтуу хүн дахиад хайгаад явж байна гэсэн тэр үед цагдаа ирсэн юм. Манай эхнэр цагдаа дуудсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 78, 79 дүгээр байрны голд садны хайс гагнаад байж байтал А.Ё согтуу ирчихээд байхаар нь “согтуу байна яв” гэж хэлээд үргэжлүүлээд ажлаа хийж байгаад нэг хартал хамт ажиллаж байсан Ч.Бийг газар унагаачихсан сууж байхаар нь очоод боль гээд салгасан. Тэгээд намайг нэг харахад доороо хийчихсэн цохиж байсан. Нүүр рүү нь цохьсон байх, очиж салгаад Баттмөр гуйаг харь гээд явуулсан, А.Ёыг мөн адил явуулаад салсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Л.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Цэнгэг хотхоны “Сууц өмчлөгчдийн холбоо”-ны дарга хийдэг. 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн орчим ажилчиддаа бууз жигнэж байтал А.Ё гуай орж ирэхээр нь бид нар хоол идэж, цайлах гэж байна “та харьж амар” гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Ч.Б хоолоо идчихээд гадаа гараад сааданд суугаад нуруугаа амраагаад хэвтэж байтал, гэнэт нуруун дээр нь А.Ё хөлөөрөө дэвссэн юм гэсэн, би яг хөлөөрөө дэвсэж байхыг нь хараагүй. Тэгээд гараад юу болж байна гээд А.Ёыг харь гэж хэлээд явуулчихаад, Ч.Бөөс нуруу чинь яаж байна гэхэд нэг л эвгүй болчихлоо гэхээр нь чи харь яв гэж хэлсэн. Тэгтэл ажлаа дуусаагүй байсан тул гүйцээчихээд явъя гэж хэлээд 79 дүгээр байрны саадыг үргэлжлүүлэн гагнахаар явсан. Тэр үед А.Ё бас ирчихсэн тэнд өдөөд хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ орчихсон. Түүнээс хойш зодоон болсон гэсэн би хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой манай нөхөр байрны гадаа хашлага янзалж байгаад гэртээ орж ирэхдээ үл таних хүнд зодуулчихлаа толгой, нуруу өвдөөд байна гэж орж ирсэн. Тэгээд би зүрхний эм өгөөд унтуулсан. Маргааш өглөө буюу 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би манай нөхрийг зодсон гэх хүнийг олж уулзах гээд байрны гадаа явж байхад манай нөхрийг зодсон гэх хүн нь дэлгүүрээс архи аваад согтуу явж байхад нь уулзаад “чи яагаад манай нөхрийг зодсон юм бэ” гэж асуухад би зодоогүй гээд байсан. Тэгээд тэр хүн гадаа ажил хийж байсан хүмүүсийн хажуугаар явахдаа нөгөө жижигхэн бацаан хаана байна гээд манай нөхрийг хайгаад байсан. Тэгэхлээр нь би цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын*******-ны өдрийн шинжээчийн №305 дугаар:
“1. Ч.Бийн биед сээрний 9, 10 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээжинд цус хуралт, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт, нуруу, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх сээрний 9, 10 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, цээжинд цус хуралт, нуруу, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн гуя, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-29/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Ё нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр **************ны гадна Ч.Бийг хөлөөрөө нурууны ахар сүүлний дээд хэсэгт 1 удаа дэвсэж, зүүн нүдрүү 1 удаа, зүүн шанааруу 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч А.Ё нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.Бийн биед хүрсэн нь миний буруу, буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Ё гуай ирээд “чи ажлаа хийсэнгүй” гээд миний нуруун дээр дэвссэн. ...Миний хүрэмнээс татаад чи ажлаа хийгээч гэхээр нь “та яагаад байгаа юм бэ” гэхэд зүүн нүд рүү нэг удаа цохисон, зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод авсан, цохихын өмнө миний хүрэмнээс татаад боль гэхэд түлхсэн тэр үед би хайс дамнаад унасан, зүүн гуянд болон шилбэнд зулгаралт үүссэн байсан” гэх мэдүүлэг,
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ч.Бийг газар унагаачихсан сууж байхаар нь очоод боль гээд салгасан. Тэгээд намайг нэг харахад доороо хийчихсэн цохиж байсан. Нүүр рүү нь цохисон байх, очиж салгаад Ч.Б гуайг харь гээд явуулсан, А.Ёыг мөн адил явуулаад салсан юм” гэх мэдүүлэг,
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Өчигдөр буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний орой манай нөхөр байрны гадаа хашлага янзалж байгаад гэртээ орж ирэхдээ үл таних хүнд зодуулчихлаа толгой, нуруу өвдөөд байна гэж орж ирсэн. Тэгээд би зүрхний эм өгөөд унтуулсан” гэх мэдүүлэг,
Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Гэнэт манай ажилтан “Ч.Бийн нуруун дээр А.Ё хөлөөрөө дэвссэн юм” гэсэн би яг хөлөөрөө дэвсэж байхыг нь хараагүй. Тэгээд гараад “юу болж байна” гээд А.Ё “чи харь” гэж хэлээд явуулчихаад, Ч.Бөөс “нуруу чинь яаж байна гэхэд нэг л эвгүй болчихлоо” гэхээр нь “чи харь яв” гэж хэлсэн. Тэгтэл ажлаа дуусаагүй байсан тул гүйцээчихээд явъя гэж хэлээд 79 дүгээр байрны садыг үргэжлүүлэн гагнахаар явсан. Тэр үед А.Ё бас ирчихсэн тэнд өдөөд хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ орчихсон. Түүнээс хойш зодоон болсон гэсэн би хараагүй.” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын*******-ны өдрийн шинжээчийн 305 дугаар дүгнэлт зэрэг болно.
Шүүгдэгч А.Ёт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч А.Ё иргэн Ч.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч А.Ёт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, түүний нас, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байдал зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрт 1.773.500 төгрөг нэхэмжилсэн боловч 693.861 төгрөгийн хохирлын талаарх баримтыг гаргаж ирүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч Ч.Б нь “баримтаар нотлогдсон 694.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” хэмээсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ёт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт А.Ёыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ёт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ёт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Ё нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ёт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ